Монголын ард түмний сонорыг дуу хуураараа мялааж байдаг олон түмний дунд Завхан нутгаараа овоглогдон алдаршсан Монгол Улсын гавьяат жүжигчин, дуучин С.Батсүх Ардын Жүжигчин болжээ.
Түүний аялгуулсан, дуулсан дуу бүхэн нь “Хит” болж, сонсогчдынхоо сонорыг нь мялааж, мэлмийг нь баясган, сэтгэлийг нь хөглөж байдаг юм.
С. Батсүх нь 1957 онд Завхан аймгийн Алдархаан суманд төрсөн. Завхан аймгийн ХДТ-ын гоцлол дуучин байхдаа Монгол Улсын Гавьяат Жүжигчин цолыг 1993-07-08-ны өдөр хүртсэн юм.
Тэрээр орон нутагтаа малчин, ардын армид байлдагч, аймгийн барилга угсралтын конторт барилгачин зэрэг ажлыг хийж байгаад 1983 оноос Завхан аймгийн ХДТ-т жүжигчин, дуучнаар оржээ. Зохиолын дууг ардын дууны арга маягаар дуулж амьдруулах өөрийн өвөрмөц барилтай болж “Завхан гол”, “Нутаг амьтай аав”, “Отгонтэнгэр”, “Тэсийн гол”, “Дуут нуур” гэх мэт, ихэвчлэн Завхан нутгийн тухай дуунуудаараа олонд алдаршин, нийтийн дууны сан хөмрөгт хувь нэмрээ оруулсан байна. “Ардын эрх” сонины газраас зохион байгуулсан зохиолын дууны “Хит-парад”-ын анхны наадамд “Завхан гол” дуугаараа тэргүүлж, “Дөрвөн улирлын өнгө” дуу нь олон жил шилдэг таван дууны нэгэнд орж байжээ. “Морин хуур” дуу хөгжмийн наадамд удаа дараа амжилттай оролцсон байна.