Мөнгөний нийлүүлэлт 2020 оны эцсийн байдлаар 24,2 их наяд төгрөгт хүрснийг Монголбанкны Судалгаа, статистикийн хэлтсийн захирал Б.Батсүрэн Монголбанкнаас боловсруулан гаргадаг статистик мэдээллийг өчигдөр танилцуулах үеэрээ хэлэв.
Мөнгөний нийлүүлэлт нь өмнөх оны мөн үеийнхээс 16,3 хувиар нэмэгдэхэд хадгаламжийн өсөлт нөлөөлжээ. Үүний 10,9 хувийг төгрөгийн, 5,6 хувийг гадаад валютын хадгаламж бүрдүүлж байв.
Мөнгөний нийлүүлэлт өмнөх сарынаас 4,1 хувиар өссөн нь байгууллагын төгрөгийн харилцах болох иргэдийн төгрөгийн хадгаламж, харилцах зэрэг үзүүлэлт өссөн нь нөлөөлжээ.
Хадгаламжийн хувьд өнгөрсөн оны эцсийн байдлаар 18 их наяд төгрөгт хүрсэн. Үүний 85,4 хувь буюу 15,4 их наяд төгрөгийг иргэдийн хадгаламж, 14,6 хувь буюу 2,6 их наяд төгрөгийг байгууллагын хадгаламж бүрдүүлжээ.
Нийт хадгаламжийн 25,7 хувь, иргэдийн хадгаламжийн 22,8, байгууллагын хадгаламжийн 42,8 хувь нь гадаад валютынх аж.