Categories
мэдээ улс-төр

Мөнгөний бодлогын төслийг эцсийн хэлэлцүүлэгт шилжүүллээ

УИХ-ын чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаанаар төрөөс мөнгөний талаар 2015 онд баримтлах бодлогын үндсэн чиглэлийн төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийлээ. Эдийн засгийн байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан гишүүд асуулт асууж, хариулт авч байна. УИХ-ын гишүүн Р.Гончигдорж “Байнгын хорооны санал, дүгнэлт дээр “Монгол Улсын Засгийн газар /Д.Тэрбишдагва-д/ даалгасугай” гэсэн байна.

Д.Тэрбишдагвыг Ерөнхий сайдын үүрэг гүйцэтгүүлэх УИХ-ын шийдвэр гараагүй, албажуулаагүй байхад ингэж болж байгаа юм уу” хэмээн асуулаа. Ингэснээр байнгын хорооны санал дүгнэлтээс Д.Тэрбишдагва гэснийг авч, Засгийн газарт хэмээн үлдээхээр болсон юм. Мөн энэ үеэр УИХ-ын гишүүн Б.Чойжилсүрэн “Мөнгөний бодлого дээр тусгасан долоон хувийн зорилтыг хэрэгжүүлнэ гэдэг мөнгөний хатуу бодлого баримтална гэсэн үг үү. Өнгөрсөн хоёр жилд Монголбанк мөнгөний зөөлөн бодлого хэрэгжүүлсэн. Харин одоо хатуу бодлого руу шилжих юм уу. Долоон хувийн зорилтыг хэрэгжүүлэх боломжтой л доо. Гэхдээ ингэж хэрэгжүүлэх нь бизнес эрхлэгчдэд хэрхэн тусах вэ” хэмээн тодруулсан юм.

Монголбанкны ерөнхийлөгч Н.Золжаргал:

-Инфляцийг долоон хувьд барина гэдэг маань яг ч маш хатуу мөнгөний бодлого руу шилжинэ гэсэн үг биш. Гадаад цэвэр актив дээр хэрвээ эерэг нөлөө гарвал бид хатуу мөнгөний бодлого руу шилжих шаардлагагүй. Хэрвэээ цэвэр актив дээр эерэг үр дүн харагдахгүй бол үнэхээр хатуу бодлого руу шилжихээс өөр аргагүй болох байх. Түүнчлэн төсвийн бодлого хэрхэн хэрэгжихээс ч бас хамаарна. Хэрэв төсөв их тэлчихвэл долоон хувийн зорилтыг хэрэгжүүлэх бодлого хувийн хэвшлийнхэнд хүнд тусах байх. Тэгэхээр өнөөгийн нөхцөлд долоон хувьд барина гэдэг маань шууд хатуу бодлого руу шилжинэ гэсэн үг биш. Төсвийн бодлого мөнгөний бодлоготой хэрхэн уялдах, цаашлаад гадаад валютын орох урсгалаас л хамаарна.

УИХ-ын гишүүн Б.Чойжилсүрэн:

-Төсөв, мөнгөний бодлогын уялдаа холбоог хангах зорилгоор хамтарсан ажлын хэсэг байгуулаад, энэ амралтын өдрүүдэд ч хамаагүй ажиллая л даа. Тэгэхгүй бол Монголбанкныхан долоон хувь гээд зорилт тавьчихдаг. Төсөв чинь тэлчихлээ шүү дээ гээд сууж байх нь байна. Ингэж бодлого батлах хэрэг байгаа юм уу. Хэлэлцүүлгийг хойшлуулаад, хамтарсан ажлын хэсэг байгуулаад, яг одоо хуралдъя.

УИХ-ын гишүүн С.Дэмбэрэл:

-Төсөв, мөнгөний бодлогын уялдааг хангахад ажлын хэсэг нэлээд анхаарч ажилласан. Энэ хүрээнд хэд хэдэн санал боловсруулж, саналаа УИХ-ын Төсвийн байнгын хороонд шилжүүлсэн. Төсвийн байнгын хороо уг саналуудыг хэлэлцээд, шийдвэрлэх байх. Саналуудыг чухам ямар төвшинд хүлээн авч, анхаарал хандуулахыг мэдэхгүй байна. Миний сонссоноор Төсвийн байнгын хороо төсөвтэй холбоотойгоор бусад байнгын хороодоос ирүүлсэн саналуудыг нэг их ойшоодоггүй гэсэн.

Ингээд гишүүд асуулт асууж, хариулт авсны дараа УИХ-ын эдийн засгийн байнгын хорооноос гаргасан санал, дүгнэлтүүдээр тус бүр санал хураалгалаа. Нийтдээ зарчмын зөрүүтэй ес, найруулгын шинжтэй хоёр саналаар санал хураалгаж, гишүүд дэмжлээ. Ингэснээр мөнгөний бодлогын төслийг УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны эцсийн хэлэлцүүлэг рүү шилжүүллээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *