Дэлхийн байгаль хамгаалах сан (WWF)-гийн Монгол дахь хөтөлбөрийн газар нэн ховор цоохор ирвэсийг хамгаалах төслөө энэ оны тавдугаар сарын 01-нд албан ёсоор эхлүүллээ. Тодруулбал, Говь-Алтай аймгийн нутагт орших Хасагт хайрхан, Дарвийн нуруу, Баян-Өлгий аймгийн Сайр хайрхан, Хатуугийн нуруу, Увс аймгийн Түргэн, Цагааншувуут ууланд цоохор ирвэс, түүний идэш бологч амьтан, амьдрах орчныг хамгаалах таван жилийн хугацаатай төсөл хэрэгжүүлэх юм. Тус төслийг өмнө нь Монгол орны баруун хэсэгт буюу зөвхөн Алтай Соёны бүс нутагт орон нутгийн иргэдэд түшиглэсэн байгаль хамгаалах хөтөлбөрөөр хэрэгжүүлдэг байсан аж.
Төслийн явцад цоохор ирвэс, түүний идэш бологч зүйлийн хамгаалал, амьдрах орчны хамгаалал, бэлчээрийн зохистой ашиглалт, хуулийн хэрэгжилт, хөдөөгийн хөгжилтэй холбоотой олон асуудлыг шийдвэрлэхэд анхаарч ажиллах юм. Дашрамд сонирхуулахад, эдүгээ Монголд 800-1000 цоохор ирвэс байдаг бөгөөд энэ нь дэлхийн нийт популяцын 20 хувь нь юм. Үүний 500-700 нь Алтай Соёны бүс нутагт амьдардаг ажээ.