Categories
мэдээ нийгэм

МСҮТ-д суралцагч 100 мянган төгрөгийн тэтгэлэг авна

Засгийн газрын ээлжит хуралдаан 2019 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр болж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэр гаргалаа.

Төрийн албан хаагчтай холбоотой журмуудыг батлав.

Төрийн албаны тухай хуулийн шинэчилсэн найруулга хэрэгжиж эхэлсэнтэй холбогдуулан төрийн албан хаагчтай холбоотой журмуудын төслийг хэлэлцэн баталлаа. Төрийн албан хаагчид мөнгөн болон материаллаг хэлбэрээр шагнал, мөнгөн урамшуулал олгоно. Тухайлбал эд зүйл болон үнэ бүхий зүйл дурсгах, Монгол Улсын цол, төрийн дээд одон, медаль, Засгийн газар болон төрийн байгууллагын шагналд тодорхойлох, улирлын ажлын үр дүнгээр мөнгөн урамшуулал олгохоор журамд тусгажээ. Төрийн албан хаагч өндөр насны тэтгэвэрт гарахад олгох нэг удаагийн буцалтгүй тусламжийн дээд хэмжээ тухайн албан хаагчийн 36 сарын үндсэн цалингаас ихгүй байхаар тогтлоо. Мөн хуульд өөрөөр заагаагүй бол албан үүргээ гүйцэтгэх явцад амь нас нь хохирсон бол 60 сарын албан тушаалын үндсэн цалинтай тэнцэх хэмжээний нэг удаагийн буцалтгүй тусламжийг ар гэрт нь олгох юм. Төрийн болон орон нутгийн өмчийн цэцэрлэгийн багш, туслах багшид ажлын үр дүнг нь харгалзан сарын үндсэн цалингийн 20 хүртэл хувьтай тэнцэх хэмжээний мөнгөн урамшууллыг улирал бүр олгоно. Төрийн болон орон нутгийн өмчийн цэцэрлэг, сургуулийн ажилтнууд үндсэн цалингийн 15 хүртэл хувьтай тэнцэх хэмжээний мөнгөн урамшууллыг улирал бүр авч байх юм. Мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллагын багш, ажилтнууд мөн үндсэн цалингийн 10 хүртэл хувьтай тэнцэх хэмжээний мөнгөн урамшууллыг улирал бүр олгоно.

Түүнчлэн төрийн албан хаагчид нөхөх төлбөр олгох, албан үүргийг түр орлон гүйцэтгүүлсний цалин, урамшуулалтай холбоотой журмыг баталлаа.

Мэргэжлийн сургалт, үйлдвэрлэлийн төвд суралцагч 100 мянган төгрөгийн тэтгэлэг авна

Мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллагын суралцагчдад сар бүр 100 мянган төгрөгийн тэтгэлэг олгохоор боллоо. Мэргэжлийн боловсролын түвшний 2.5 жил, нэг жилийн өдрийн анги, техникийн боловсролын түвшний гурав, 1.5 жилийн өдрийн ангийн суралцагч тэтгэлэг авна.

Өмнө нь тухайн суралцагч ирцээс хамааран тэтгэлэг авдаг байсан бол одооноос үнэлгээ, ирцийг хамт авч үздэг байхаар өөрчиллөө. Тухайлбал “D” үнэлгээтэй, 75-аас дээш хувийн ирцтэй бол 70 мянга, “С” бол 80, “В” бол 90 мянга, “А” бол 100 мянган төгрөг авна гэсэн үг юм. Гэхдээ тухайн суралцагч нийт хичээлийн дөрөвний нэгээс дээш буюу 33-аас дээш цагийн хичээлд суугаагүй бол ямар ч үнэлгээтэй байсан тэтгэлэг олгохгүй байхаар журамд заажээ.

2018-2019 оны хичээлийн жилд техникийн боловсрол, мэргэжлийн боловсрол, мэргэжлийн түр сургалтад 37 мянга гаруй хүн суралцаж байна.

Товч мэдээ

– “Гамшгийн хохирол, хэрэгцээний үнэлгээ хийх журам”-ыг баталлаа. Үнэлгээ нь шуурхай, гамшгийн хор уршгийг арилгах үед хийгдэх нөхцөл байдлын, хойшлуулшгүй сэргээн босгох үеийн гэсэн гурван шаттай байх юм. Ингэснээр хохирлыг шуурхай, бодитой тооцож, гамшигт нэрвэгдсэн хүн амын хэрэгцээ, нөөцийн бэлэн байдал, яаралтай болон хүмүүнлэгийн тусламжийн зохицуулалт сайжирч, хойшлуулшгүй сэргээн босголт болон хөгжлийн төлөвлөлтийн үр дүн нэмэгдэнэ гэж үзлээ.

– Үндэсний эрх чөлөөний хувьсгалын удирдагч, наймдугаар Богд Жавзандамба хутагтын мэндэлсний 150 жилийн ойг энэ онд орон даяар тэмдэглэн өнгөрүүлэх тухай Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигийн төслийг зарчмын хувьд дэмжив.

– Төр, нийгмийн зүтгэлтэн, Ерөнхий сайд асан Цэнгэлтийн Жигжиджавын мэндэлсний 125 жилийн ойн хүрээнд босгох хүрэл хөшөөний зардалд шаардагдах хөрөнгийг Засгийн газрын нөөц сангаас гаргахаар болов. Хөшөөг Сүхбаатар аймгийн Баруун-Урт хотын төв дэх Ерөнхий сайд Ц.Жигжиджавын гудамж, нэрэмжит цэцэрлэгт хүрээлэнд байрлуулах юм.

– Монгол Улсын Төрийн соёрхолт, Урлагийн гавьяат зүтгэлтэн, хөгжмийн зохиолч Б.Шарав, Төрийн хошой шагналт, Ардын жүжигчин, хөгжмийн зохиолч Н.Жанцанноров нарын эмчилгээний зардалд зориулж тус бүр 10 сая төгрөгийг Засгийн газрын нөөц сангаас гаргахаар болов.

Яамдын дэд сайд, төрийн нарийн бичгийн дарга нарыг томилов

Ганбатын Элбэгсайханыг Хууль зүй, дотоод хэргийн дэд сайдаар томилов. Г.Элбэгсайхан нь 1977 онд Төв аймгийн Баяндэлгэр суманд төрсөн.1994 онд нийслэлийн 10 жилийн дунд сургууль, 1998 онд МУИС-ийн Хууль зүйн дээд сургууль, 2006 онд Английн Эксетерийн их сургуулийг тус тус төгссөн. Англи, орос хэлний мэдлэгтэй. 1998-2001 онд “Балко” ХХК-д хуулийн зөвлөх, 2001-2012 онд Хууль зүй, дотоод хэргийн яаманд мэргэжилтэн, газрын дарга, 2012 онд Гадаадын иргэн, харьяатын газрын дэд дарга, 2013-2017 онд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газарт хэлтсийн дарга, газрын дарга, дэд даргаар ажиллаж байсан бөгөөд 2017 оноос Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын Тэргүүн дэд даргаар ажиллаж, төрийн албанд тэрдундаа хууль эрхзүйн салбарт тасралтгүй 18 жил ажилласан туршлагатай аж.

Бэгзжавын Мөнхбаатарыг Барилга, хот байгуулалтын дэд сайдаар томилов. 1975 онд Улаанбаатар төрсөн. 1992 онд Төв аймгийн 10 жилийн дунд сургууль, 1996 онд Техникийн их сургууль, 2001 онд МУИС-ийн Нийгмийн факультет, 2003 онд МУИС-ийн Хууль зүйн сургууль, 2006 онд Зүүн Лондонгийн их сургуулийг тус тус суралцан төгссөн. Англи, орос хэлний мэдлэгтэй. 1998-2001 Монголын ардчилсан социалист оюутны холбооны Ерөнхий нарийн бичгийн дарга, 2001-2002 онд нийслэлийн МАХН-ын /хуучнаар/ улс төрийн ахлах зөвлөх, 2002-2004 онд БСШУЯ-ны Төрийн захиргаа, хамтын ажиллагааны хэлтсийн дарга, газрын орлогч дарга, 2006-2008 онд нийслэлийн ЗДТГ-т хэлтсийн дарга, 2008 оны 1-12 дугаар сард Баянзүрх дүүргийн Засаг дарга, 2008-2012 онд нийслэлийн Засаг даргын орлогч, 2014-2015 онд Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын дэд сайдаар тус тус ажиллаж байсан бөгөөд 2016 оноос “Оюу толгой” ХХК-ийн ТУЗ-ын гишүүн, гүйцэтгэх захирлаар ажиллаж байна. 1998-2001 Монголын ардчилсан социалист оюутны холбооны Ерөнхий нарийн бичгийн дарга, 2001-2002 онд нийслэлийн МАХН-ын /хуучнаар/ улс төрийн ахлах зөвлөх, 2002-2004 онд БСШУЯ-ны Төрийн захиргаа, хамтын ажиллагааны хэлтсийн дарга, газрын орлогч дарга, 2006-2008 онд нийслэлийн ЗДТГ-т хэлтсийн дарга, 2008 оны 1-12 дугаар сард Баянзүрх дүүргийн Засаг дарга, 2008-2012 онд нийслэлийн Засаг даргын орлогч, 2014-2015 онд Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын дэд сайдаар тус тус ажиллаж байсан бөгөөд 2016 оноос “Оюу толгой” ХХК-ийн ТУЗ-ын гишүүн, гүйцэтгэх захирлаар ажиллаж байна.

Сандагдоржийн Батболдыг Зам, тээврийн хөгжлийн яамны Төрийн нарийн бичгийн даргаар томилов. С.Батболд нь 1970 онд Завхан аймгийн Улиастай суманд төрсөн.1988 онд Завхан аймгийн 10 жилийн дунд сургууль, 1992 онд Цэргийн их сургууль, 2000 онд Удирдлагын академи, 2006 онд Тагнуулийн ерөнхий газрын дээд сургууль, 2011 онд Батлан хамгаалах их сургуулийг тус тус суралцан дүүргэсэн. Авто ашиглалтын инженер мэргэжилтэй, техникийн ухааны магистр зэрэгтэй. Орос, англи хэлний мэдлэгтэй. 1992-1993 онд Ардын армийн 133 дугаар ангид ротын техникийн орлогч, 1993-1998 онд “Шандаст хүлэг” ХК, “Хан-Уул хайрхан хоршоо”-нд механик инженер, 1998-2002 онд “Пок” ХХК-д замын хөдөлгөөний дүрмийн багш, 2002-2005 онд “СКА” ХХК-д захирал, 2005-2012 онд Зам тээвэр, аялал жуулчлалын яам /хуучнаар/-ны Тээврийн үйлчилгээний төвд ахлах оношлогч инженер, ахлах мэргэжилтэн, албаны дарга, хэлтсийн дарга, 2012-2016 онд Зам тээврийн яамны ахлах мэргэжилтнээр гээд төрийн албанд 16 ажиллажээ. 1992-1993 онд Ардын армийн 133 дугаар ангид ротын техникийн орлогч, 1993-1998 онд “Шандаст хүлэг” ХК, “Хан-Уул хайрхан хоршоо”-нд механик инженер, 1998-2002 онд “Пок” ХХК-д замын хөдөлгөөний дүрмийн багш, 2002-2005 онд “СКА” ХХК-д захирал, 2005-2012 онд Зам тээвэр, аялал жуулчлалын яам /хуучнаар/-ны Тээврийн үйлчилгээний төвд ахлах оношлогч инженер, ахлах мэргэжилтэн, албаны дарга, хэлтсийн дарга, 2012-2016 онд Зам тээврийн яамны ахлах мэргэжилтнээр ажиллаж байсан бөгөөд 2016 оноос Зам, тээврийн хөгжлийн яамны Автотээврийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын даргаар ажиллаж байна.2016 оноос Зам, тээврийн хөгжлийн яамны Автотээврийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын даргаар ажиллаж байна. Төрийн албанд 15 жил ажиллажээ.

Батсуурийн Бямбадоржийг Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн даргаар томилов. Б.Бямбадорж нь 1970 онд Өвөрхангай аймагт төрсөн.1988 онд Өвөрхангай аймгийн 10 жилийн дунд сургууль, 1995 онд Анагаах ухааны их сургууль, 2002 онд Удирдлагын академи, 2015 онд АНУ-ын Харвардын Кеннедийн Төрийн захиргааны сургууль, 2017 онд Гүрэн дээд сургуулийг тус тус төгссөн. Хүний их эмч мэргэжилтэй. Анагаах ухааны доктор, дэд профессор цолтой. Удирдахуйн ухааны болон төрийн захиргааны менежментийн магистр зэрэгтэй. Эрүүл мэндийн удирдлагын зөвлөх зэрэгтэй. Орос, англи хэлний мэдлэгтэй. 1988-1989 онд Халдварт өвчнийг анагаах клиникийн төв эмнэлэгт асрагч, 1994-1995 онд Нэгдсэн II эмнэлэгт сэхээний тасгийн эмч, 1996-1999 онд АУИС-ийн Клиникийн төв эмнэлэгт их эмч, 1999-2018 Улсын клиникийн төв эмнэлэг /I эмнэлэг/-т клиникийн эрхлэгч, эмчилгээ, сувилгаа эрхэлсэн захирал, Бөөр шилжүүлэн суулгалтын их эмч, Гемодиализийн төвийн эрхлэгч, эмчилгээ хариуцсан орлогч дарга, ерөнхий захирлаар тус тус ажиллаж байсан. 2018 оны 1 сараас Эрүүл мэндийн сайдын зөвлөхөөр Төрийн албанд эрүүл мэндийн салбарт 23 жил ажиллажээ.

Самдангийн Энхбаатарыг Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг-Архивын ерөнхий газрын даргаар томилов. С.Энхбаатар нь 1977 онд Төв аймгийн Баяндэлгэр суманд төрсөн. 1995 онд Төв аймгийн Зуунмод сумын 10 жилийн сургууль, 1999, 2007 онд Монгол Улсын их сургуулийн Хууль зүйн сургууль, 2014 онд Макьюрийн их сургуулийг тус тус төгссөн. Эрх зүйч мэргэжилтэй. Хууль зүйн болон олон улсын харилцааны удирдлагын магистр зэрэгтэй Орос, англи хэлний мэдлэгтэй. 1999-2008 онд Гадаадын хөрөнгө оруулалт, гадаад худалдааны агентлагт мэргэжилтэн, Тамгын хэлтсийн дарга, 2008-2009 онд Иргэний бүртгэл, мэдээллийн төвийн дэд дарга, 2009-2012 онд Улсын бүртгэлийн ерөнхий газрын орлогч дарга, ерөнхий газрын даргын үүрэг гүйцэтгэгч, 2012 онд Засгийн газрын Хэрэг эрхлэх газарт Засгийн газрын референт, 2012-2013 онд Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын дэд дарга, орон тооны гишүүн, 2015-2016 онд “Соёмбо-легал партнерс” нөхөрлөлд зөвлөх, 2016-2018 онд “Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ” төрийн өмчит хувьцаат компанийн дэд захирлаар тус тус ажиллаж байсан бөгөөд 2018 оны 6 дугаар сараас Засгийн хэрэгжүүлэгч агентлаг-Архивын ерөнхий газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр ажиллаж байна. Тэрээр төрийн албанд 13 жил ажиллажээ гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *