МҮОНРТ-ийн “Цагийн хүрд” мэдээллийн хөтөлбөрийн дундуур өчигдөр Ц.Оюундарь захирлын эсрэг мэдэгдэл гарсан нь олны анхаарлыг татлаа. Уг мэдэгдлийг МҮОНРТ-ийн “Ажиллагсдын түр хороо”-ноос тус телевизийн Үндэсний зөвлөлд хандан гаргажээ.
Мэдэгдэлд “Ц.Оюундарийг 2015 оны нэгдүгээр сард АН-ын “генсек”-ийн тамгаа хүлээлгэж өгөөгүй байхдаа МҮОНРТ-д улс төрийн зорилгоор томилогдон ажилласан” тухай дурдсан байна. Мөн ажиллах хугацаандаа олон нийтийн телевизийг “улстөржүүлж” уран бүтээлчдийн ажиллах нөхцлийг доройтуулсан гэжээ.
Түүнчлэн халаа сэлгээ ихээр явуулдагаас гадна шилэн данс хөтөлдөггүй байсныг ч онцолсон байна. Энэ нь төсвийг үр ашигггүй зарцуулдаг байсантай холбоотой бөгөөд санхүүгийн зөрчилтэй баримтууд ч илэрсэн гэж мэдээлжээ.
Үүний зэрэгцээ МҮОНРТ-ийн “Монголын мэдээ” сувгийг 50 дугаар суваг руу “цөлж”, үзэгчдээс холдуулж, дампууруулсан нь цаашлаад улс төрчдийн хувьчилж авах нөхцлийг бүрдүүлж байгаа гэх.
Тиймээс Ц.Оюундарийг ажлаа өгөхийг шаардаж буй аж. Энэ дагуу өнөөдөр МҮОНРТ-ийн Ажиллагсдын түр хорооноос АТГ-т шалгуулах хүсэлт гаргасан байна.
Харин дээрх мэдэгдэл, мэдээллийг МҮОНРТ-ийн ерөнхий захирал Ц.Оюундарь үгүйсгэлээ.
Тэрээр “Цагийн хүрдээр гарсан мэдэгдлийг МАН-ын явуулга ч гэж үзэх хүмүүс байна. Тийм зүйл огт байхгүй шүү. Нам энд огт хамаагүй. Манай ММ-ийн ажилтнууд бүгд мэдээгээ хийж дуусаад эфирт өгчихөөд явчихсан байж. Энэ эзгүй үеэр тэр дарга эфирт бэлэн бэлтгэсэн ийм мэдээ оруулж ирээд шууд “Цагийн хүрд” дундуур өгсөн байгаа юм. Ийм ёс зүйгүй байж болохгүй л дээ… Манай сэтгүүлчид байсан бол хэн нь ч ийм зүйл хийхийг зөвшөөрөхгүй байх байсан” хэмээгээд эл асуудлыг Монголын мэдээ сувгийн захиралтай холбон тайлбарлажээ.