МУИС-ийн Хууль зүйн сургуулийн төгсөн ангийн оюутнууд нийт зургаан сая орчим төгрөгийн төхөөрөмжийг Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвд (ЭХЭМҮТ) бэлэглэжээ. ЭХЭМҮТ-ийн зургаан тасагт найман төрлийн нийт 20 төхөөрөмжийг хандивласан байна. 2013 оноос эхлэн энэхүү үйл ажиллагааг явуулж эхэлжээ. Эхний жил мөн Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийг сонгосон байна.
МУИС-ийн Хууль зүйн сургуулийн төгсөх курсын оюутан Б.Ичинхорлоо “Өнгөрөх жилүүдэд нярай хүүхэд рүү чиглэсэн үйл ажиллагаа явуулсан. Харин энэ жил бид бүх насны хүүхдэд зориулсан, өдөр тутам хэрэглэдэг төхөөрөмжүүдийг хандивлалаа” гэв. Өнгөрсөн жилүүдэд Нэгдүгээр төрөх эмнэлэг, Нийслэлийн хоёрдугаар амаржих газар, ХӨСҮТ-д хэрэгцээтэй тоног төхөөрөмжүүдийг бэлэглэсэн байна. Эдгээр төхөөрөмжийг оюутнууд жил бүр хонхны баярын төсвөөсөө зарцуулдаг байна.
Э.Анхмаа