Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

“Монос” эмийн сангийн жор баригчийн буруугаас болж хүүхдүүд хордсон гэв

Эх хүүхдийн эрүүл мэн­дийн үндэсний төвд  энэ сарын 8-наас эхлэн 16 хүүхэд эмэнд хордсон байдалтайгаар ирж эмчилгээ хийлгэж байгаа билээ. Төрөөд гурав хонож байгаа нярай хүүхдээс эхлээд гурван сартай 16 хүүхэд тус эмнэлгийн Сэхээн амьдруулах тасаг болон эрчимт эмчилгээ, хоол боловсруулах эрхтний эмгэг судлалын тасагт хэвтэн эмчүүлж байна. Хүүхдүүдийн биеийн байдал дээрдэж байгаа гэнэ. “Монос” эмийн сангаас эмчийн тусгай жорын дагуу 23 хүүхдийн эцэг, эх “Фенобарбитал” эмийг худалдан авч  уулгасан аж. Үүнээс 16 хүүхэд эмийн гүн хордлогонд орж Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвд хэвтэн эмчлүүлж байна.

Хоёр хүүхдийн биеийн байдал хүндэвтэр байна 

Хүүхдүүдийн биеийн байд­лын талаар Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийн  дэд захирал Ц.Алтантуяа өчигдөр сэтгүүлчдэд  мэдээлэл хийлээ. Түүний хэлж буйгаар  эмнэлэгт 16 хүүхэд хүргэгдэн ирснээс хоёр хүүхдийнх нь биеийн байдал хүндэвтэр, бусад хүүх­дийн биеийн байдал сай­жирч тогтворжсон гэнэ. Тэрбээр “Одоогоор дөрөв хоногтой нярай тус төвийн эрчимт эмчилгээний тасагт, нэг сартай хүүхэд нь хүүхдийн эрчимт эмчилгээний тасагт эмчлүүлж байгаа. Биеийн байдал хүндэвтэр хэдий ч анх ирсэнтэй харьцуулбал сэргэж эхэлж байгаа. Харин бусад хүүхдийн бие харьцангуй сайжирч тогтворжиж байна. Хүүхдүүдийг эмнэлэгт ирсэн даруйд нь зохих арга хэмжээг манай эмнэлгийн зүгээс  авсан. Нярай хүүхдүүдэд уулгасан эм биеэс гадагшлах хугацаа 90-120 цаг байдаг. Наймдугаар сарын 9-нд буюу өнгөрсөн долоо хоногийн бямба гаригийн 12:35 цагт ЭХЭМҮТ-д эмэнд хордсон гэх эхний өвчтөн ирсэн. Эмч өвчтөнүүдийн биеийн байдалтай танилцаад “Фенобарбитал” эмийн тунг буруу хэрэглэснээс үүдэн буй болсон хордлого гэдгийг оношлон, “Монос” эмийн сантай холбогдож, нийт 23 хүүхдэд жороор эм олгосон гэх мэдээллийг авсан.  

Гурав хоногтойгоос гур­ван сартай 16 хүүхдэд шинжилгээ хийн, хордлого тайлах эмчилгээг хийж эхэл­сэн “Фенобарбитал” эм нь тархины эмгэгшил, нярайн шарлалтад уудаг бөгөөд хүүх­дүүдийн биед уух ёстой тун хэтэрснээс ийн аюултай байдалд хүрсэн. Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийн эмч, сувилагч нар хүүхдүүдийн биеийн байдлыг цаг бүр нарийвч­лан үзэж байгаа. Манай эмнэлгийн зүгээс шаард­лагатай бүхий л эмчил­гээг хийж байна. Хүүхдүүдийн биеийн байдал сайжрах байх” гэв. 

“Монос” группын удирдлага  эмийн хордлогонд орсон хүүхдүүд, эцэг, эхчүүдэд  шаардлагатай зүйлсээр тусалж байна” гэв 

“Фенобарбитал” гэх эмийг хүүхдүүдийн ар гэрийн­хэн “Монос” группийн салбар эмийн сангаас худалдаж авсан байдаг. Тухайн өдөр ажиллаж бай­сан эм зүйчид Баянгол дүүр­гийн цагдаагийн хэлт­сээс эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа юм. Ямар учраас нярай хүүх­дүү­дэд том хүний тунгаар үйлдвэрлэсэн эм худал­даалсан талаар “Монос Улаан­баатар” ХХК -ийн  ахлах эм зүйч  М.Алтмаагаас цөөн асуултад хариулт авлаа. 

-Танай компанийн салбар эмийн сангаас худалдаж авсан эмэнд 16 хүүхэд хорд­лоо. Тухайн үед юу бол­сон талаар албан ёсны мэдээ­лэл авах гэсэн юм. Энэ талаар тодруулахгүй юу?

-Манай ажилтны ажилдаа хайхрамжгүй, санамсар болгоомжгүй хандсанаас үүдэн 16 хүүхэд эмэнд хордсон харам­салтай үйл явдал боллоо.  Энэ сарын 8-нд  Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийн дэргэдэх “Монос” эмийн сангийн салбараас эмийг хүүхдийн тунгаар өгөх байсныг том хүний тунгаар өгч, алдаа гаргасан. Тухайн өдөрт  23 хүнд уг эмийг олгосон байна лээ. Маргааш нь эмийн сангийн эрхлэгч ирээд  жор баригчийн гаргасан алдааг мэдэж, компанийн удирдлагад дуулгасан. Компанийн удирдлага шуурхай арга хэмжээ авч, уг эмийг худалдан авсан хүмүүстэй утсаар холбогдож, тэднийг эмнэлэгт хүргэх ажлыг өөрсдөө зохион байгуулж ажилласан. Жороор эм олгосон тохиолдолд тухайн эмийг худалдан авсан хүний  гэрийн хаяг нь эмийн санд үлддэг юм. Ингэснээр эм худалдаж авсан долоон хүн  худалдаж авсан эмийг хэрэглэж амжаагүй байхад нь  хүүхдийн тунтай эмээр  сольж өгсөн.

-Хүүхдүүдийн хордсон эм зөвхөн танай салбар эмийн сангаар худалдаалагддаг гэсэн үү?

-Хэвлэл мэдээллийн хэрэгслээр зөвхөн  “Монос” -ын эмийн сангаар хүүхдүүд хордсон эм зарагддаг гэсэн ташаа мэдээлэл гараад байна.  Албан ёсны зөвшөөрөлтэй бүхий л эмийн сангаар дээрх эм зарагддаг. Манай салбар  “Монос” эмийн сан нь Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвтэй ойр байдаг  болохоор “Фенобарбитал” эмийг худалдан авах нь их байдаг. 

 -Нярай хүүхдүүдэд том хүний тунтай эм олгосон эмийн сангийн жор баригч мэргэжлийн бус хүн байсан гэх мэдээлэл байна?

 -“Монос” групп нь нийт эмийн сангийн жор баригчдаа зуун  хувь мэргэжлийн боловсон хүчнээр бүрдүүлдэг. Хүүхдүүдэд том хүний тунтай эм худалдсан  жор баригчийн хувьд  мэргэжлийн сургууль төгссөн, эм барих лицензийг журмын дагуу  эзэмшсэн  жор баригч.  Тухайн өдөр цэвэр хувь хүний анхаарал, болгоомжгүй үйлдлээс үүдэн энэ явдал гарсан гэдгийг хэлмээр байна.  “Монос” группийн удирдлага  эмийн хордлогонд орсон хүүхдүүд, эцэг, эхчүүдтэй байнгын холбоотой ажиллаж, шаардлагатай зүйлсээр тусалж байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *