Монголын хөгжмийн зохиолчдын холбооноос жил бүр зохион байгуулдаг оны
шилдэг дуу шалгаруулж, ая, аялга, шилдэг хөгжмийн найруулгыг
тодорхойлох “Морин хуур” наадмын бүртгэл өчигдөр эхэллээ. Наадмын
бүртгэл энэ сарын 10 хүртэл үргэлжлэх бөгөөд ОХУ-ын Буриад, Халимаг,
ӨМӨЗО гэх мэт Монгол угсаатанд хамаарах юм байна. Гэхдээ зөвхөн өнгөрсөн
онд зохиогдсон дуу байх ёстойг зохион байгуулагчид анхаарууллаа.
Ингэхдээ эстрад, рок, поп гэсэн төрлөөр өрсөлдөх боломжтой гэнэ.
Наадмын нэгдүгээр шатны шалгаруулалт энэ сарын 12-ны өдөр Хөгжим бүжгийн коллежийн концертын “А” танхимд болох юм байна. Үүнд тэнцсэн 25 дууг гала тоглолтод оролцуулж, эхний таван байрыг тодруулах аж.
Тус наадмын шүүгчээр хөгжмийн зохиолч, хөгжим судлаач, яруу найрагч,
дуучдаас бүрдсэн таван хүн ажиллах ба шат бүрт шүүгчид солигдох юм
байна.