Categories
мэдээ нийгэм

МУБИС-ийн хичээлийн тавдугаар байр ашиглалтад орлоо

Монгол Улсын Боловсролын Их сургууль /МУБИС/-ийн хичээлийн тавдугаар байр ашиглалтад орж, өнөөдөр нээлтээ хийлээ.

Өнгөрсөн оны долдугаар сард шаваа тавьсан тус таван давхар барилга ашиглалтад орсноор хичээлийн 15 анги танхим, оюутанд үйлчлэх газар, цайны газар, биеийн тамирын заал бүхий 2750 гаруй ам метр талбай нэмэгдэж байна.

Монгол Улсад дуу хөгжмийн мэргэжлийн багшийн ангийг 1962 онд Багшийн сургуульд нээж, 1992 оныг хүртэл тасралтгүй сургалтын үйл ажиллагаа явуулж нийт 700 гаруй багш бэлтгэжээ. Өнөөдөр сургуулийн өмнөх боловсрол, ЕБС-д улсын хэмжээнд 1000 гаруй дуу хөгжмийн мэргэжлийн багш дутагдалтай байна гэсэн статистик мэдээлэл бий. Сүүлийн 20-иод жил тасалдсан мэргэжлийн хөгжмийн багш бэлтгэх анги хичээлийн шинэ байранд хичээллэх юм.

Шинэ сургуулийг нээж БСШУСЯ-ны Төрийн нарийн бичгийн Б.Баярсайхан хэлэхдээ, “Манай улс эдийн засгийн хямралаас илүү ёс суртахууны хямралд ороод байна. Бүүвэйн дуу анхлан сонсдог хүүхэд А үсэг заалгахаас өмнө урлаг, дуу хөгжмөөр дамжуулан хүмүүжиж, хүнлэг энэрэнгүй, ёс суртахуунтай хүн болон төлөвшдөг. Эх орондоо хайртай хүмүүнлэг иргэн бэлтгэхэд хамгийн том үүргийг хөгжмийн багш нар гүйцэтгэдэг. БСШУСЯ-наас зарласан нэн шаардлагатай мэргэжлийн нэг нь дуу хөгжмийн багш. Тиймээс энэ сургуулийг төгсөгч хүн бүр 100 хувь ажлын байраар хангагдана. Энэхүү эрдмийн өргөөнд суралцагчдаас улс эх орондоо төдийгүй дэлхийд нэрээ дуурсгасан алдартнууд олноор төрөн гарна гэдэгт эргэлзэхгүй байна” гэв.

Багшийн сургуулийн дуу хөгжмийн мэргэжлийн багшийн ангийг СГЗ, хөгжмийн зохиолч Д.Жанчив, Ардын жүжигчин С.Гончигсумлаа, Төрийн хошой шагналт, Ардын жүжигчин Н.Жанцанноров, Төрийн соёрхолт Ардын жүжигчин Б.Шарав, Г.Равдан нарын олон алдартан төгсчээ.

Тус өргөтгөлийн барилгад Монгол Улсын боловсролын ууган сургууль болох Багшийн сургуулийн Урлагийн тэнхимийн багш, оюутнууд болон МУБИС-ийн харьяанд үүсэн байгуулагдаад удаагүй ч өргөжин тэлж буй ЕБС-ийн шинэ анги хичээллэх аж.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *