Categories
мэдээ цаг-үе

“Мягмарсүрэн гэдэг дуучин шинэчлэгдээд шинэ юм сурч ирээд олон түмэндээ хүргэх гэж байна”

СТА, Дуучин Б.Мягмарсүрэн өнгөрсөн оны зургадугаар сард Монголд ирж нөхрийнхөө 65 жилийн ойн дурсгалын тоглолтыг хийсэн билээ. Түүний хань нь Монголын дууны шүлгийн нэрт мастер, Соёлын гавьяат зүтгэлтэн Загдын Түмэнжаргал агсан гэдгийг хүмүүс мэдэх байх аа. Харин энэ сарын 30нд “Франц Италийн романтик бүсгүйчүүд” хэмээх тоглолтоо Францын дуучинтай хамтран хийх гэж байгаа талаар мэдээлэл хийлээ. Энэ үеэр Соёлын тэргүүний ажилтан, дуучин Б.Мягмарсүрэнтэй ярилцлаа.


-Та тоглолтоо Францын мэргэжлийн дуурийн дуучинтай хамтарч тоглох гэж байна. Тоглолтын онцлог тал нь юу вэ?

-“Франц Италийн романтик бүсгүйчүүд” тоглолт маань есдүгээр сарын 30-нд 19 цагаас ганцхан удаа Дуурь бүжгийн эрдмийн театрт тоглогдоно. Энэ тоглолт маань хоёр хэсэгтэй. Нэгдүгээр хэсэгт нь дандаа Францын алдартай хөгжмийн зохиолчдын бүтээлүүдээс, Хоёрдугаар хэсэг нь Италийн хөгжмийн зохиолчдын бүтээлүүдээс бүрдсэн. Түүнчлэн бид гоцлол аринууд дуулна мөн алдартай хоршилууд дуулна. Тоглолтод маань ДБЭТ-ын оркестр бүрэн бүрэлдэхүүнээрээ мөн найрал дуучид оролцоно. Удирдаач УГЗ Н.Туулайхүү маэстро удирдаж байгаа.

-Дуурийн дууг хэзээнээс эхэлж дуулсан бэ?

-1997 онд МУГБ Дашиймаа багшийн удирдлаган дор Соёл Урлагийн Их Сургуулийг Дуурийн дуулаач мэргэжлээр төгссөн. Харамсалтай нь энэ мэргэжлээрээ тасралтгүй явж чадаагүй. Харин 2014 оноос “Парисийн олон улсын хөгжмийн дээд сургууль”-д элсэн орсон. Монголчууддаа нэг шипи хэлэхэд энэ сургууль нас харгалздаггүй. Дэлхий дээр олон олон консерваториуд насны хязгаарлалттай элсэлт авдаг шүү дээ. Тэгээд энэ сургуульд ороод Лириса Тосканелли хэмээх багшид шавь орлоо. Одоо энэ багштайгаа хамтраад тоглолт хийх гэж байна.

-Хэзээнээс хамтарч дуурийн тоглолт хийх болов?

-СУИС-д сурч байхдаа Солонго нэртэй тоглолт, мөн Арие Античе гээд Монтевердийн үеийн аригаар тоглолтууд хийж байлаа. Харин Парист нэгэн өдөр би багшдаа санал тавьсан юм. Яагаад санал тавьсан гэхээр хоолой маань сайхан дуугараад ч байгаа юм шиг, би сайхан дуулаад ч байгаа юм шиг мэдрэмж төрдөг юм байна лээ. Яг тэр үедээ хамтарч тоглолт хийе гэж багшдаа хэлж байсан юм. Багш маань зөвшөөрч “Би чамд программ аваад ирнэ л гэсэн” аваад ирэхээр нь харсан ухаан алдаж унамаар том программ. Би тэрийг нь хараад “Би чинь одоо юу гээд ч санал тавьчихав даа, яана даа” гэж хүртэл бодсон шүү. Энэ үедээ ёстой нөгөө монгол хүнийхээ хичээнгүй зүтгэлтэй зангаар зүтгээд сурсан даа. Бид тэнд гурван сар болгон академик дуулалт өгдөг. Тэр дуулалт дээр нэг нэгээрээ аригаа шалгуулаад л байсан. Дараа нь дуэт хоршлуудаа хүртэл өөр оюутнуудтай хийж явсаар, бэлтгэл сайжирсаар өнөөдрийн энэ тоглолт бэлэн болсон гэж ойлгож болно. Бид 2016 оноос эхлэн Парис болон дагуул хотуудаар тоглолт хийж эхэлсэн. Олон гоё тоглолт, хүлээн авалтууд дээр урилгаар очиж дуулдаг.

-Та Францад хүүхдүүдэд Монгол соёл иргэншлийн дугуйланд багшлангаа дуулж байгаа гэсэн үү?

-Яг одоогоор Франц улсад, хүүхдүүдэд Монгол соёлыг танин мэдүүлэх хичээл (дугуйланд) зааж байгаа. Нэг үгээр хэлбэл дугуйлангийн багш хийж байгаа гэсэн үг. Тэгээд л хажуугаар нь дуулна даа.

Хаанаас ямар хүсэлт ирнэ, тэр дагуу дуугаа дуулдаг. Ардын дуу сонсмоор байна, ардын дуугаа дуулаач гэвэл ардын дуугаа дуулчихдаг. Поп дуу монголчууддаа зориулаад баяр ёслол дээр дуулчихна. За тэгээд найран дээр дуулаад өгөөч гэвэл уртын дуугаа бас жаахан дуулчихна. Дуурийн дуу дуулуулах санал ирвэл дууриа дуулна. Би “Ave maria” –аар том тоглолт хүртэл хийж байсан. Ave maria хүний хоолойг үнэхээрийн гоё болгодог.

-Та их гүйцэтгэл сайтай ажилладаг нь харагдаж байна. Энэ их ажлыг ганцаараа яаж амжуулж байна вэ. Өнгөрсөн онд Монголд ирээд тоглолт хийгээд буцсан. Одоо дахиад тоглолт хийх гэж байна?

-Тэгээд амжуулаад л байна даа. Би Монголдоо наймдугаар сарын арвантаванд ирсэн. Ирчихээд юунаас эхлэхээ мэдэхгүй байлаа. Олон сайхан тоглолтуудыг хийж байсан болохоор хамгийн түрүүнд хүмүүст хүргэх реклам сурталчилгаагаа хийнэ гээд Түмээ бид хоёртой олон жил хамтарч ажиллаж байсан Тэмүүжиндээ хандсан. Тэмүүжин сурталчилгааг маань сайхан хийж өгсөн. Ажил ар араасаа сайхан л явсан. Хамгийн гол нь Францын мэргэжлийн дуурийн дуулаачтай хамтран түгээх гэж байгаа тоглолт маань өөрөө их сайхан энергитэй, гэгээлэг зүйл. Хүмүүст гоо зүйн асар их таашаал өгнө. Түүнээс гадна Б.Мягмарсүрэн гэдэг дуучин чинь өөрөө шинэчлэгдээд, шинэ юм сурч ирээд Монголынхоо олон түмэнд хүргэж, үзүүлэх гэж байна шүү дээ. Дараа нь ивээн тэтгэгчид хайсан. Ивээн тэтгэгчид байгуулагууд их сайхан хүлээж авсан л даа. Нээрэн олон жил дуулаагүй шүү дээ. Монголд ирээд сайхан тоглолт хийх гэж байна, өөрчлөлт хийж байна, хамгийн гол нь шинэ юмтай ирж байгаа чинь өөрийн эрхгүй ивээн тэтгэх хүсэл төрүүлж байна гэж хэлээд сайхан хүлээж авсан. Мөн Франц улсаас Монгол Улсад суугаа элчин сайдын яам болон БСШУСЯ дэмжлэг үзүүлж байна, МИАТ-ийнхэн ивээн тэтгэж байна. Надтай хамт ирсэн Францын мэргэжлийн дуучин их баяртай байгаа. Бидний байрлах “Хөвсгөл лаке” зочид буудал их тухтай юм, Хайнаг гээд сайхан зоогийн газартай. Ахлах тогооч нь өөрөө гарч ирээд францаар, анлиар хоолоо тайлбарлаад яриад л их гоё байна. Манай Монголын залуучууд ямар мундаг юм бэ, манай улс маань хөгжиж байна. Урлагийг хүндэтгэж дуучдаа хайрлаж байгаагийн нэг илрэл. Том тоглолтын өмнө амрааж байнаа гэж Хөвсгөл лаке буудлынхандаа баярлаж байна даа.Бидэнд ингэж их анхаарал хандуулж байгаад туйлын их баяртай байна. Урьд шөнө унтаж үзээгүйгээрээ сайхан унтаж амарлаа шүү дээ.

-Таны хань “Хүүхэд насаа хайрлаж явъя”, “Могжоохон даагатай жогжоохон хүү би” зэрэг хүүхдийн бүх л шилдэг дуунууд, мөн “Монголын тал нутаг”, “Дууны хорвоо” гээд хит дуунуудыг бичсэн нэртэй яруу найрагч, соёлын гавьяат зүтгэлтэн байсан. Та сайхан ханийнхаа тухай дурсахгүй юу?

-Миний нөхөр хичнээн сайхан уран бүтээлч, ард түмний хайртай хүү байлаа. Тэгсэн, хүний газар яасан нь мэдэгдэхгүй ийм зүйл болсонд миний хувьд яахаа мэдэхгүй, хүнд цохилтонд орчихсон. Тэр үед тэнд болж байгаа бүх зүйл юу ч болоод байгаа юм бүү мэд. Би юу ч анзаарахаа байсан. Учиргүй их уйлж, тэгж их шаналах хэцүү юм билээ. Ийм хэцүү зүйл болсны дараагаар Парисын Олон Улсын Хөгжмийн Дээд сургуульд ороод энэ багштайгаа таарсан даа. Энэ сургуульд орохоосоо өмнө би дандаа авч явдаг Түмээгийнхээ “Гурвалжин аялгуу” номноос асуусан л даа. Зардал өндөр сурах уу яах вэ гэж. “Сонсдог чих хөгширдөг Сонгодог хөгжим хөгширдөггүй ээ…”гээд гараад ирсэн. Ингээд л сурсан .

-Уучлаарай, та яаж асуусан юм бэ?

-Тэр их амархан. Хуудаснууд руу нь үлээж байгаад л асуучихдаг. Би энэ номтой нь үргэлж хамт явдаг байхгүй юу. Энэ номноосоо чухал шийдвэр гаргах бүрдээ асуулт асуудаг.

-Энэ тоглолт тань бас ханьдаа зориулсан тоглолт юм байна?

-Тэгэлгүй яахав. Би түүнтэйгээ одоо ч гэсэн харьцсаар байдаг. Энэ тоглолтоороо дамжуулж өөрийнхөө сэтгэлийн дуулалыг түүндээ зориулж байгаа юм. Сая ирчихээд ажил бүтнэ бүтэхгүй гээд яана даа гэж бодож байлаа.Гав ганцаараа энэ бүгдийг хийж чадах уу гээд л. Тэгээд бас л асуусан. Бас ч нөхрийнхөө 65 насны ойг сайхан хийчихсэн. Одоо энэ тоглолтыг сайхан хийхгүй бол гээд л миний ард бөөн хариуцлага ирээд байна (инээв). Тэгээд дахиад л номноосоо асуусан. Түмээ, би эх орондоо ирчихсэн тоглолтоо хийх гэж байна. Би одоо яах бол. Тоглолт маань сайхан болох болов уу гээд л асуусан. Тэгсэн чинь юу гэсэн гээч “Өргөстэй ч гэсэн өөрийн чинь унасан газар аа, өөр жалганд төрсөн бол чи хэн ч байх юм билээ” гэж хариулсан. Аймаар байгаа биз дээ. Би нөхрийнхөө “Гурвалжин аялгуу” номоор дандаа мэргэлдэг юм. Мэргэлсэн зүйлийнхээ зургийг нь утсан дээрээ дарж авчихаад түүнийгээ байн байн харж энерги авдаг юм.

