Говь-Алтай аймгийн Тонхил сумын уулын спортын ууган мастер Я.Жанцангийн нэрэмжит “Сутайн Бор” клубын уулын спортын мастер О.Сайханжаргал, Н.Хэрлэн нарыг МЗХ-ны удирдлагууд хүлээн авч уулзан, баяр хүргэж “Эр зоригийн алдар” медалиар шагнажээ.
Энэ үеэр МЗХ-ны ерөнхий нарийн бичгийн дарга Б.Бэлгүтэй тамирчдад хандаж залуучуудын холбооны шагнал нь залуу хүн бүрийг улам хичээж, цаашдын ажил үйлсэд нь амжилт хүсэж урамшуулан олгодог шагнал гэдгийг онцлон хэллээ.
Н.Хэрлэнгийн хувьд мөсөнд авиралтын Ази тивийн аваргын мөнгөн медаль, Эрхүү хотод зохион байгуулсан Мөсөнд авиралтын Олон улсын тэмцээний хурдны төрөлд алтан медаль, 2016, 2017 оны Мөсөнд авиралтын улсын аварга, 2014, 2015 оны спорт авиралтын мөнгө, хүрэл медальтай.
О.Сайханжаргал Спорт авиралтын хотын аварга- 1 алт, 3 мөнгө, 4 хүрэл медаль, Спорт авиралтын олон улсын тэмцээнд 4 хүрэл, 7 мөнгө, 1 алт, мөсөнд авиралтаар 1 алт, 2 мөнгөн медаль тус тус гардан авсан амжилтаараа тэргүүлжээ.
Дашрамд сонирхуулахад, Мөсөнд авирах анхны тэмцээн 1912 онд Италийн Курмайорд Бренвагийн мөсөн гол дээр анх зохион байгуулж байв. Харин манайд Монгол Улсын гавьяат тамирчин, ОУХМ Г.Өсөхбаяр анх тус тэмцээнийг санаачилж “Mongolia expedition”-тэй хамтран 2011 онд Орхоны Улаан цутгалан хүрхрээнд зохион байгуулсан түүхтэй.
Мөсөнд авиралтын тэмцээн нь ур чадвар, хурд, тэвчээр хатуужлын шалгуур бөгөөд харилцан бие биеэ хүндэтгэх, тамирчдын нөхөрлөлийн бэлгэ тэмдэг болдог. Мөсөнд авиралтын тэмцээн нь 2022 онд Бээжинд болох Өвлийн олимпийн тоглолтын төрөлд албан ёсоор орсон.