Монголын Үндэсний спортын VII наадмын өвлийн мөсний шагай харваа болон мөсний сурын харвааны тэмцээний дүн эхнээсээ гарч байна. Мөсний шагайн харвааны багийн төрөлд Архангай аймгийн баг түрүүлэв. Тус багийг Үлэмж гарамгай дархан мэргэн Л.Жамсранжав ахалж байна. Удаах байрт дархан мэргэн Д.Ууганбаяр ахлагчтай нийслэлийн Чингэлтэй дүүрэг, улсын хошой мэргэн Д.Батсайхан ахлагчтай Баянзүрх дүүргийн баг тус тус оров.
Харин мөсний сурын харвааны цуваа харваанд Завхан аймгийн Тосонцэнгэл сумын харьяат, залуу харваач Н.Доржготов 20 сумнаас 20 онож, алтан медаль хүртлээ. Удаах байрт нийслэлийн Багахангай дүүргийн тамирчин Н.Алтансүх, Дархан-Уул аймгийн харваач Т.Ихтамир нар оров. Маргааш тус тэмцээн өндөрлөх бөгөөд мөсний шагай харвааны цуваа харваа, мөсний сурын харвааны багийн шигшээ тоглолт болж, дүнг эцэслэнэ.