Монголын циркчид мөсөн талбайн анхны бүрэн хэмжээний “Сүүлт одны нууц” циркийн тоглолтыг Эх үрсийн баяраар толилууллаа. Дэлхийд АНУ, ОХУ, Канад гэсэн гуравхан улс мөсөн циркийг хөгжүүлсэн түүхтэй байсан бол эдүгээ мөсөн цирктэй дөрөв дэх улс нь Монгол болж байгааг энэ тоглолтоор зарлалаа.
“Степпе Арена”, “МАК” зэрэг үндэсний томоохон компаниуд нэгдэж Монголын мөсөн спортын түүхэнд өнгө нэмсэн Мөсөн өргөөг ашиглалтад оруулаад хагас жил гаруйн нүүрийг үзэж буй юм. Хоккей, уран гулгалт, шорт трек зэрэг мөсөн спортын төрлүүдээр монгол тамирчид анх удаа эх орондоо олон улсын стандартад нийцсэн мөсөн талбайд бэлтгэл сургуулилт хийж, тэмцээн уралдаанд оролцож эхлээд удаагүй байгаа.
Тэгвэл энэ удаа циркийн жүжигчид цоо шинэ талбар болох мөсөн талбай дээрх үзүүлбэрүүдээ үзэгчдэдээ толилуулах боломжтой болжээ. Монголын анхны мөсөн циркийн тоглолтыг нээж Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Я.Содбаатар “Урлаг, спорт, гоо зүйн шинэ дэвжээг бүтээж байгаа “Мөсөн цирк” тоглох мөрөөдлийг биелүүлсэн “Мөсөн өргөө”-г цогцлоогч “Степпе Арена”-гийн хамт олонд давхар талархал илэрхийлж, нийт хүүхдүүдийнхээ нэрийн өмнөөс болон хувиасаа ажлын өндөр амжилт хүсье. Мөсөн цирк манай улсад анх зохион байгуулагдаж байгаа гэдэг утгаараа манай урлаг, спортын хувьд түүхэн үйл явдал болж байна. Мөрөөдөл бол хязгааргүй, бас гэгээлэг. Хэн мөрөөдлийнхөө төлөө хичээн хөдөлмөрлөж, өөрийгөө дайчилж чадна, тэр хүн мөрөөдлөө биелүүлдэг. Манай циркчдийн хувьд мөсөн цирк тоглоно гэдэг ч бас мөрөөдөл байсан гэдэгт эргэлзэхгүй байна. Мөсөн дээр цирк тоглоно гэдэг циркчдээс маань нөр их хөдөлмөр, хичээнгүй зүтгэл, төвлөрөл, ур чадвар шаардсан, амаргүй ажил байсан нь тодорхой. Энэ мөсөн дэвжээнээс, энэ мөсөн театраас, энэ мөсөн циркээс Монголын маргаашийг дэлхийд таниулах, эх орныхоо суу алдрыг ертөнцөд дуурсгах, дэлхийн дэвжээнд өрсөлдөх их мастерууд төрөн гарна гэдэгт бид итгэж байна” гэв.
Тоглолтод 13-аас дээш насны 70 орчим жүжигчид 11 төрлийн үзүүлбэрээр хүүхэд багачуудын нүдийг баясгаж, сэтгэлийг хөөргөсөн билээ. Уран нугаралт, акробат, жонглёрчид, трюк мөсөн дээр амилах гайхалтай хийгээд сүрдмээр, жүжигчдийн өмнөөс ч эмээмээр. Жүжигчдийн олонх нь циркийн сургуулийн сурагчид. Тэд богино хугацаанд чадамгай суралцаж, үзүүлбэрүүдээ мэргэжлийн хэмжээнд толилуулсныг ахмад циркчдээс эхлээд ам сайтай байсан юм.
Найруулагч Ю.Гэрэлбаатар энэ тухай онцлохдоо “Яалт ч үгүй бид түүхийн хуудсын нэгэн гэрч болж байна. Мөсөн талбай гэдэг циркчдийн хувьд гайхамшиг байдгийг өнгөрсөн хугацаанд мэдэрлээ. Мөсөн дээрх тоглолтын бэлтгэл удаан хугацаа шаарддаг. Гэтэл бид гурван сарын хугацаанд программаа гаргаж чадлаа. Бэлтгэлийн үеэр манайд “Walt Disney”-гийн дэд ерөнхийлөгч зочилсон. Тэдний мөсөн циркэд нэг программ 30-40 сая ам.долларын өртөгтэй босдог юм байна. Харин манайд бол 20 мянган ам.доллараар босч байна гэхэд тэрээр үнэхээр гайхсан. Хамгийн гол нь ийм богино хугацаанд бүрэн хэмжээний тоглолт тавьж байгаад бүр ч их цочирдсон шүү/инээв/. Манай циркчдэд маш их боломж бий. Жилийн дараа гэхэд бид мөсөн цирк хөгжсөн улсуудыг хол хаях амбицтай байна” хэмээв.
Үнэхээр ч анхны мөсөн циркийн тоглолт үзэгчдээ уулга алдуулсан олон үзүүлбэртэй байлаа. Циркийн манежнаа нэгэн насаа зориулсан ахмад циркчид ч баяртай байсан билээ. Ардын жүжигчин, Төрийн соёрхолт, ХХ зууны манлай циркийн жүжигчин Б.Норовсамбуу “Эх үрсийн баярт өдрийг тохиолдуулан Монголын анхны мөсөн циркийн тоглолт нээгдэж байна. Цирк бол зарим төрлөөрөө хөгжиж байгаа, зарим нь уруудаж байгаа. Энэ бол байр савтай холбоотой. Энэ сайхан өргөөг барьж байгуулсан хамт олонд талархаж байна. Хүүхдүүд маань ийм богино хугацаанд гулгаж сураад циркийнхээ номерыг хийж байгаад бахархшуутай. Анхны гараа ийм сайхан эхэлж байгаа болохоор цаашид дэлхийн мөсөн циркийн хэмжээнд хүрч хөгжинө гэж найдаж байна” хэмээсэн бол МУГЖ Ж.Жанчивдорж “Мөсөн циркийн анхны үзүүлбэрүүдийг толилуулж байгаа залуусаараа бахархахгүй байхын аргагүй. Бүх үзүүлбэр найруулга нь цогц сайхан боллоо.
Мөсөн дээр уран нугарч, акробатаа хийж байна. Энэ бүхэн дөнгөж эхлэл шүү дээ. Циркчдийг маань цаашид илүү сайхан ирээдүй хүлээж байгаа” гэж баярын сэтгэгдлээ хуваалцлаа. “Үнэхээр гайхамшигтай өдөр болж байна. Монгол Улсад анхны мөсөн цирк бий болсон гэдэг хамгийн баяртай мэдээ. Энэ бол хүүхэд залууст маш хэрэгтэй зүйл. Циркийн урлагийн 80 жилийн түүхэнд болж байгаа том үйл явдал. Циркийн багш нартаа, энэ ордныг бүтээн байгуулсан Степпе Арена компанийн хамт олонд талархаж байна” хэмээн МУГЖ Г.Доржнамжил хэлж байлаа.