Categories
мэдээ спорт

МУГТ М.Анхцэцэг өнөөдөр “Ташкент-2021” ДАШТ-ий дэвжээнд гарна

Узбекистаны нийслэл Ташкент хотноо хүндийг өргөлтийн дэлхийн аварга шалгаруулах 86 дахь удаагийн тэмцээн явагдаж буй. Уг нь Перу улсад зохиогдох хуваарьтай байсан ч цар тахлын нөхцөл байдлаас болж Узбекистанд болж буй энэ удаагийн ДАШТ-д 74 орны 432 туйванч 20 цогц медалийн төлөө хүч үзэж байгаа.

Дэлхийн шилдэг багууд болох БНХАУ, БНАСАУ баг тамирчдаа оролцуулахгүй гэж шийдсэн, мөн “Токио-2020” олимпийн аварга 10, дэлхийн аварга 15 тамирчин Ташкентад ирээгүй тул олон шинэ аварга, медальтнууд төрөх боломжтой болсон юм.
Манай Монголын хүндийг өргөлтийн шигшээ баг ДАШТ-д Монгол Улсын гавьяат дасгалжуулагч Ц.Хосбаярын удирдлага доор дөрвөн тамирчинтай оролцохоор бэлтгэж байсан боловч 71 кг -ийн жинд өрсөлдөх байсан Г.Ануужин, 81 кг-ийн жинд өрсөлдөх байсан Э.Билэгсайхан нар гэмтлийн улмаас энэ удаагийн ДАШТ-ийг өнжих болсон нь харамсалтай.
Ташкентийн ДАШТ-ий эмэгтэйчүүдийн 71 кг-ийн жинд ОХУ-ын Е.Гусева огцом өргөлтөөр 104 кг өргөөд алтан медаль авч байна лээ. Г.Ануужин тэмцээний өмнөх бэлтгэл дээр 105 кг өргөж байсан гэхээр бас л…
Ингээд манай хоёр туйванч охин Узбекистаныг зорьсон.
59 кг-ийн жинд Энхбаатарын Энхтамир(21 настай) “С” хэсэгт багтан ,огцомоор 82 кг, түлхэлттэй өргөлтөөр 96 кг өргөж, нийлбэр дүнгээр 178 кг-ийн амжилтаар жиндээ 27 тамирчнаас ү 20 дугаар байрт бичигдсэн.
87 кг-ийн жинд Монгол Улсын гавьяат тамирчин, ДАШТ-ий хошой хүрэл медальт( огцом өргөлтөөр), Мөнхжанцангийн Анхцэцэг өнөөдөр ( 2021.12.16-нд) дэвжээнд гарч, “А” хэсгийг манлайлан өргөлтөө хийнэ. Энэ хэсэгт 11 тамирчин байгаа бөгөөд Анхаа захиалгаа 255 кг -аар өгсөн нь хамгийн өндөр нь. Түүнтэй адил захиалга өгсөн ганцхан тамирчин нь ОХУ-ын Дарья Ахмерова хэмээх ” битүү морь”. Томоохон тэмцээнд орж байгаагүй, энэ жил 21 нас хүрсэн тамирчин байна. Нэг үгээр манай Анхаагийн гол өрсөлдөгч гэхэд болно. Анхаагийн жинд “Токио-2020” олимпийн медальтнуудаас хэн нь ч ирээгүй. Тэгэхээр манай Анхаад маш том боломж байна.
2017, 2019 онд ДАШТ-ээс хүрэл медаль хүртэхдээ Анхаа огцом өргөлтөөр авч байсан. Тэгвэл энэ удаа нийлбэр дүнгээр ч “том” медаль зүүх, бүүр дэлхийн аварга болох магадлал маш өндөр гэж болно.
“Ташкент-2021” ДАШТ-ий эмэгтэйчүүдийн 87 кг-ийн жингийн “А” буюу М.Анхцэцэгийн хэсгийн өргөлт Ташкентийн цагаар 12 сарын 16-ны оройны 19:00 цагаас ( Улаанбаатарын цагаар өнөө оройны 22:00 цагаас) эхэлнэ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *