Монголбанкны Мөнгөний бодлогын хороо бодлогын хуралдаж бодлогын хүүг 10 хувьд хэвээр хадгалахаар боллоо. Мөн иргэдийн хэрэглээний зээлийн Өр-орлогын харьцааны дээд хязгаарыг 70 хувиар тогтоох шийдвэр гаргалаа.
Хэрэглээний үнийн индексээр хэмжсэн жилийн инфляци 2018 оны 5 дугаар сарын байдлаар улсын хэмжээнд 6.1 хувь, Улаанбаатар хотод 6.6 хувь байна. Цаашид эдийн засгийн идэвхжил нэмэгдэх ч инфляци дунд хугацаанд зорилтот 8 хувийн орчимд тогтворжих төлөвтэй байгаа аж.
Мөнгөний бодлогын хорооны мэдэгдсэнээр, Дэлхийн зах зээл дээр газрын тосны үнэ өсч байгаа хэдий ч зарим экспортын бүтээгдэхүүний үнэ өсч, манай гадаад худалдааны нөхцөл харьцангуй тогтвортой байхаар байна.Эхний улиралд эдийн засгийн өсөлт эрчимжсэн нь Монголбанкны төсөөлөлтэй нийцтэй байна. Уул уурхайн хөрөнгө оруулалт үргэлжлэн тэлж, хөрөнгө оруулагч, бизнес эрхлэгчдийн итгэл сэргэж бизнесийн орчин алгуур сайжирч байна. Экспорт нэмэгдэхийн зэрэгцээ импорт өсч байгаа нь төлбөрийн тэнцэлд сөргөөр нөлөөлөх эрсдэлтэй байна.
Өрхийн орлого алгуур нэмэгдэж байгаа хэдий ч сүүлийн жилүүдэд огцом нэмэгдэж буйн иргэдийн хэрэглээний зээлийн өсөлт өндөр түвшинд хүрч, өрхийн өрийн түвшинг нэмэгдүүлж байна. Иймээс Монголбанк иргэдийн өрийн дарамтыг хязгаарлаж улмаар санхүүгийн салбарт эрсдэл хуримтлагдахаас сэргийлэх зорилгоор банкнаас олгох иргэдийн хэрэглээний зээлд Өр-орлогын харьцааны дээд хязгаарыг тогтоож, 2019 оны эхнээс мөрдүүлэхээр боллоо.
Мөнгөний бодлогын эдгээр шийдвэрүүд нь инфляцийг дунд хугацаанд зорилтот түвшний орчимд тогтворжуулах, эдийн засгийн өсөлтөд үргэлжлэн дэмжлэг үзүүлж, макро эдийн засаг, санхүүгийн дунд, урт хугацааны тогтвортой байдлыг хангах зорилттой нийцтэй болно гэжээ.