Categories
мэдээ нийгэм

МСНЭ-ийн XVII их хурал эхэллээ

ЗурагМонголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэл /МСНЭ/-ийн XVII Их хурал Нийслэлийн иргэний танхимд өнөөдөр эхэллээ.

1951 оноос үйл ажиллагаагаа эхэлсэн МСНЭ өнөөдөр XVII Их хурлаа хийж, Монголын хэвлэл мэдээллийн байгууллагуудын төлөөлөл болсон 305 сэтгүүлч оролцохоор мандат аваад байгаа юм. Энэ удаагийн их хурлаар МСНЭ-ийн дүрмийг шинэчилж, ерөнхийлөгч болон удирдах бүрэлдэхүүнийг шинээр сонгон томилно.

Хурлыг МСНЭ-ийн ерөнхийлөгч Б.Галаарид нээж, Мандатын комиссоос МСНЭ-ийн Гүйцэтгэх захирал С.Алтанцэцэг мэдээлэл хийв. Тэрбээр, МСНЭ-ийн Их хурлын зохион байгуулах ажлын хэсгийг ерөнхийлөгч Б.Галаарид удирдан зохион байгуулсныг хэлээд, төлөөлөгчдийг Телевиз, радио, Сургалт судалгаа, Цахим мэдээллийн сайт зэрэг мэргэжлийн төвүүдээс ирүүлсэн саналын дагуу 305 төлөөлөгчид мандат олгосон гэлээ. Хурлын төлөөлөгччдийн хамгийн өндөр настай нь 87 настай Х.Цэвлээ, хамгийн залуу нь 23 настай н.Мөнхбаяр оролцож байгаа бөгөөд ахмад, залуу үе, хүйсийн харьцааг тэнцвэртэй хангасныг мөн онцолж байв. Нийт 400 гаруй хэвлэл мэдээллийн байгууллагаас нийслэл болон хөдөө орон нутгийн хэвлэл мэдээллийн бүхий л салбарын төлөөлөл хамрагдсан байна.

Мандатын комиссын мэдээллийн дараа Их хурлын таван тэргүүлэгчийг санал хураалган сонгов. Хурлын даргаар эрдэмтэн судлаачдын багийн төлөөлөл Боловсролын их сургуулийн доктор Ж.Батбаатар, тэргүүлэгч гишүүдээр ахмадын төлөөлөл Ү.Хүрэлбаатар, залуучуудын төлөөлөл, сайтын холбооны дэд Ерөнхийлөгч Ц.Мөнхбаатар, орон нутгийн төлөөлөл, Өмнөговь аймгийн салбар зөвлөлийн дарга Ч.Номин, телевизийн төлөөлөл, МҮОНТВ-ийн дарга асан Ц.Оюундарь нар сонгогдлоо. Улмаар тооллогын комиссыг 5 хүний бүрэлдэхүүнтэй баталж, хурлын дэгээ тогтов.


МСНЭ-ийн ерөнхийлөгчид “Зиндаа” сэтгүүлийн эрхлэгч, сэтгүүлч Х.Мандахбаяр, niislel.mn сайтын эрхлэгч, сэтгүүлч Б.Түвшинтөгс, МҮОНРТВ-ийн захирал асан, сэтгүүлч М.Наранбаатар нар өрсөлдөхөө одоогоор зарлаад байгаа юм.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *