Малина үүлдрийн Шуурга нэртэй нохой
“Шуурга суу”, “Шуурга томоотой байгаарай” хэмээн хэлэхийг сонссон нохой чихээ хулмалзуулан аажуухан гөлөгнүүдээсээ холдож оцойн суух зуураа басхүү эзнийхээ зүг горьдонгуй харах аж. Шуурга энгийн нэгэн нохой биш. Тэр бол цагдаагийн албан хаагч. Цагдаагийн албанд хар тамхины чиглэлээр гурван жил ажилласан малина үүлдрийн нохой юм. Харин түүний ажлын талбар дээр үүрэг гүйцэтгэх хугацаа дуусгавар болжээ. Тиймээс ЦЕГ-ын Сургалтын төвийн нохой сургалтын албаныхан түүний үр төлийг авахаар үржилд оруулсан гэнэ. Учир нь Шуурга охин нохой хэдий ч эрэмгий, дайчин, эрэл мөрдлөгийн үед маш шуурхай үүргээ биелүүлдэг албаны шилдэг нохойны нэг тул түүний энэ чанарыг өвлөсөн үр төлийг гаргаж авахаар албаны нохой сургалтын төвийнхөн зорьсон хэрэг. Тэрээр таван гөлөг гаргасан бөгөөд биднийг очих үед гөлөгнүүд эхийнхээ хөхнөөс гарах өдөр таарсан нь энэ. Шуургыг байрнаас нь гаргаж гөлөгнүүдийг сүүлийн удаа хөхүүлж буйг тэр ч мэдэрсэн гэмээр үр төлөөсөө холдож ядан үнэрлэж, долооно. Харин сургагч нар нэг нэгэндээ “Сайн бариарай гөлгөө зуугаад зугтаах вий” гэж захих. Удсан ч үгүй гөлөгнүүдийг сургагч нар нэг нэгээр нь аваад явчихав. Харин эхийг нь байранд нь буцаан хийлээ. Тэр биеэ тэнхрэхээр бэлтгэл сургуулилтдаа ороход анхаарал тавих л үлджээ. Шинэ төлийг 45 хонуулаад хөхнөөс нь гаргаж сургагч нарын мэдэлд өгдөг. Эдгээр гөлөгнүүд дөрөвдүгээр сарын эхээр албаны бэлтгэл сургуулилтад орж эхлэх юм байна. Товчхондоо бие дааж эхэлнэ. Яг л хүн шиг.Багаасаа бэлтгэгдэнэ гэсэн үг. Нэг ёсондоо цэцэрлэгээс нь суралцаж бэлтгэлийн хашаа хороо, хэрэглэгдэх багаж хэрэгсэл, гүйж харайх зам, турниктэй танилцана. Албаны нохой сургалтын төвийн шинэ төл бүхэн ийм маягаар бэлтгэгддэг байна. Шуурга нэртэй уг нохойг Хятадын цагдаагийн сургуулийн сургалтын төвөөс авчирсан бөгөөд ирснээс нь хойш Д.Баттөр гэх залуу сургагчаар нь ажиллаж байгаа аж. Цагтаа тэрээр Толгойтод болсон нэгэн хэргийн газарт ажиллаж хар тамхины хэрэглэгдэхүүн, түүхий эдийг олж өгч байсан зэрэг олон гавьяа байгуулсан нохой аж.
Цагдаагийн ерөнхий газрын Албаны нохой сургалтын хэлтэс одоогийн байдлаар 60 гаруй нохойг хар тамхи, харуул хамгаалалт, эргүүл, эрэл, авран хайх ажиллагааны чиглэлээр бэлтгэн ажиллаж байна. Ажлын чадвараас хамаараад Шуурга, Аянга, Салхи зэрэг янз бүрийн нэртэй ноход байх. Энэ дунд нөгөө алдарт Руслан ч бий.
Энэ талаар Албаны нохой сургалтын хэлтсийн Ахлах дасгалжуулагч Г.Энхжаргалаас зарим зүйлийг тодрууллаа.
-Аль үүлдрийн нохой цагдаагийн албанд ашиглахад илүү тохиромжтой вэ. Үүлдрэээс нь хамаараад ашиглах чиглэл нь хүртэл өөр байдаг уу?
-Тэгнэ. Манай цагдаагийн албанд долоо, найман өөр үүлдрийн 60 гаруй нохой үүрэг гүйцэтгэж байна.Тухайн үүлдрээсээ хамаараад нохой бүр харилцан адилгүй мэдрэмж, чадамжтай байдаг. Тухайлбал, манайх 40 гаруй немц овчаркийг эрэл мөрдлөгийн чиглэлд түлхүү ашигладаг.Энэ үүлдрийн нохой дэлхий нийтийн найман стандарт шалгуурыг бүрэн хангасан байдаг. Өргөн, тархац ихтэй учир дэлхий нийт цэрэг хүчний байгууллагуудад эрэл, мөрдлөг, аврах, харуул хамгаалалтын чиглэлээр түгээмэл ашиглаж байна. Германаас гаралтай хоньч нохой. Харин малина үүлдрийн хоёр нохойг хар тамхины чиглэлээр сургаж ажиллаж байгаа. Бельги улсын Малина тосгоноос гаргаж авсан нохой л доо. Их хөдөлгөөнтэй, хурдтай, хүчирхэг шинж чанартай нохой.
-Саяхан олны танил жүжигчний хүү хар тамхинаас үүдэлтэйгээр амиа алдсан харамсалтай хэрэг гарч олныг цочирдуулсан. Тус хэргийн эд мөрийн баримтыг нохой илрүүлсэн байсан.Танай хоёр нохойг ашигласан уу?
-Тэгсэн. Өнгөрсөн жил авчирсан хоёр малина үүлдрийн нохойнуудын тусламжтайгаар эд мөрийн баримтыг илрүүлсэн байсан. Баянзүрх дүүргийн цагдаагийн хэлтсээс холбогдоод хар тамхины том хэрэг гарсан.Хэрэгт холбогдох хүмүүс хар тамхи хэрэглэсэн нь шээсний шинжилгээгээр тогтоогдсон.Гэхдээ эд мөрийн баримт олдохгүй байна. Тиймээс нохой ашиглах хүсэлтэй байна гэдгээ мэдэгдсэн. Манайхаас дөрвөн алба хаагч үүний дагуу хоёр нохойтойгоо ажиллаж мансууруулах төрлийн өвс, мөс, амь витамин зэрэг олон төрлийн бодисыг олсон. Тухайн зүйлсүүдийг гэмт этгээдүүд ариун цэврийн өрөөний суултуурын бочки, хувцасны шүүгээ, гутлын түрий, хиртэй хувцасны дунд нуусан байсан л даа.
-Дээрх хоёр нохойг хар тамхины чиглэлээр ажиллуулаад хэр удаж байна?
-Хоёр нохой маань жил болох гэж байна. 2016 онд Хөх хотод сургалтад хамруулаад ирсэн.
-Ажиллах хугацаандаа хар тамхитай холбоотой хичнээн дуудлагад хэр үр дүнтэй ажилласан бэ?
-Дээрх нохдыг ажиллах хугацаанд хар тамхины чиглэлээр 15-16 дуудлагад очсон. Энэ бүхэнд мансууруулах төрлийн бодис илрүүлээгүй тохиолдол гэж байхгүй.
-Нохойг хар тамхины чиглэлээр бэлтгэхдээ тодорхой хэмжээний мансууруулах төрлийн бодис тарьдаг гэдэг. Үнэн үү?
-1990-ээд оны үед ОХУ-д энэ аргыг түлхүү хэрэглэдэг байсан л даа. Манайх ч гэсэн тодорхой хэмжээний тунгаар тарьдаг байсан нь үнэн. Гэхдээ цаг үе хөгжихийн хэрээр энэ арга ч гэсэн өөрчлөгдсөн.Яагаад гэвэл хар тамхины хор амьтанд ч мөн муу нөлөө үзүүлдэг. Сургалтын нохой албанд дөрвөн жил ажиллах чадвартай байдаг бол хар тамхинаас болж ердөө хоёр жил ажиллаж бие махбодын хувьд чадамж нь хэд дахин буурч ирсэн. Үнэртэх чадвар нь алдагддаг. Тиймээс сүүлийн жилүүдэд ОХУ-ын үйлдвэрлэсэн үнэр оруулагч бодис хэрэглэх болсон. Тухайн бодисыг нохойд үнэрлүүлж дасгах маягаар бэлтгэдэг болсон. Энэ бодис халуун цустай амьтанд ямар нэг гаж нөлөө үзүүлдэггүй. Ер нь хар тамхины хэрэг, хар тамхи илрүүлэх гэдэг нохой сургалтын хувьд ялгаатай ойлголт л доо. Нохой хэргийн гадна орчин, дотор эд зүйл олж хайхаас эхлээд хоорондоо ялгаатай. Хар тамхины чиглэлээр мэргэшсэн нохой эрэл мөрдлөгийн чиглэлээс арай өөр. Лифт, пракетин шал, гэрэл цацруулагч зэрэг анхаарал татахуйц зүйлд сатаарахгүй зөвхөн тухайн бодисыг үнэрлэж, хайж олоход бүрэн бэлтгэгдсэн байдаг гэв.
Мөн кокер спанель үүлдрийн нохойг хар тамхины чиглэлээр ашигладаг байна. Гэхдээ тус төвд ганцхан бий. Жижиг бие түүний гол онцлог.Бие жижигтэй учраас юмны завсар зай, доогуур мөрдлөг, эрэл хайгуул хийхдээ сайн бөгөөд их шаргуу зан чанартай гэнэ. Сонирхуулахад сургалтад ашиглаж буй хар тамхины үнэр оруулагч бодисыг хоёр сая 500 мянган төгрөгөөр гаднаас авдаг байсан бол саяхнаас дотооддоо инновацийн төвтэй хамтран 250 мянган төгрөгөөр гаргаж авч байгаа гэсэн. Харин Канадаас гаралтай лабрадор үүлдрийн хоёр нохой цагдаагийн албанд хөтчийн үүрэг гүйцэтгэхээр ажиллаж байна. Хөдөлмөр нийгмийн хамгааллын яамтай хамтран хараагүй хүмүүсийн хөтөч болгохоор төлөвлөж байгаа аж. Харин цагдаагийн байгууллагад тэсрэх, дэлбэрэх зүйл илрүүлэхэд хөтчөөр ашигладаг байна. Ихэнхдээ бэлтгэл сургуультай байдаг. Энэ төрлийн дуудлага тэр болгон гараад байдаггүй учраас бусдаасаа ялгарах ажлын онцлог нь энэ. Гол чанар нь дөлгөөн тайван зантай, элгэмсэг тул хүнтэй их ойр дотно гэнэ. Харин АСЕМ-ын дээд хэмжээний уулзалтын үеэр тэсрэх, дэлбэрэх зүйл илрүүлэх чиглэлээр ажилласан байна. Ингэхдээ нэгэн гадны томоохон төлөөлөгчид үйлчилж байсан автомашинаас шингэн гоожиж байхыг илрүүлжээ. Тухайн шингэн бодис нь гал хүрсэн тохиолдолд автомашин дэлбэрэх аюултай байж. Энэ мэтчилэн дээрх үүлдрүүдээс гадна төрийн тусгай хамгаалалтад кавказ овчаркыг түлхүү ашигладаг бол Германаас гаралтай ротвейлер үүлдрийн нохойг дайралтын ажиллагаанд ашиглах жишээтэй.
Харин эдгээрээс харуул хамгаалалт, дайралтын чиглэлээр бэлтгэгддэг кавказ, ротвейлер зэрэг үүлдрийн нохойг гэрийн нөхцөлд тэжээх тохиромжгүй бөгөөд товчхондоо төрөлхийн догшин авир төрхтэй учир хэзээ нэг цагт таныг гэмтээж болох араатан тэжээж байгаа гээд хэлчихэд буруудахгүй аж. Харин малина, спанель, лабрадор үүлдрийн нохойг тэжээх тохиромжтой гэж мэргэжлийн хүн зөвлөснийг дуулгахад илүүдэхгүй биз. Тэгвэл монгол банхар аливааг удаан хүлээж авдаг учраас албаны нохойн шаардлага хангадаггүй гэдгийг ч сургагчид ярьж байв.
Сургалтын төвийн ноход өөрсдийн эзэнтэй. Нохой сургагчдын хувьд мэргэшсэн 10 гаруй алба хаагч бий.Тэдний дунд 23 жил ажилласан ахмад Ш.Бямбасүрэн, 24 жил ажилласан эмч, хошууч Я.Ёндонжамц нарыг дурдахгүй байх аргагүй. Нохой сургагчдын үр хүүхдүүд ч удам дамжиж ажиллах нь бий. Хамгийн гол нь нохой эзнийхээ зан араншинг яг дагадаг учраас хэт сэтгэлийн хөдлөлтэй, түүнийгээ барьж чаддаггүй, тогтворгүй хүн энэ албанд тохирохгүй аж. Тэд эзнийхээ гомдох, баярлах, уурлахыг андахгүй. Харахад эзнийхээ ааш аягийг их харж, зан засах аж. Бас гомдохдоо ч амархан гэнэ.Тэд цагийн хуваарийн дагуу бэлтгэл сургуулилтаа хийх бөгөөд өдрийн 4150 төгрөгийн хоолны нормтой. Адууны мах, шөл болон витаминт уураг ихтэй хоол иднэ. Ажлын талбарт их цагаар ажилласан үед тахианы мах чанаж шөл хүртэл өгч ядаргааг нь гаргадаг байна. Эргүүл, харуул хамгаалалтад гардаг нохдын хувьд өглөө эзнээ ирэнгүүт ажилдаа гарна. Нохойны тухайн өдрийн бэлтгэсэн хоолыг авч гарна. Харин охин нохойны үржлийн хувьд гэвэл төрөхийн өмнө, төрөхийн гээд тусдаа байртай. Мөн нэмэгдэл тэжээлтэй.Хээлтэй нохдыг өдөржин хашаанд хориод байж болдоггүй гэнэ. Яг л жирэмсэн хүн шиг арчилгаа шаарддаг байна.Тэгэхгүй бол хөдөлгөөний дутагдалд орж, дөрвөн мөчний шөрмөс нь хөших зэрэг эрсдэлтэй.Тиймээс тусад нь хашаа барьж цагаар ээлжилж салхилуулдаг аж.
Гэрэл зургийг Ц.МЯГМАРСҮРЭН