Categories
мэдээ цаг-үе

Мөнхийн өрсөлдөгчид мэт боловч бие биедээ тусалж чаддаг Том ба Жерри

Хүүхэлдэйн киноны түүхэнд хамгийн алдартай, цаг хугацаа улиран одсон ч хүн бүрийн ой дурсамжаас үл алсрах “Том ба Жерри” цуврал 80 нас хүрч байна. Анх 1940 онд зураач Уильям Ханна, Жозеф Барбера нар “MGM” киноны студид муур, хулгана хоёрын тухай богино хэмжээний цувралууд бүтээж эхэлсэн юм. Тухайн үед уг киног хэн ч сонирхохгүй хэмээн салбарынхан нь үл тоож байжээ. Тэгвэл уг цуврал дэлхийн хамгийн алдартай хүүхэлдэйн кино болоод зогсохгүй уг алдар хүндээ одоо ч хадгалсаар явна. Хамгийн сүүлд буюу таван жилийн өмнө BBC телевизийн гаргасан судалгаагаар “Том ба Жерри” цуврал тэргүүлсэн хэвээр байв. Анхны анги хоёрдугаар сарын 20-нд гарахад муурийг Жаспер, хулганыг Жинкс хэмээн нэрлэж байжээ. Хоёр дахь ангиас Том болон Жерри хэмээн өөрчилсөн байна. Кино гарсан цагаасаа эхэлж хүүхэд, залуусын хамгийн дуртай цуврал болж, 1940-1958 оны хооронд 114 анги бүтээсэн байна.

“Том ба Жерри”-ийн цуврал нийт Оскарын шагналыг долоон удаа хүртсэн, Уолт Диснейгийн шилдэг симфони ангилалд хамгийн олон шагнал хүртсэн юм. Уг бүтээлд хөгжмийг маш чадварлаг, гайхамшигтайгаар ашигласан хэмээн дүгнэдэг. Кинонд жазз, сонгодог, поп хөгжмийн урсгалууд бүгд бий. Үйл явдлын хэмнэл, сэтгэл хөдлөл зэрэг бүхий л үйл явцыг хөгжмөөр чадварлаг илэрхийлсэн байдаг. Тийм ч учраас Том, Жерри хоёр ярьдаггүй. Тэд нэг л удаа ярьсан нь 1992 онд бүтээгдсэн бүрэн хэмжээний кинон дээр юм. Мөн Том цувралуудын турш нэг удаа үхэж байгаагаар гардаг.

Зарим улс орон “Том ба Жерри”-г шүүмжилж, хүчирхийллийг хэт их харуулсан хэмээн гаргахаас хүртэл татгалзаж байв. Учир нь Жерри хөөрхий Томыг алх, сүхээр цохих, сүүлийг нь шатаах, бүр тэсрэх бодис, галт зэвсэг ашиглаж хариугаа авдаг. Үүний хариуд Том зүгээр суулгүй Жерриг хөргөгчинд хөлдөөж, гольфийн бөмбөгийн оронд цохихоос гадна хачиртай талхны дунд хийж, эсвэл сүмс цацаад идэх гэж хэдэн зуун удаа оролдсон байдаг. Нэг талаар үүнийг хүчирхийлэл хэмээн харж болох ч дээрх үйл явдлууд хөгжилтэй байдлаар өрнөж, ямар ч цус гаргаж байгаагүй онцлогтой. Тийм ч учраас өнгөрсөн 80 жилийн хугацаанд “Том ба Жерри”-г үзсэнээр хүүхдийн сэтгэхүй, хүмүүжилд нөлөөлсөн гэх ч тохиолдол, баримт гарч ирээгүй юм.

Том, Жерри хоёр мөнхийн өрсөлдөгчид боловч хэн хэнд нь аюул тулгарсан үед бие биенийхээ төлөө байж чаддаг нь гайхамшигтай. Тухайлбал, өнчин охин Робин Стралингийг харгис, хомхой халамжлагчаас нь аварч, үхсэнд тооцогдож байсан эцгийг нь олж өгөхийн тулд Том, Жерри хоёр найзалдаг. Мөн Вонка хэмээх хүүгийн хүсэл мөрөөдлийг биелүүлэхийн тулд Том, Жерри хоёр хамтран мөнгө цуглуулж, дайснуудтай “мөр зэрэгцэн” тэмцдэг.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *