Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Мөнхийн дайсан-Япон

БААБАР ИНГЭЖ ХЭЛЭВ


-МОНГОЛ ТҮҮХ ДӨРВӨН БОТЬ БҮТЭЭЛИЙН ХЭСГЭЭС-

НИКСОН, ТАНАКА

1968 онд “Вьетнамын дайныг зогсооно” гэсэн уриатайгаар Ричард Никсон АНУ-ын ерөнхийлөгч боллоо. Гэвч халдвар нь бараг хавдар болчихсон энэ хүнд шархыг эмчилнэ гэдэг нэн хүнд хэрэг юм. Профессор Хэнри Киссинжэрийг Үндэсний аюулгүй байдлын зөвлөхөөр урьж авчирснаар энэ хоёр улстөрч тухайн үеийн эмзэг болсон олон улсын түвэгтэй байдалд маш том засвар хийж чаджээ. Вьетнамын дайныг зогсоохын тулд ард нь тулах хүчин болсон СССР, Хятад гэсэн хоёр коммунист аваргатай ямар нэг хэмжээгээр зохицох тактик хэрэглэжээ. Энэ хоёр гүрэн биенийхээ эсрэг АНУ-ыг холбоотноо болгох сонирхолтой байв.

1971 онд Никсон гэнэт Хятадад айлчилж Маотой уулзсан нь ёстой санаанд ороогүй цочрол боллоо. Хойтон жил нь Никсон Москвад айлчиллаа. СССР-тэй стратегийн зэвсэглэлийг хязгаарлах хэлэлцээ хийж SALT-1 гэрээг хоёр тал үзэглэв. Никсоны хийсэн энэ хоёр айлчлал цөмийн аюулд тулгарчихаад байсан дэлхийг зөөлрүүлж намжмал байдал буй болгосон юм. Никсон үнэхээр 1973 онд Парисийн энх тайвны гэрээгээр Вьетнамын дайныг зогсоож чадсан билээ.

Зүүн Азид Никсонтой хоршин тоглогч нь Японы ерөнхий сайд Какүэй Танака байлаа.

Тэрээр Никсоны дараагаар Хятадад айлчилж Мао болон Жоу Эньлайтай уулзан хоёр орны харилцааг хэвийн болгоход чухал алхам хийв. Дэлхийн II дайнд ялагдан хүнд шарх авсан Японы нэр нүүрийг сэргээхэд тэр их үүрэг гүйцэтгэсэн. дайны дараа бүх хөршүүдтэйгээ хүйтэн харилцаатай болсон Япон бүс нутагтаа ганцаардаж байлаа. Никсоны мөрөөр Танака СССР-т айлчиллаа. Зүүн өмнөд Азийн орнуудаар айлчилж Индонезтэй дотносов. Зүүн Герман, Монголтой 1972 онд, Хойд Вьетнамтай 1973 онд дипломат харилцаа тогтоож чадлаа.

МОНГОЛЫГ ЭЗЭЛБЭЛ ДЭЛХИЙГ ЭЗЭЛНЭ

Түүхэнд гарсан хамгийн алдартай, олон жил амь бөхтэй явсан, ингэснээрээ улс хоорондын үзэл суртлын хүчирхэг зэвсэг болсон хуурамч бичиг баримт бол “Танака меморандум” юм. Япончууд дэлхийд ноёрхох маш нууц төлөвлөгөөг Японы 26 дахь ерөнхий сайд Танака Гиити 1927 онд боловсруулаад Эзэн хаан Хирохитод өргөн барьсныг илчиллээ хэмээсэн шуугиан гарлаа. Энэхүү нууц төлөвлөгөө гэгчийг Наньжин дахь Гоминданы нэг сонин анхлан “илрүүлжээ”. Төлөвлөгөөний үндсэн санаа нь:

-Хятадыг эзлэхийн тулд эхлээд япончууд Манжуур, Монголыг эзлэх хэрэгтэй;

-Дэлхийд ноёрхохын тулд эхлээд Хятадыг эзлэх хэрэгтэй;

-Хэрвээ Хятадыг эзэлж чадвал өмнөд Ази, Энэтхэг, Номхон далайн орнууд Японоос айж хар аяндаа бууж өгнө;

-Зүүн Ази тэр чигээрээ Японы гарт орчихвол бүх дэлхий үүнийг ойлгож, ямар ч засвар өөрчлөлт хийхээс татгалзах болно.

Энэ нууц төлөвлөгөө хуурамч баримт байна гэж япончууд хичнээн эсэргүүцсэн ч цаашлах тутам болох үйл явдал меморандумыг үнэн болгож харагдуулж байлаа. 1931 оны Мүгдэнгийн мөргөлдөөн, 1934 оны Манжуурыг эзэлсэн явдал, 1937 оноос эхэлсэн Япон-Хятадын дайн, 1939 оны Халх голын тулалдаан, 1941 оны Пөрл Харбор дахь гэнэтийн довтолгоон зэрэг нь Танака меморандумыг бүх талаар баталж байв.

Дайны дараа Японыг олон улсын шүүхээр буруутгахын тулд Танака меморандиумыг шуурхай хайсан боловч тийм бичиг баримт огт олдоогүй. Бичиг баримт хуурамчаар үйлдэгдсэн нь тодорхой болсон ч хэн хийснийг олон жил хайсан юм. Японы эсрэг үзэл санааг АНУ, Европт дэлгэрүүлж, Азид үзэн ядсан хийрхэл буй болгохын тулд СССР-ийн НКВд-ээс энэ меморандиумыг хуурамчаар үйлдэн тараасан болох нь дөнгөж 1995 онд тодорхой болжээ. Хэдийгээр дайны дараагаас л энэ баримт хуурамч болох нь илэрхий болсон авч үйлдсэн эзэн нь мэдэгдэхээс өмнө олон жилийн турш Танака меморандум Японы эсрэг үзэл суртлын хүчтэй зэвсэг болон ашиглагдсаар ирэв. Азийн олон орон, түүний дотор бНХАУ, Монголд энэ “баримт” сургуулийн сурах бичигт хүртэл орж, түүхийн элдэв номд ягшмал ойлголт болон төлөвшсөн байна. Монголд энэ “баримт” 1990 он өнгөртөл хүчин төгөлдөр байлаа.

ХАЛХ ГОЛООС ЦААШ ЯЛАЛТГЭЖ ҮГҮЙ

Монголын шинэ үеийнхэн Японыг үзэн ядах хүмүүжлээр өсч бойжсон юм. Ерөөс алив дарангуйллын нийгэм өөрийн сонгосон дайсантай, түүнийхээ эсрэг хүчтэй суртал нэвтрүүлэг тогтмол явуулж байх нь тогтолцоогоо бат авч явах нэг арга нь байдаг.

Их хядлагын үеэр хэдэн арван мянган хүнийг чухам Японы тагнуул, Японтой холбоотой байсан хэргээр хядан устгасан болохоор хэдийгээр нам, төрийн олон хүнийг хилс хэрэгт гүтгэсэн боловч үнэхээр улс орны тусгаар тогтнолд Японы аюул заналхийлж байсан гэдгийг батлахын тулд Японы эсрэг үзэл суртлыг тасралтгүй хүчтэй явуулж байлаа.

Дайны дараа Сталины “бэлэглэсэн” 12 мянган япон олзлогсод Монголын бүтээн байгуулалтад чамгүй хувь нэмрээ оруулсан.

Ялангуяа тэд Улаанбаатарын барилгажуулалтад гол ажиллах хүчин болж оролцжээ. Барилга байшин барих туршлагагүй, тэгээд ч ийм ажлыг олзлогсод, боолчуудын хөдөлмөр гэж үзэх нэн эртний уламжлалтай монголчууд япон олзлогсдыг чухамдаа үйлдсэн нүглийнхээ зохих хариуцлагыг хүлээж байна гэж харж байлаа. Улаанбаатарын төв талбайд барьсан кино театрын үүдний асар том заалын шалыг Японы төрийн далбаагаар зураглан хийлгээд тэнд нийтийн бүжиг байнга зохиодог байв.

Японы эсрэг бас нэг том үзүүлбэр бол Халх голын байлдааны ялалтын баярыг жил бүр дуулиантай зохиож байсан явдал юм. Энэ нь нэг талаас СССРт нацист Германыг ялсны ойг үндэсний хамгийн том арга хэмжээ болгох болсны хуулбар, нөгөө талаас Халх голын тулалдаанд удирдалцан оролцож байсан гэгдэх Цэдэнбалын нэр хүндийг улам өсгөх нэг шалгуур байлаа. Гэтэл Халх голын байлдааны цаад шалтгаан, түүхэн үнэн, тэр үеийн хүчирхэг гүрнүүдийн геополитик, Японы болон СССР, Хятадын ашиг сонирхлын тухай Цэдэнбалын өөрийнх нь ойлголт тун ядмаг, туйлширсан, өнгөц байсан нь түүний хувийн тэмдэглэл, дурсамж, ойр дотныхонтойгоо хэлэлцсэн яриа зэргээс тодорхой харагддаг. Үнэндээ Халх голд байлдсан СССР, Япон хоёр аль нь ч ялалт байгуулаагүй атал Үзэл суртлын зорилгоор түүхэн үнэнийг гуйвуулсан, туйлширсан илтгэл, албан ёсны ярилцлага, өгүүлэл зэрэгтээ тэр өөрөө үнэхээр бат итгэдэг байжээ. Нэг үгэндээ тэр худлаа яриагүй, өөрийн бат итгэл үнэмшилдээ л хөтлөгдөж байсан байх юм. Зөвлөлтийн генерал офицеруудтай уулзах, тэдэнтэй ярьж хөөрөх, одон тэмдгээр шагнах, энэ талын ном товхимол уншин түүнээ эшлэх зэрэг нь Цэдэнбалын амьдралын хамгийн том баяр баясгалан нь байлаа. Тэрээр Танака меморандумыг хамгийн их сурталчлагчийн нэг байсан юм.

ЗӨВЛӨЛТ АХ ГОВЬД ДУРГҮЙЦЭЖ БАЙНА

1972 онд Монгол, Япон хоёр дипломат харилцаа тогтоосон нь биенээ ойлголцох эхлэл боллоо. Тэртэй тэргүй дайны дараахь Японы хөгжил, техник технологийн дэвшил нь алгаар хаахын аргагүй, хорвоогийн аль ч бөглүү мухарт илт харагдаж, мэдрэгдэж байлаа.

Монголын удирдлагууд Японтой юун түрүүн эдийн засгийн харилцаа тогтоохыг сонирхож байлаа. Хамгийн түрүүн 78 тэрбум тоннын нөөцтэй Таван толгойн коксжих нүүрсний уурхайг хамтран ашиглах санал Японд тавихаар ярилцжээ. Гэвч ийм том ордыг ашиглая гэвэл мэдээж Зөвлөлтөөс асуух хэрэгтэй. Цэдэнбал үүнийг Москвагаас асууж өгье гэсэн байна. Социалист системийн алсдаа хэрэглэхээр төлөвлөж буй ийм том нөөцийг хөрөнгөт оронтой хувааж болохгүй гэсэн Брежневийн татгалзлыг удирдагч Москвагаас тээж ирлээ. Тэгэхээр нь Цагаансуваргын зэсийн ордыг хамтарч ашиглах тухай санааг япончуудтай ярилцжээ. Үүний ашиглах өртөг нь ойролцоогоор 2.3 тэрбум доллар гэсэн урьдчилсан тооцоо гарсан байна. Энэ асуудлыг УТТоор оруулжээ. Гадаад худалдааны яамны орлогч сайд, Цэдэнбалын хүргэн дүү ө.доржийн гэрчилж байгаагаар энэ асуудлыг Цэдэнбал шууд эсэргүүцсэн гэнэ. “2,3 тэрбум доллар гэдэг чинь Монголын ард түмнийг барууны гял цал бараагаар хучна гэсэн үг үү!” хэмээн тэрээр санал дэвшүүлэгчдийг загнасан гэх[1].

Ингээд хамтын ажиллагааны тухай мөрөөдөл багасан багассаар ямааны ноолуур, тэмээний ноос боловсруулах үйлдвэр Японоос авах болж үүнийгээ “Говь” гэж нэрлэлээ. Энэ нь хоёр орны хамтын ажиллагааны бэлгэдэл болох ёстой. Юутай ч энэ төслийг Улс төрийн товчоогоор батлуулж дөнгөжээ.

Үйлдвэр барих, ажилчин, мэргэжилтэн бэлтгэх ажиллагаа эхнээсээ л тун базаахгүй явлаа. Японоос нийлүүлсэн тоног төхөөрөмж учир үл олдох шалтгаанаар алдагдах боллоо. СССР-ийн Находка боомтод ирсэн ачаа ор сураггүй алга болно. Ирсэн нэг нь хэмхэрсэн, эргэж засахын аргагүй болтол зориудаар эвдсэн байдалтай орж ирнэ. Үйлдвэрийг босгоход зориулсан асар том 40 орчим төмөр хийцийг зориудаар тахийлган эвдсэн байхыг харсан Японы Элчин сайд Н.Цүгэ “ийм том төмөр хийцийг тахийлгах тоног танайд байхгүйг би сайн мэднэ. Хэн замд нь зориудаар эвдэн сүйтгэдэг байна аа!” хэмээн ёжтойгоор шогширч байв[2].

Үйлдвэр ч яахав түмэн бэрхшээлээс болоод төлөвлөснөөсөө нэлээд хожуу ашиглалтад орлоо. Үүнээс гадна япончууд Жайкагийн шугамаар хөдөө аж ахуйн болон эрүүл мэндийн тоног төхөөрөмж бэлгийн журмаар өгөх болжээ. Энэ нь зөвлөлтүүдийн дургүйг хүргэх боллоо. ГЯЯны сайд болон орлогч сайд, МАХН-ын холбогдох тушаалтнуудад Зөвлөлтийн Элчин сайдын яамнаас байнга сануулга өгөх болжээ. “Япон танайд тусламж үзүүлж байгаа юм болоод нэвтрэхээр оролдож байна. Хуруугаа сарвайж байгаад гараа тас хазуулах гэж байна, та нар. Япон ингэж бага багаар ахисаар байгаад хэдхэн жилийн дараа эдийн засгийн цөмрөлт болвол та нар яах болж байна!” гэх мэтээр аашлах болжээ.

ГЯЯны дэд сайд д.Ёндон Японд урилгаар айлчлах болоход Цэдэнбал дуудаж авчраад япончуудтай эдийн засгийн хамтын ажиллагааны тухай ганц ч үг хэлэлцэлгүй зөвхөн үзүүлснийг нь харчихаад ирэх үүрэг өгсөн аж. Түүнийг Токиод очиход нь тэнд суух Зөвлөлтийн Элчин сайд С.Полянский Монголын Элчин сайдын яаманд өөрийн биеэр ирэн япончуудтай эдийн засгийн талаар ярихдаа болгоомжтой байхыг үүрэгдэв. Төлөөлөгчдийг Улаанбаатарт ирэхэд нь Улаанбаатар дахь Зөвлөлтийн Элчин сайдын яамныхан Японд чухам юун талаар хэнтэй хэрхэн ярьсныг нь тулган асуусан байна[3].

“Говь” үйлдвэрээ ашиглалтад өгчихсөн монгол дарга нар улам цааш ахиж МонголЯпоны хооронд худалдааны хэлэлцээр байгуулах, зарим бараа, техникийн үзэсгэлэнг нь Улаанбаатарт үзүүлэх, үйлдвэр соёлын байгууламж хамтран байгуулах зэрэг санал гаргах боллоо. Бүр цаашлаад Японоор металлургийн жижиг оврын үйлдвэр бариулахаар төсөл хийжээ.

Энэ даварсан байдлыг Москва нэлээд том цохилтоор няцаав. СССРийн ГЯЯны Зүүн Ази хариуцсан орлогч сайд М.С.Капица монголчуудыг хүлээж авахдаа “Танай нөхөд, ялангуяа хөдөө аж ахуй хариуцсан хүмүүс Японтой эдийн засгийн салбарт хамтарч ажиллах гэж хэт улайрч байна. Манай намын ТХноос энэ асуудлаар танай намын ТХнд захидал бичихээр төлөвлөж байна… Японтой эдийн засгийн талаар харилцахдаа тун болгоомжтой байгаарай гэдгийг намынхаа удирдлагад заавал уламжлаарай”[4]. Нэг л зүйл ойлгомжтой: 1939 онд япончууд Монголыг тэр чигээр нь колонио болгон дарлах гэж Халх голд дайн хийсэн, гагцхүү СССР тусалж байж л энэ аюулаас авран хамгаалсан. Монголын нүүдэлчин ардуудын энэ ягшмал болсон ойлголтод завсар оруулахыг зөвлөлтүүд хүсэхгүй байлаа.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *