Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

Монполиметынхон аж үйлдвэржилтийг чимээгүйхэн түүчээлж, Өргөн суманд их хөдөлмөр өрнөж байна || DNN.mn

Сүүлийн үед монголчууд цемент, тэр дундаа дотооддоо цемент үйлдвэрлэгч Хөтөлийн “Цемент шохой”, Монполиметын Монцементийн тухай шуугих болсон. Тус хоёр үйлдвэр технологиос гадна ялгарах бас нэг том ялгаа нь нэг нь хувийнх, нөгөөх нь саяхан төрийн өмчид шилжсэн. Саяхан л арматурын үнэ тэнгэрт тулахад барагтай л бол дуугарахгүй байсан нийгэм цементийн үнэ түүхий эдийн ханшаа дагаад өсөхөд “хашгичиж” өгч байна. Тэр дундаа дотооддоо нэмүү өртөг шингээхээр хэрэндээ л зүтгэж буй гарын таван хуруунд багтах цөөн хэдэн үйлдвэр рүүгээ. Цөөн гэснээс манай улсад цементийн тавхан үйлдвэр бий. Нэрлэвээс, Ховд аймгийн Буянт сум дахь “Ховд Эко цемент, Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь улсын өмчит Хөтөлийн “Цемент шохой”, Төв аймгийн Сэргэлэн сум дахь БНХАУ-ын төрийн өмчит “Мөнхийн баян гал”, Дорноговь аймгийн Даланжаргалан сум дахь “МАК Цемент” болон Дорноговь аймгийн Өргөн суманд байрлах Монцемент үйлдвэр. Эдгээр таван үйлдвэрээс Монцемент үйлдвэр олны анхааралд нэлээд өртөөд байгаа юм. Тиймээс тус үйлдвэрийн талаар сурвалжлахаар Дорноговь аймгийг зорилоо.

Зам дагуу, эсвэл төв суурин газрын ойролцоо адуу мал хаа нэгхэн үзэгдэхийг эс тооцвол зэлүүд буйдхан энэ нутагт төв суурин газрын бидний нүдийг хужирлаж, сэтгэлийг баясгах үзэгдэл ховорхон юм. Магад хавар болоод ч тэр биз. Ногооны өмнөхөн, өвлийн шувтарга байгалийг нэг л бүрсгэр болгочихдог аж. Давхисаар Дорноговийн Өрмөн суман дахь цементийн үйлдвэрт ирлээ. Цемент нь бургилж сааралтсан үйлдвэрт очих болов уу хэмээн биеэ дорвитойхон битүүлж баглаж гарсан нь энд илүүц байж. Учир нь тус үйлдвэр орчин үеийн дэвшилтэт технологи бүхий бүрэн автоматжсан, байгаль орчинд ээлтэй, хуурай аргын эко үйлдвэр юм байна.

“Сэнжит Худаг” шохойн чулууны ордыг түшиглэсэн энэхүү үйлдвэрийг 2015 онд ашиглалтад оруулжээ. Тус үйлдвэр жилдээ нэг сая тонн цемент, клинкер үйлдвэрлэх хүчин чадалтайгаас гадна мянга гаруй иргэнийг ажлын байраар хангаж, зэлүүдхэн газрыг амьдрал, бүтээн байгуулалт буцалсан үйлдвэрлэлийн бүс болгон хөгжүүлжээ. Анх хогийг нь цэвэрлээд үйлдвэрээ барьж, ашиглалтад оруулж байх үед салбарынхан нь “Барилгын материал үйлдвэрлэлийн салбарт аж үйлдвэрийн жишиг цогцолбор, импортыг орлож, нэмүү өртөг дотоодод шингээх жишиг үйлдвэр боллоо” хэмээн өндрөөр үнэлсэн нь өнөөдөр ч үнэлэмжээ алдсангүй.

Жишиг гэхээс ч аргагүй юм. Учир нь тус үйлдвэр европын холбооны улсад дөрөвхөн байдаг WHR технологийг Монголдоо анх удаа нэвтрүүлж, ашиглаж байгаа аж. Уг технологи нь халуун хийнээс эрчим хүч үйлдвэрлэдэг анхны систем юм байна. Өөрөөр хэлбэл, үйлдвэрийн илүүдэл дулааныг ашиглаж цагт 5000 мВт эрчим хүч үйлдвэрлэх чадалтай аж. Түүнчлэн нүүрс хүчлийн хийг ч бууруулахад том нөлөө үзүүлдэг гэнэ.

Энэ талаар тус үйлдвэрийн инженер н.Батсайхан “WHR технологийг 2016 онд улсын комисст хүлээлгэж өгч ашиглалтад оруулсан. Энэ бол Монгол Улсад үйл ажиллагаа явуулдаг бусад цементийн үйлдвэрээс ялгарах нэг том давуу тал. Мөн байгаль орчинд ээлтэй технологи юм. 2016 оноос хойш өнөөдрийн байдлаар 40 орчим сая кВт цахилгаан эрчим хүч үйлдвэрлээд байна. Дорноговь аймаг төвийн эрчим хүчнээс алслагдмал учраас эрчим хүчний хязгаарлалтад байнга өртдөг. Үүнийг арилгах нэг томоохон шийдэл нь WHR технологи юм л даа. Энэ технологи нь үйлдвэрийн нийт эрчим хүчний 30-40 хувийг үйлдвэрлэж байна. Түүнчлэн энэхүү технологийг ашигласнаар 60 орчим мянган тонн хүлэмжийн хийг бууруулсан гэсэн хөндлөнгийн аудитын дүгнэлт гарсан. Та түрүүн “Цементийн үйлдвэр тоос, шороо ихтэй байдаг гэж төсөөлж байлаа. Яагаад ийм цэвэрхэн байгаа юм бэ” гэж асууж байсан. Ердөө энэ технологитой холбоотой юм шүү дээ. Энэ технологийг ашигласнаар газар дээр азотын хий бараг байхгүй. Хоёрдугаарт, бид усыг 90 хувь хүртэл дахин цэвэршүүлдэг. 1400 хэм хүртэл халсан зуухаа тэр саарал усаараа хөргөдөг. Бүс орон нутаг, эдийн засаг, байгаль орчинд үзүүлж байгаа WHR системийн үр шимээр Европын сэргээн босголт хөгжлийн банкны “Тогтвортой хөгжлийн шагнал”-ыг 2017 онд Монгол Улсаас анх удаа Монцемент үйлдвэр хүртсэн. Ингэхдээ олон улсын 200 гаруй төсөлтэй өрсөлдсөн” гэв.

Цемент үйлдвэрлэхэд хуурай, нойтон гэсэн хоёр арга байдаг аж. Нойтон аргаар цемент үйлдвэрлэхэд түүхий хольцоо зутан болгоод хольцоо тохируулж, уг нойтон эдээ дахин шатаадаг аж. Тус арга нь эрчим хүч, нүүрс ихээр зарцуулдаг байна. Харин хуурай аргын тухайд түүхий эдээ хуурайгаар нь бэлтгэдэг. Хуурайгаар нь дулааны боловсруулалтад оруулж, шатааж гаргадаг. Нойтон аргын технологиос эрчим хүчний хэрэглээний үзүүлэлт 4.5 дахин бага байдаг аж. Тиймээс ч орчин цагийн үйлдвэрүүд хуурай аргын технологийг түлхүү ашигладаг ажээ. Тийм ч учраас Монцемент үйлдвэр хуурай аргын технологийг үйлдвэрлэлдээ ашигладаг байна.

Цемент үйлдвэрлэх процессын тухайд, эхлээд түүхий эдээ бэлтгэж буталсныхаа дараа түүхий эдээ жигдрүүлж хадгалдаг байна. Уурхайгаас ирж байгаа түүхий эдийн чанар харилцан адилгүй байдаг учраас агуулахад түүхий эдийг ийн жигдрүүлдэг ажээ. Үүний дараа түүхий хольц бэлтгэж тээрэмдэнэ. Тээрэмдсэнийхээ дараа урьдчилан жигдрүүлэх цамхаг руугаа оруулж задалсны дараа чулуунцар шатаах процесс явагддаг. Чулуунцар үйлдвэрлэхэд шохойн чулуу, занар, төмрийн хүдэр гэсэн гурван түүхий эдийг 1400 цельсийн эргэдэг зууханд шатааж үйлдвэрлэдэг байна. Ингээд уг чулуунцараа байгалийн гөлтгөнөтэй хольж цемент гаргадаг аж. Чулуунцар сайн байвал цементийн чанар сайн байна гэсэн үг. Цемент үйлдвэрлэхэд шат дамжлага бүрээс дээж авдаг аж. Тухайлбал, олборлох буюу түүхий эдээ уурхайгаас хүлээж авах, мөн буталсныхаа дараа шинжилгээ хийдэг байна. Цементийн чанарт нөлөөлөх гол түүхий эд нүүрс. Шатаалт чанартай болж байж чанартай чулуунцар гаргаж авдаг учраас Таван толгойн нүүрсийг ашигладаг гэлээ.

Тэд импортыг орлож, валютын урсгалыг эх орондоо үлдээж байна

Монгол Улс 2015 оныг хүртэл цементийн хэрэглээгээрээ БНХАУ-аас хараат байлаа. Өрөөр хэлбэл, нийт цементийн хэрэглээний 80 хувийг БНХАУ-аас импортолдог байсан нь саяхан. Тэр үед Монгол Улсын Засгийн газар тухайн жилийн бүтээн байгуулалтын үеэр цемент тасалдуулахгүй гэж хэрэндээ л чармайдаг байв. Одоогоор Цементийн үнэ нэг тонн нь дунджаар 260 мянга төгрөг байна. Өмнө нь импортоор авдаг байхад 120 ам.доллар буюу 330 гаруй мянган төгрөгөөр авдаг байсан. Тухайлбал 2013 онд цементийн хомсдол үүсч долоохон хоногийн дотор нэг тонн нь цементийн үнэ 145 мянгаас 220 мянга хүрч тэнгэрт хадаж байсныг та бүхэн бэлхнээ санаж буй биз ээ. 2015 оноос дотоодын цементийн үйлдвэрүүд ашиглалтад орсноор жилд сая тонн цемент импортоор авдаг байснаа больж, үнэ тогтворжсон. Ингээд харахаар цемент бол яах аргагүй стратегийн ач холбогдолтой бүтээгдэхүүн. Импортыг орлож, валютын урсгалыг эх орондоо үлдээхэд цемент чухал нөлөө үзүүлж байна. Тухайлбал, Монцемент компани өнгөрсөн хугацаанд хамтран ажилладаг хувийн хэвшлийнхэн болон төрийн өмчит компанид төвлөрүүлсэн нийт орлого 243 тэрбум төгрөг болсон байна. Улсын хэмжээнд сүүлийн таван жилийн хугацаанд 56 тэрбум төгрөгийн татварыг мөн төвлөрүүлсэн байна. Ер нь ганцхан үйлдвэр байгуулагдахад Монгол Улсын нийгэм, эдийн засагт ямар дэм болж байгааг дээрх тоо баримтаас бэлхнээ харж болохоор байна. Цементийн хараат бус байдлаас гадна ажилгүйдлийг бууруулахад ч их хувь нэмэр оруулсаар байна. Тэр дундаа хөдөө орон нутгийн иргэдийг тогтмол ажилтай, орлоготой байхад бодит дэмжлэг болж байна. Үйлдвэрийн ажилчдын 60 гаруй хувийг Дорноговь аймгийн иргэд эзэлдэг аж. Анх төсөл хэрэгжүүлэхээр ирэхэд хоосон тал байсан энэ газарт өнөөдөр Өргөнийхний ажил, амьдрал буцалж байна. Өнгөрсөн хугацаанд Өргөн суманд хэд хэдэн бүтээн байгуулалтаас гадна дэд бүтцийн ажил хийгджээ. Тухайлбал, Өргөн сумыг халуун, хүйтэн цэвэр устай холбоход 11.2 км усны шугам хоолойг татаж, төвийн эрчим хүчнээс 53.3 км агаарын шугам татаж орчин үеийн тоноглолтой 110 кВт станц барьжээ.

Түүнчлэн тэд бүтээгдэхүүнээ эцсийн хэрэглэгчид хүргэх, эх орныхоо бүтээн байгуулалтад оролцохын тулд хувийн хөрөнгөөр 3.5 км салбар төмөр зам барьснаас гадна сэлгээний зүтгүүр, 40 ширхэг хоппер вагон авчээ.

Төрийн бодлогын гадна орхигдсон “цементийнхэн”

“Монгол Улсад үйлдвэржилтийг бий болгоно… Дотоодын үйлдвэрүүдээ дэмжинэ. Дэмжих үүднээс…” гэдэг үгийг эрх баригчид алхам тутамдаа амны уншлага мэт давтсаар чихэнд дасал болжээ. Тиймээс үйлдвэрлэлийн нөхцөл байдалтай газар дээр нь танилцаж байгаагийн хувьд төрийн дэмжлэг хөрсөн дээрээ хэр бууж, хэрхэн байгаа онож буйг сонирхлоо. Гэтэл аж үйлдвэрийн сэргэлтийн шанг татсан үйлдвэрлэгчид төрийн дэмжлэгийн гадна орхигдсон байна. Тухайлбал, цар тахлын үед Засгийн газраас иргэд, аж ахуйн нэгжийг дэмжих зорилгоор авч хэрэгжүүлсэн эрчим хүч, дулааны үнийг хөнгөлөлтөд уул уурхай, цементийн үйлдвэрүүд ороогүй аж. Түүнчлэн зарим хууль нь хөрсөн дээрээ биеллээ олдоггүй талаар үйлдвэрийнхэн хэлж байв. “Монцемент Билдинг Материалс” ХХК-ийн Үйл ажиллагаа эрхэлсэн захирал Ц.Халиун “Хөрөнгө оруулалт татъя, эдийн засгаа солонгоруулъя гэж бид олон жил ярьсан. Хөрөнгө оруулалтын орчноо сайжруулахын тулд хамгийн гол нь Хөрөнгө оруулалтын хуулийг өөрсдөө хэрэгжүүлэх ёстой. 2013 онд батлагдсан Хөрөнгө оруулалтын тухай хуулийн 11.2.1-т барилгын материал, газрын тос, хөдөө аж ахуйн боловсруулах болон экспортын бүтээгдэхүүний үйлдвэр барих гэж байгаа бол импортоор орж ирэх техник, тоног төхөөрөмжийг гаалийн албан татвараас чөлөөлж, нэмэгдсэн өртгийн албан татварыг “0” хүртэлх хувиар ногдуулна гэсэн заалт байдаг ч хэрэгждэггүй. Эсвэл ялгавартай хэрэгждэг. Газрын тос, хөдөө аж ахуйн салбар чөлөөлөгдөж байхад ганцхан барилгын материалын үйлдвэр чөлөөлөгддөггүй. Энэ хуулийн хэрэгжилтийг хангуулах талаар шат шатны байгууллагад бичиг хүргүүлж байсан ч үр дүнд хүрээгүй” гэдгийг энэ үеэр хэлж байлаа.

Цементийн үнэ өсөхөд юу нөлөөлөв

Барилгын салбарын ажил өрнөх цагаар цементийн үнэ жил бүрийн “халуун сэдэв” болдог. Энэ жилийн тухайд мөн л цементийн үйлдвэрүүд үндэслэлгүйгээр үнээ нэмсэн хэмээн нийгэмд шүүмжлэл өрнөсөн. Тэгвэл цементийн үнэ өсөхөд юу нөлөөлсөн талаар “Монцемент Билдинг Материалс” ХХК-ийн Үйл ажиллагаа эрхэлсэн захирал Ц.Халиунаас тодруулахад “Үйлдвэрлэлд хэрэглэгдэж байгаа түүхий эдүүдийн үнэ өмнөх жилүүдийнхээс огцом өссөн. Жишээ нь, 2020, 2021 онд нэг тонн төмрийн хүдрийг 15 ам.доллараар авч байсан бол одоо 45 ам.доллараар авч байна. Өөрөөр хэлбэл, үнэ нь гурав дахин өсчихсөн байна. Хэдийгээр бид дотоодоосоо түүхий эдээ авдаг ч ам.доллараар буюу экспортын үнээр авдаг. Нүүрсний тухайд, өмнөх жилүүдийнхээсээ 130 хувийн өсөлттэй байна. Таван толгойн үйлдвэрийн амнаас 18.7 ам.доллараар авч байна. Нүүрсний амнаас үйлдвэр рүүгээ зөөхийн тулд тухайн уурхайгаасаа буюу Таван толгойгоос Мааньт өртөө хүртэл 150 мянган төгрөгөөр тээвэрлэж байна. Өртөөнөөс вагондоо өөрсдөө ачиж Өргөний үйлдвэртээ авч ирдэг. Зургаан мянган киллкалороос дээш илчлэгтэй технологийн сайн чанарын нүүрсийг ашиглаж байж цементийн чанар маш сайн гардаг. Тиймээс хамгийн сайн нүүрс болох Таван толгойгоос авахаас өөр аргагүй. Сарын өмнө дизель түлшний үнэ 2575 төгрөгөөр авдаг байсан бол одоо 3045 төгрөг болчихсон байна. Сарын дотор 20 хувийн өсөлт хийж байна. Үүний өмнө 1800 байсан.

Түүнчлэн хил гаалийн гацаа ч нөлөөлж байна. Хятад улс хилээ 2020 оны аравдугаар сард хаасан цагаас хойш тээврийн үнэ 10 дахин өссөн. Өнөөдөр хилээр өдөрт 50 контейнер сугалаагаар орж ирж байна. Аз таарвал бид сэлбэг бараа материалаа авна гэсэн үг л дээ. Өмнө нь 200 гаруйхан км цаана байгаа Замын-Үүдээс нэг машин чингэлэг тээвэр хийхэд 300-400 мянган төгрөг байдаг байсан бол одоо 30-35 сая төгрөг болчихсон. Нэг контейнер ачаа Замын-Үүд дээр 56 мянган юань буюу 26, 27 сая төгрөг болж байна.

Үүнээс гадна ам.долларын ханш өсөхөөр түүхий эдийн ханш ижилхэн өснө гэсэн үг. Ер нь хаа сайгүй л юмны үнэ өсч байна. Үйлдвэр тогтвортой үйл ажиллагаа явуулахын тулд үрэгдэх материал, урсгал засвар хийгдэхэд маш олон бараа материал сэлбэг хэрэгсэл шаардагддаг. Манай үйлдвэр дотоодын 200 гаруй ханган нийлүүлэгч байгууллагатай хамтарч ажилладаг. Тэдгээрээс авч байгаа материалд үнийн бодит өсөлт их байгаа. Жишээ нь, үрэгдэх материал хамгийн багадаа 40 хувийн үнийн өсөлттэй байна. Олборлолт дээр л гэхэд тэсэлгээ хийдэг бодис нь нэг кг нь 1500 төгрөгөөс 2900 төгрөг болж өссөн.