Би сэтгэлийн дуудлагаараа энэ тоглолтоо хийж байгаа. Энэ сарын 30-нд түмэн олондоо тоглолтоо үзүүлнэ гэхээс сэтгэл догдолж байна. Би өөрийн хүч чадлаар францаас мэргэжлийн дуучин авчраад тоглолт хийх гэж байна шүү дээ. Та бүхэн минь ирж үзээрэй, сайхан энерги аваарай гэж уриалмаар байна. Өөрсдийгөө хөгширчихлөө, нас явчихлаа, болохгүй байна, бүтэхгүй байна гэж битгий хойш тавь. Амьдралд сурах, мэдэх зүйл их байдаг юм байна лээ. Сурч мэдсэнээ эргээд хүмүүст түгээж, гэрэл гэгээ цацруулж байгаарай л гэж хэлмээр байна. Энэ бол миний нөхрийн амьдралдаа барьж байсан зарчим нь. Үүнийгээ ч надад үлдээсэн.

-Та хүүхдүүдийнхээ талаар ярихгүй юу?

-Миний хүүхдүүд их хөөрхөн. Заримдаа бэлтгэл хийх газар олддоггүй. Монгол Улсынхаа элчин сайдын яаман дээр очиж гуйж бэлтгэл хийдэг. Заримдаа гэртээ бэлдэнэ. Гэртээ бэлдэхэд манай хоёр хүүхэд дагаад л дуулчихдаг юм. Одоо тэг, үүн дээр ингэ гээд л. Тэр битгий хэл хоёдугаар октавын Си гэдэг нотыг би авч чадахгүй байхад миний хүү авдаг байхгүй юу. Энэ юу хэлж байна гэхээр “Миний хүүхдүүд бага ч болов авьяастай, аавынх нь зааж зөвлөсөн бүхэн нь сэтгэл зүрхэнд нь байж байдаг. Тэр минь ээжийгээ хайрлаарай” л гэж хэлдэг байсан. Ээждээ их хайртай миний хүүхдүүд. Намайг их дэмждэг. Ээжээ та чадна шүү гээд л. Миний өдий зэрэгтэй явж байгаа нь хүүхдүүдийн минь ач түлхэц дэм байлгүй л яахав дээ.

-Монголдоо ирж амьдрах бодол байгаа биз дээ?

-Тэгэлгүй яахав. Хүүхдүүд маань нэг үеэ бодвол гайгүй том болчихлоо. Нэг нь коллежид, нэг нь лицэйд сурч байна. Энэ хоёр маань Их, дээд сургуулийн бараа харчихвал гайгүй болчих байх гэж харж байна даа. Миний сэтгэл бол дандаа та нартайгаа, монголчуудтайгаа хамт байдаг. Би жил болгон л Монгол руу ирэхийг хүсдэг. Гэхдээ амьдрал бас санаснаар байхгүй юм даа. Саяхан нэг сард аавыгаа алдлаа. Хэдий тийм ч би ямар аавын охин, ямар ханийн гэргий билээ гэж бодоод ажлаа үргэлжлүүлээд л явдаг. Цаашдаа өөр олон гоё гоё ажлуудыг хийнэ гэж бодож байгаа шүү.

Б.ОЮУНЖАРГАЛ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *