Монголын ууган их сургууль МУИС байгуулагдаж, үндэсний дээд боловсролтой мэргэжилтэн бэлтгэж эхэлсний 75 жилийн ой энэ сарын 05-06 нд тохиож байна. Ойн хүрээнд зохион байгуулах ажлын талаар өнөөдөр сэтгүүлчдэд мэдээллээ.
“Түүхт 75 жилийн ой нь Монгол Улсад дээд боловсролтой үндэсний мэргэжилтэн бэлтгэж эхэлсний ой, манай оронд дээд боловсролын тогтолцоо үүсэн буй болсны түүхэн ой юм. МУИС нь 1946 онд анхны төгсөлтөө хийснээс хойш 71 удаагийн төгсөлтөөр 100 мянга орчим их сургуулийн боловсролтой мэргэжилтэн бэлтгэж, бакалавр, магистр, докторын сургалт явуулдаг Монгол Улсын боловсрол, шинжлэх ухааны тэргүүлэгч гол төв болон өсөн бэхжиж ирлээ” гэдгийг тус сургуулийн захирал, доктор Я.Төмөрбаатар онцлов.
Тэрбээр хэлэхдээ, “МУИС-ийн хамт олон 75 жилийн ойн босгон дээр дэлхийн жишигт нийцсэн номын сан ашиглалтад орж, Монголын анхны хиймэл дагуул “Мазаалай”-г сансарт хөөргөж томоохон амжилтаар өмнөх ололтоо бататган угтаж байна. МУИС-ийг сургалтад суурилсан их сургуулиас тогтвортой хөгжлийн үзэл баримтлал бүхий академик мэдлэгийг нийгэм-эдийн засгийн эргэлтэд оруулдаг, хөгжил дэвшил хувь нэмрээ оруулдаг, либерал арт боловсрол олгодог цогцолбор судалгааны их сургууль болгохын сацуу Азийн тэргүүлэх 100 сургуулийн нэг болгох зорилт тавин ажиллаж байна” гэв.
Тус сургууль нь өнөөдөр 20 мянга гаруй оюутан 1500 гаруй салбар бүрийн шилдэг тэргүүлэх доктор профессор, багш ажилчид, 5 бүрэлдэхүүн сургууль, 2 салбар сургууль, 44 тэнхим, бие даасан 21 нэгжтэй үйл ажиллагаа явуулж байна.
Ойн хүрээнд томоохон хурал зөвлөгөөн, Шинэ номын сангийн нээлт, МУИС эрдмийн музей, МУИС brand shop зэргийг нээхээр төлөвлөжээ. Мөн “МУИС-Хөрөнгө оруулалтын форум”-ыг энэ сарын 05-нд зохион байгуулах юм. Энэхүү хуралд гадаад дотоодын 150 төлөөлөгч оролцож МУИС-ийн гадаад, дотоод хамтын ажиллагаанд нэн тэргүүнд хэрэгцээтэй арга замыг нээх, МУИС-ийг ирээдүйд хөгжүүлэхэд түлхэц болох хөрөнгө оруулалт, хөгжлийн төсөл хөтөлбөрүүдийг танилцуулна гэдгийг зохион байгуулагчид нь хэллээ.