Мөн Хөдөлмөрийн хууль хэрэгжиж эхэлсэнтэй холбоотойгоор өнгөрөгч долоо хоногт бид ажилчидтайгаа хөдөлмөрийн гэрээгээ шинэчлэн байгуулсан. Инфляци, амьжиргааны түвшинтэй уялдуулж цалингаа нэмэх шаардлагатай болсон. Учир нь бид ажилчдынхаа амьжиргааны түвшинг дордуулж болохгүй шүү дээ. Энэ хэрээр үйл ажиллагааны зардал өсч байна гэсэн үг. Энэ олон хүчин зүйлээс шалтгаалж цементийн үнэ өнөөдрийн түвшинд хүрчихээд байгаа юм. Энэ үнээр өнөөдөр бид борлуулсан ч тодорхой хэмжээнд алдагдал хүлээхээр байна. Түүхий эдийн үнэ ийм их өсчихсөн байхад үнээ нэмэхгүй энэ чигээрээ үнэ барина гэдэг бол асар алдагдалтай, эрсдэлтэй зүйл л дээ.

Сүүлийн хэдэн жил цементийн үйлдвэрүүд үнэ тогтворжуулах хөтөлбөрийг өөрсдийнхөө зардлаар төрийн дэмжлэггүйгээр зохион байгуулж ирсэн. Зах зээл, үйл ажиллагааны зардалтай уялдуулж цементийн үнэ өсөхөөс өөр аргагүй байдалд хүрчихээд байгаа юм шүү дээ” хэмээн хэлж байв. Мөн тэрбээр энэ үеэр “Цар тахлын жилүүдэд дөрвөн удаагийн хөл хорио тогтоосон. Дөрвөн удаа нийт 213 хоног хөл хорио тогтоосноос үүдэн хэвийн жилд үйл ажиллагаа явуулж чадаагүй тасалдсан. Энэ хугацаанд ажилчдын 80-90 хувь коронавирусээр өвчилсөн. Эмнэлгийн салбарын хүртээмж муу байсан учраас бид өөрсдөө кемптээ ор дэлгээд Өргөн сумын эмч нартай хамтарч эмчилгээ хийсэн. Өөрөөр хэлбэл, цар тахлын үед ковидын зардалд 250 гаруй сая төгрөгийг зарцуулсан” хэмээн хэлж байсан нь тус үйлдвэр хүний нөөцдөө хэр ач холбогдол өгдөг нь харагдаж байлаа.

Цементийн үнэ өссөнтэй холбоотойгоор үнэ тогтворжуулах үүднээс импортоор оруулж ирэх талаар зарим албан тушаалтнууд мэдээлсэн байсан. Тэгвэл дан ганц манай улсад ч бус дэлхийн цементийн зах зээл дээр цементийн үнэ өсчээ. Тодруулбал, Хятадад 500 юань буюу 250 мянган төгрөгөөр зарагдаж байгаа аж. Үүн дээр тээвэр ложистикийн үнийг нэмбэл 630 мянга болох нь. Дэлхийн зах зээлд нүүрсний үнэ өссөн учраас Индонез, Солонгос, Японы зах зээлд цементийн үнэ тогтвортой өсч байгаа талаар гадны зарим хэвлэлд бичсэн байна. Түүнчлэн олон улсад нүүрлээд байгаа тээвэр ложистикийн гацаа үүнд нөлөөлж байгааг мөн дурджээ.

Эцэст нь Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар аж үйлдвэрийн сэргэлтийг хийх Шинэ сэргэлтийн бодлогыг хэрэгжүүлэхээ зарласан. Тэгвэл Монполимет зэрэг үндэсний үйлдвэрүүд аж үйлдвэржилтийг чимээгүйхэн түүчээлж, “ёололгүй” хөдөлмөрлөж байна. Тэдний дотоодод шингээсэн нэмүү өртөг, валютын урсгалыг энд дурдах нь илүүц биз ээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *