Categories
гадаад мэдээ

Москва хотноо ялалтын парад ёслол төгөлдөр болж өндөрлөлөө

Энэ удаагийн баярын парад уламжлал ёсоор явган цэргийн жагсаал, байлдааны машин техникийн цуваа болон нисдэг тэрэг, нисэх онгоцнуудын үзүүлбэр гэсэн гурван үндсэн хэсгээс бүрдсэн байлаа. Гэвч цаг агаарын нөхцөл байдлын улмаас парадад нисэх онгоц, нисдэг тэргүүд оролцох боломжгүй болсон тухай ОХУ-ын Батлан хамгаалах яам мэдэгдсэн байна.

Ингэснээр парадад 10 мянган цэргийн албан хаагч, 114 нэгж байлдааны техник оролцлоо.

Парадыг ОХУ-ын Батлан хамгаалахын сайд Сергей Шойгу хүлээн авч, Оросын зэвсэгт хүчний хуурай замын цэргийн ерөнхий командлагч Олег Салюков парадыг удирдав.

Кремлийн цагны хонх дуугарсны дараа Преображенскийн хорооны хүндэт харуулын батальоны цэргүүд ОХУ-ын төрийн далбаа болон Ялалтын тугийг барин Улаан талбайд орж ирлээ. Ялалтын тугийг 1945 оны 5 дугаар сард Идрицкийн 150 дугаар буудлагын дивизийн дайчид Рейхстагийн орой дээр мандуулж байсан юм.

Байлдааны машин техникийн цувааны тэргүүнд Аугаа их Эх орны дайны үеийн шилдэг танк болох “Т-34” танк явж байлаа. Түүний араас “Арбалет” байлдааны модуль бүхий “Тигр-М” хуягт автомашин, танк эсэргүүцэгч “Корнет-Д1” пуужинт систем болон “Тайфун-М” и “Тайфун-К” хуягт автомашинууд явж өнгөрөв.

Улаан талбайд болсон байлдааны техникийн жагсаалын үеэр анх удаа Арктикийн нөхцөлд ашиглаж болох зенитийн пуужингийн “Тор-М2ДТ” цогцолбор болон зенитийн пуужин-их бууны “Панцирь-СА” цогцолборыг олон нийтэд үзүүллээ. Эдгээр цогцолборыг ДТ-30 гэдэг гинжит тээвэрлэгчийн суурин дээр зохион бүтээсэн бөгөөд огт зам харгуйгүй, хэт хүйтэн нөхцөлд ашиглаж болох юм.

Үүний дараа “Искандер-М” өндөр ончтой пуужингийн цогцолбор, “Тор-М2У” болон “Бук-М2” зенитийн пуужингийн цогцолборууд явж өнгөрлөө.

Энэ жилийн парадад 2016 оныхоос хоёр дахин олон буюу 210 эмэгтэй цэргийн алба хаагч оролцсоныг тэмдэглэх нь зүйтэй.

ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин парадыг нээж үг хэлэхдээ “Орос улсын зэвсэгт хүчин ямар ч түрэмгийллийг няцааж чадна, гэхдээ терроризм болон орчин үед тулгарч буй бусад аюул заналтай үр дүнтэй тэмцэхийн тулд дэлхийн хамтын нийгэмлэг нэгдэн нягтрах хэрэгтэй байна” гэснийг энд онцоллоо.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *