Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Мөрийн хөтөлбөрийг өдөр тутмын сонин дээр хэвлэхийг хуульд тусгах шаардлагатай

УИХ Сонгуулийн тухай хуулийг тун удахгүй хэлэлцэж эхэлнэ. Сонгуулийн хуульд сонинд нийлүүлэх сурталчилгааны материал гурван хэвлэлийн хуудас байна л гэж заажээ. Уг хуулийн өөрчлөлтөөр сонгуулийн сурталчилгааны үргэлжлэх хугацаа 18 хоног байсныг 25 болгон нэмэгдүүлэхээр болж.

Нэг хүсэлт тавихад уг хуульд намууд мөрийн хөтөлбөрөө өдөр тутмын сонин дээр хэвлэхийг тусгаж өгмөөр байна. Мэдээж хуульд заасан хэвлэлийн хуудасны тоонд хамааруулахгүйгээр шүү дээ.

Мөрийн хөтөлбөрийг сонинд хэвлүүлэхийн ач холбогдол их ээ. Намуудын мөрийн хөтөлбөртэй иргэд, уншигчид сайтар танилцаж чадна. эргээд намуудын мөрийн хөтөлбөрийн биелэлтийг хянах, тэднээс үр дүн нэхэх боломж бүрдэнэ. Учир нь сонинд нийтлүүлсэн мөрийн хөтөлбөр нь хөдөлшгүй баримт болж үлдэх юм. энэ утгаараа сонинд мөрийн хөтөлбөр хэвлүүлэх нь намуудыг хариуцлагажуулахад чухал үүрэгтэй.

Сонгуулийн сурталчил-гааны тусгай сонин тэр бүр хүнд хүрдэггүй. иргэд ч ойшоож унших нь ховор. Энэ тохиолдолд иргэн бүрт мөрийн хөтөлбөрөө танилцуулах гэсэн намуудын хүсэл биелэх нь юу л бол.

Телевизийн мэдээ тогтсон цаг хугацаандаа гараад л өнгөрнө. Сошиал орчинд байршууллаа ч энэ их мэдээллийн урсгал дунд тогтож унших нь хэд бол. Тиймээс сонгуулийн сурталчилгаа эхлэхээс өмнө, сонгуульд оролцох намууд нь мөрийн хөтөлбөрөө сонин дээр хэвлүүлдэг болъё. ингэж хуульдаа тусгаж өгье. энэ нь иргэдийн сонгох эрхийг хангаж, мэргэн сонголт хийхэд нь тустай. Мөрийн хөтөлбөрүүдийг харьцуулах, эргэцүүлэх боломжийг ч олгоно.

Сонгуулийн сурталчилгаа эхлэхээс өмнө гэж хэлж байгаа нь ч учиртай юм. Сонгуулийн сурталчилгаа эхэлж,түм буман мэдээлэл гарч эхэлмэгц иргэд сэтгэлийн хөөрөлд автдаг. үнэн худал нь мэдэгдэхгүй тэр их мэдээллээс үүдэн хэн нэгнийг үзэн ядах, нөгөөг нь бишрэн шүтэх үйл явц өрнөдөг гэхэд хилсдэхгүй.

ийм үед иргэд мөрийн хөтөлбөрийг харах бус тухайн үеийн сэтгэл хөөрлөөр сонголтоо хийх байдал ажиглагддаг. энэ үеэс урьтаж олон уншигчтай, урт хугацаанд тогтмол үйл ажиллагаа явуулсаар ирсэн, найдвартай эх сурвалж болсон сонинд намууд мөрийн хөтөлбөрөө гаргах нь чухал юм.

О.АРИУНЦЭЦЭГ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *