Хууль зүй дотоод хэргийн яамны боловсруулж буй Эрүүгийн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг эсэргүүцэн Сэтгэүүлчдийн нэгдсэн эвлэлээс мэдээлэл хийлээ.
Хууль зүй дотоод хэргийн сайд Х.Нямбаатарын боловсруулж буй тус хуулийн нэмэлт өөрчлөлтөөр сэтгүүлчдийн хэвлэн нийтлэх эрх, иргэдийн мэдэх эрхийг боомилох хуулийн заалтыг эргүүлэн татах шаардлагыг МСНЭ тавьж, тэмцэхээ илэрхийллээ.
МСНЭ-ийн дэд ерөнхийлөгч З.Боргилмаа “Хууль зүй дотоод хэргийн яам Эрүүгийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төслийг санаачлан. Тус хуулийн нэмэлт өөрчлөлт дотор сэтгүүлчдийн хамгийн эмзэг ханддаг худал мэдээллийг тараах гэх заалтыг нэмж дэлгэрүүлж ял шийтгэлийн хэмжээг нэмж,чангатгаж оруулж ирэх заалтыг тусгасан байгаа юм. Хэвлэл мэдээлэл бол иргэдийн мэдээлэл хүлээж авах эрх, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрх, хэвлэн нийтлэх эрх гээд Үндсэн хуулиар хамгаалагдсан эрхийн баталгаа болж ажилладаг салбар. Гэтэл энэ заалтыг нэмж чангалж байгаа нь хэвлэл мэдээллийн салбар болон сэтгүүлчдийг айлган сүрдүүлж байна гэж ойлгож байгаа тул бид энэ хуулийн заалтыг эсэргүүцэж байна. Энэ нь зөвхөн сэтгүүлчдийн эрх ашигт хамаатай зүйл биш юм. Өөрөөр хэлбэл, олон нийтийн сүлжээнд үзэл бодол, байр суурь, баримтыг дэлгэсэн, тэдгээр мэдээг хуваалцаж шэйр хийсэн хүмүүс ч шийтгэлтэй байхаар тусгасан байгаа нь хэнийг ч хэлмэгдүүлж болзошгүй байна. Хамгийн асуудалтай зүйл нь худал мэдээлэл болон илт худал мэдээлэл гэдгийг хэн тогтоож байгаа нь хуулийн талаасаа ямар ч зохицуулалтгүй байна” гэлээ.
Хэвлэл мэдээллийн зөвлөл Г.Гүнжидмаа “Хэвлэлийн эрх чөлөө гэдэг нь иргэний мэдээлэлтэй байх, үг хэлэх эрх чөлөөний суурь нь юм. Тэгэхээр Эрүүгийн хууль бол зөвхөн сэтгүүлчдийн эсрэг гаргаж байгаа хууль гэж ойлгож болохгүй. Иргэн өөрийн үзэл бодлоо илэрхийлж олон нийтийн сүлжээнд хэн нэгнийг шүүмжлэх эрх нь үүнтэй давхцан явж байдаг. Өөрөөр хэлбэл, иргэн хэн нэгнийг үзэл бодлоо илэрхийлж шүүмжилсний төлөө илт худал мэдээлэл бичсэн гэсэн үндэслэлээр эрүүгийн хариуцлага хүлээх эрсдэлд хүрэх юм. Сэтгүүл зүйн салбар бол олон нийтийн өмнөөс нийгмийн бүх салбарт хяналт тавин ажилладаг салбар. Гэтэл энэ салбарын эрх ашгийг хаасан, боосон хуулийн төслөө нэн тэргүүнд эргэж харах шаардлагатай байгаа юм. Эс бөгөөс бид хэвлэлийн эрх чөлөөнөөс асар том ухралт хийсэн ардчилсан бус орны жишээнд ороход ойрхон байна” гэв.