Categories
мэдээ цаг-үе

МҮХАҮТ: Жижиг, дунд бизнесийнхэнд төрийн дэмжлэг зайлшгүй хэрэгтэй байна

Коронавирусийн тархалт дэлхийг сандаргаж буй энэ өдрүүдэд цэнхэр гаригийн эдийн засаг бүхэлдээ таагүй нөхцөлтэй нүүр тулаад байна. Манай улсын хувьд жижиг, дунд бизнес эрхлэгчдэд илүү хүнд ачаа ирээд байгаа юм. Бизнес эрхлэгчдийн өмнө тулгарсан асуудлын нэг нь зээлийн хүү болон эргэн төлөлт. Зээлийн хүүг тэглэж, эргэн төлөлтийг хойшлуулах боломж байгаа юу, засгаас хувийн хэвшлийнхэнд үзүүлэх ямар боломжууд байна вэ гэсэн асуултад хариу хайж МҮХАҮТ-ын удирдлагуудад хандлаа.


О.Амартүвшин: ХУВИЙН ХЭВШЛИЙНХНИЙ АСУУДЛААР ЗАСГИЙН ГАЗАРТ ХАНДАНА

Хувийн хэвшлийнхэнд засгийн зүгээс дэмжлэг үзүүлэх ямар гарц, гаргалгаанууд байгаа талаар МҮХАҮТ-ын ерөнхийлөгч О.Амартүвшинтэй ярилцлаа.

-Коронавирусээс үүдсэн хөл хорио жижиг дунд бизнес эрхлэгчдэд хүндээр нөлөөлж байна. Жижиг, дундууд эдийн засагт хэр нөлөө үзүүлж, жин дардаг вэ?

-Шилдэг 150 компани нийт эдийн засгийн бараг 90 хувийг бүрдүүлдэг. Харин жижиг, дунд үйлдвэрүүд эдийн засгийн арван хувийг бүрдүүлдэг юм. Гэхдээ жижиг, дундууд нийт ажлын байрны 70-80 хувийг бий болгодог. Өөрөөр хэлбэл, сая нэг зуун мянган хүнийг ажилтай орлоготой аж төрүүлдэг. Тэр утгаараа улс орнууд хамгийн түрүүнд жижиг, дунд үйлдвэрийн ажлын байрыг хамгаалахад анхаарч байна.

-Дэлхийн улс орнууд жижиг, дундуудаа яг яаж дэмжиж байна?

-Эдийн засгийн чадалтай том улсууд жижиг дунд үйлдвэрлэгчдийнхээ түрээс болон банкны хүүг нь төлж, урт хугацаатай хүүгүй шахуу зээл олгож байна. Ажлын байрыг хадгалах нь бүгдээс чухал учраас тэр л дээ. Ажилгүйдэл гаарвал эдийн засаг, нийгэмд үүсэх хохирол нь асар том болохоор жижиг, дундуудаа онцгойлон дэмжиж байна. Тэр олон компани дампуурвал ажлын байр байхгүй болно. Хүн амын орлогын албан татвар, нийгмийн даатгал төлөх гэсэн ойлголт үгүй болно. Ер нь ажлын байрыг хадгалж үлдэх нь нийгэм эдийн засгийн асуудлууд хэвийн үргэлжлэх суурь нөхцөл л дөө.

-Танхимын зүгээс бизнес эрхлэгчдээ дэмжсэн ямар гарц гаргалгаа, шийдлийг Засгийн газарт санал болгох гэж байна вэ?

-Бид энэ асуудалд тодорхой үе шаттайгаар хандаж байгаа. Нэн яаралтай авах арга хэмжээ гэвэл стратегийн арван зургаан нэрийн хүнсээ таслахгүй байлгах. Үйлдвэрлэгч, импортлогчидтой хоёр удаа уулзалт хийлээ. Сүүлийн уулзалтад УИХ-ын дарга, Монгол банкны ерөнхийлөгч оролцсон. Гол нэрийн арван зургаан төрлийн хүнсээ тасалдуулахгүй, үнийг нь хөөрөгдөхгүй байх чигт яаж анхаарах тухайгаа ярилцлаа. Энэ тал дээр компаниуд үүргээ ухамсарлаж, Засгийн газар анхаарах зүйлсээ сонссоноор уулзалт өндөрлөсөн. Цагаан будаа, элсэн чихрийг гаднаас импортолдог. Эдгээр бүтээгдэхүүний татварыг гурваас зургаан сараар хойшлуулах тухай асуудлыг ярьж байна. Жижиг, дунд үйлдвэрлэгчдээ дэмжиж байгаагийн нэг илрэл гэж хэлж болно. Монголбанкны тухайд жижиг, дунд бизнес эрхлэгчдийн зээлийн хүүг хойшлуулах гэх мэт асуудалд анхаарч ажиллахаа илэрхийлсэн. Үндсэн зээл төлөлттэй холбоотой хүндрэл үүсэхэд тухайн банк зээлийн бүтцийг нэг удаа өөрчлөх эрхтэй байдаг. Зээлийн бүтцийг хоёр удаа өөрчлөх асуудлыг ярилцаж үзье гэсэн байр сууриа төв банк илэрхийллээ.

-Монголбанк бодлогын хүүгээ огцом буулгах хэрэгтэй гэсэн санал гаргасан эдийн засагчид бий. Таны сая онцолсон уулзалтын үеэр энэ асуудлыг хөндсөн үү?

-Хөндсөн. Бодлогын хүүг огцом буулгах чиглэлээр төв банкнаас шийдвэр гарах болов уу гэсэн хүлээлт байна.

-Түрээслэгчид түрээсээ төлж чадахгүй байгаа юм билээ. Тэд танхимд хандсан уу?

-Өнөөдөр (өчигдөр) хандлаа. Танхимын зүгээс нөгөөдөр (маргааш) түрээслэгчидтэй уулзах гэж байна. Түрээслэгч, түрээслүүлэгч хоёрын хооронд асуудал үүсээд байна. Тодотгож хэлэхэд гэрээ хэлцлүүд нь хангалтгүй байна. Түрээслэгчдийн хувьд түрээслүүлэгчийн давуу эрхийн дор хийгдсэн гэрээнд гарын үсэг зурчихдаг хандлага нийтлэг анзаарагддаг. Тэдний хооронд үүсээд байгаа гол шалтгааны нэг нь энэ.

-Нэг талд үйлчилсэн гэрээ байгуулчихдаг гэсэн үг үү?

-Тэгж ойлгож болно.

-Түрээслэгчдийн асуудлыг шийдэх хууль зүйн гарц гаргалгаа байна уу?

-Хамгийн гол нь тэд хоорондоо ойлголцох хэрэгтэй. Мэдээж бүгд ашиг олохын төлөө ажиллаж байгаа. Гэхдээ давагдашгүй хүчин зүйл үүсч байгаа тохиолдолд ганцаараа ашиг олох нь ёс зүйгүй үйлдэл шүү дээ. Зардлаа харилцан хуваалцах хэрэгтэй. Түрээслэгч, түрээслүүлэгч хоёулаа эрсдэлээ тодорхой хэмжээгээр хувааж үүрэх гэсэн гарц бий. Байж болох хамгийн сайн хувилбар бол түрээсийн төлбөрийн 50 хувийг чөлөөлөх. Ойлголцоод түрээсээ бууруулна гэдэг л хамгийн зөв зам. Сайн жишээнүүд дуулдаад эхэллээ. Түрээсийн төлбөрөө 60, бүр 100 хувь чөлөөлсөн зах байна. Түрээслэгч нь түрээсийн төлбөрийг гэрээгээр тогтоосон хугацаанд төлөх үүрэгтэй ч COVID-19 вирус дэгдсэнтэй холбогдуулан эрх бүхий байгууллагаас тогтоосон хорио цээр гэсэн асуудал бий. Хорио цээр тогтооно гэдгийг гэрээ байгуулах үед урьдчилан мэдэх боломжгүй. Талуудын хяналтаас гадуур зүйл. Гэрээний аль нэг талаас үл хамаарах давагдашгүй хүчин зүйл тул түрээсийн төлбөрийн үүргийн хувьд хоёр янзын эрх зүйл үр дагавар үүсч байна. Түр зогсоосон, хориглосон бол түрээсийн төлбөрөөс чөлөөлөгдөх гарц бий. Тодруулж хэлбэл байр талбайн түрээсийн гэрээний зориулалт нь төрийн эрх бүхий байгууллагын шийдвэрээр хориглосон үйл ажиллагаануудад хамаарч байвал Иргэний хуульд заасанчлан хөлс төлөхөөс татгалзах эрх байгаа. Өөрөөр хэлбэл түрээсийн төлбөрийн үүргээс бүрэн чөлөөлөгдөх эрхтэй. Хоёрдугаарт хязгаарласан, дам нөлөөнд өртсөн тохиолдолд түрээсийн төлбөрийн хугацааг хойшлуулах, хариуцлагаас чөлөөлөгдөх гарц бас байгаа. Мөн л иргэний хуулиар шийдэгдэх асуудал.

-Нийслэлийн Засаг даргын захирамж зарим үйлчилгээг тас хорьсон. Энэ шийдвэрээс болж зарим үйлчилгээ эрхлэгч орлогогүй болж, ажилчид нь цалингүй амьдарч байгаа. Бизнесгүй, ажилгүй болсон иргэд зээлээ төлөх аргагүйд хүрлээ. Үүн дээр та ямар байр суурьтай байгаа вэ?

-Бид мэдээж сэрэмжлэх ёстой. Дэлхийг айлгасан аюултай өвчнөөс сэрэмжлэхээс аргагүй. Гэхдээ хэтэрхий туйлшрах хандлага анзаарагдаж байна. Сүүлдээ бүр зарим аймаг согтууруулах ундааны борлуулалтыг бүтэн сараар хорьж эхэллээ. Хөл хорио нэг талдаа зөв ч нөгөө талдаа эдийн засагт хор хохирол ихтэй. Ер нь хориглох нь хамгийн амархан арга. Өөр гарц шийдлүүдийг эрэлхийлэх хэрэгтэй. Хорио цээр дээр учиртай хандах хэрэгтэй. Байдал ямар хэцүү болсныг ойлгож байгаа ч бүгдийг тас хорих нь зөв гарц биш. Цагийн хуваарийг нь өөрчлөх гэх мэт олон арга бий.

-Танхимын зүгээс Засгийн газарт ямар саналууд тавих гэж байгаа вэ?

-Компаниудын өмнө тулгарсан гурван асуудал байна. Түрээс, банкны хүү буюу үндсэн зээлийн эргэн төлөлт, нийгмийн даатгалын асуудлууд. Компаниуд ажилчдынхаа цалинг тавих нь тодорхой. Тэр болгонд нийгмийн даатгалын шимтгэлийн зардал шууд үүсч байгаа. Томоохон компаниудын хувьд хэвийн төлөөд явах ч дунд болон жижгүүд төлж чадахгүй байна. Төлж чадахгүйд хүрэхээр нь манайхны хэрэглэдэг арга ойлгомжтой байдаг. Дансыг нь хааж, хүү, торгууль алданги тавиад эхэлдэг. Ядаж ийм захиргааны шинжтэй зүйлүүдээ болиоч ээ гэсэн хүсэлт саналыг Засгийн газарт тавина. Үйл ажиллагаа нь эргээд хэвийн болвол төлж л таарна. Саалийн үнээгээ алаад идчихэж болохгүй гэдэгтэй л агаар нэг асуудал шүү дээ. Өнөөдөр чи үүргээ биелүүлсэнгүй гээд хаагаад, хориод, торгоод байвал дараа нь хэн тэр мөнгийг нь бүрдүүлэх юм бэ гэдэг асуудал үүснэ.

-Жижиг, дунд бизнес эрхлэгчдэд урт хугацааны хямд зээл хэрэгтэй байгаа. Энэ чигийн хүсэлт тавих уу?

-Тавина. Жижиг, дунд үйлдвэрлэлээ хямд, урт хугацааны эх үүсвэрээр санхүүжүүлж дэмжээч гэдэг асуудлыг хөндөнө. Ажлын байрыг хадгалахын тулд ингэхээс өөр гарц байхгүй. Нэг зүйлийг нэмж хэлэхэд өөрсдөө үйлдвэрлэгч болох талд танхимын зүгээс түлхүү анхаарна. Манай импортын барааны 30 хувь Хятадаас хамааралтай. Урд хөршөөс гадна Тайланд, Зүүн өмнөд Ази, Орос, Европоос хүнсний бүтээгдэхүүнүүдээ импортолдог. Чадах зүйлээ дотооддоо үйлдвэрлэе гэж зорьж байна. Гол нэрийн бүтээгдэхүүнүүд дээр боловсруулах үйлдвэрүүдийг цаг алдалгүй байгуулах санаачилгыг танхимаас эхлүүлье гэж байгаа. Даатгалын салбараа хөгжүүлэх хэрэгтэйг коронавирус ойлгуулж байна. Та бид хоёрын яриад суугаа энэ асуудлууд уг нь даатгалаар шийдэгдчихээр зүйл л дээ. Даатгал эрсдэлийг бууруулах учиртай үйлчилгээ. Бусад улсууд шиг богино хугацаанд асуудлыг шийдэх эрсдэлийн сангууд манайд алга. Үндэсний баялгийн сан гэж яриад суугаа зүйлээ хурдан эхлүүлэх хэрэгтэй. Нэг талаасаа үндэсний зөвшилцлийг эхлүүлэх боломж үүсээд байна л даа. Монгол Улсын Ерөнхийлөгч БНХАУ-д айлчиллаа. Монголчууд хамгийн түрүүнд сэтгэл санааны дэмжлэг, эв санааны нэгдлээ харууллаа. Зөвхөн Хятад төдийгүй дэлхийн улс орнууд биднийг магтаж сайшааж байна. Монголчуудын хувьд энэ бол маш том үүрэг. Үүн дээрээ дөрөөлөөд том бүтээн байгуулалтууд өрнүүлээд явбал улсын эдийн засаг илүү сайн хөгжих боломж бүрдэнэ. Танхим богино, дунд, урт хугацааны гэсэн гурван төлөвлөгөөг Засгийн газарт хүлээлгэж өгнө. Бид нэгэнт хувийн хэвшилд суурилсан эдийн засгийн загварыг сонгочихсон. Одоо үүнийгээ бодитойгоор хэрэгжүүлэх боломж бүрдлээ гэж харж байна.

Т.Дүүрэн: ЗЭЭЛИЙН ХҮҮГ ТЭГЛЭХ ЭСЭХ НЬ ХАДГАЛАМЖ ЭЗЭМШИГЧДЭЭС Л ШАЛТГААЛНА

МҮХАҮТ-ын дарга Т.Дүүрэнгээс хөл хорио тогтоосон хугацаанд зээлийн хүүг тэглэх ямар боломж байгааг тодруулсан юм.


-Зээлийн хүүг тэглээд, хугацааг нь хойшлуулах ёстой гэсэн саналыг жижиг, дунд үйлдвэр, компаниуд тавьж байна. Үүн дээр ямар гарц харагдаж байна вэ?

-Ажилгүйдэл газар авна. Хувийн хэвшил сая нэг зуун ажлын байр бий болгодог. Том компаниудын хувьд удаан жил түншилсэн банктайгаа хэлэлцээр хийгээд асуудлаа шийдчихнэ. Гэтэл 1-1.5 сарын эргэлтэн дээр тогтдог жижиг дунд үйлдвэрүүд, гуанз ресторан, цайны газрууд буюу үндсэн ажлын байрыг бий болгож буй аж ахуйн нэгжүүд санхүүгийн хүндрэлд орж байна. Ихэнх нь хувьдаа машин, орон сууцны лизингтэй. Үүнийгээ сар сарын хугацаатай төлдөг байсан бол одоо орлогогүй болчихлоо. Банк зээлээ нэхэх нь тодорхой.

Эргэлтийн хөрөнгө нь гацчихлаа, цаашдаа бүр эргэлтийн мөнгө ч үгүй болох эрсдэл бий. Эргэлтийн хөрөнгөгүй болсон бизнес эрхлэгчид үндсэн хөрөнгөө зарж эхэлнэ. Өөрөөр хэлбэл, эдийн засагт гацаа үүсчихээд байна. Энэ гацааг дахиад нэг сар сунгавал хүмүүс тэсэхгүй. Энэ гацааг хэн нэгэн тайлах ёстой. Үүнийг бид хамтын хүчээр тайлахаас аргагүй.

Ер нь бүгд л тодорхой хэмжээний эрсдэл хүлээнэ.

-Хамтын хүчээр шийдэх ямар гарц байна вэ?

-Монгол Улс чөлөөт эдийн засагт шилжсэний дараахь 30 жилийн хугацаанд анх удаа ийм давагдашгүй зүйлтэй тулгарч байна. Эдийн засаг бол хүмүүс хоорондын л харилцаа. Эдийн засаг наймаан дээр л тогтож байгаа. Хүний харилцаа учраас хүмүүс хоорондоо тохирохоос аргагүй. Бизнес эрхлэгч, түрээслүүлэгчид алдагдлаа хүлээе. Тэдэнд мөнгө гаргаж өгч байгаа банк тодорхой хэмжээгээр алдагдлаа хүлээе. Нэмэлтээр ямар зардал гарах шаардлагатайг нарийн тооцоод төр засаг байгаа хөрөнгөө цаг алдалгүй гаргах хэрэгтэй. Ийм дөрвөн түвшинд эрсдлээ хуваая. Төр засаг анхаарах ёстой гээд шууд төр засаг руу дайрах ч юм уу хүүгээ бууруулах ёстой гэж банкуудыг шүүмжлэх нь өрөөсгөл хэрэг. Банкны цаана төр засаг бэлэн байна гэдгээ илэрхийлчихсэн. Компаниуд эрсдэлээ хүлээж авахаа ойлгож байгаа. Харин банкуудын тайлбарлаад байгаа зүйлийн цаана хадгаламж эзэмшигчид бий. Өөрөөр хэлбэл хадгаламж эзэмшигчидтэйгээ, нийт ард иргэдтэйгээ хамт эрсдлийг хувааж үүрэх учиртай болж байна.

-Хадгаламж эзэмшигчид хадгаламжийнхаа хүүг хөл хорионы хоёр сарын хугацаанд авахаасаа татгалзвал зээлийн хүүний асуудал шийдэгдэнэ гэж хэлэх гээд байна уу?

-Яг тийм. Хоёр сарын хугацаанд зээлийн хадгаламжийн хүүнээсээ татгалзахад болохгүй юм байхгүй. Жишээ нь, би хүүхдийнхээ нэр дээр хорин сая төгрөг хадгалуулсан. Хадгаламжийнхаа хүүнээс татгалз гэвэл татгалзана. Яг энэ санааг үндэсний хэмжээнд ярих цаг болсон. Эвтэй бол хүчтэй гэсэн философиор л бид энэ эрсдэлийг давж гарна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *