Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

Монголоос нэг кг махыг дунджаар 25 мянган төгрөгөөр авахаа илэрхийлэв DNN.mn

Монголын мах махан бүтээгдэхүүн, самар, ноолуур, газрын тосны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг компанийн удирдлагууд Катар, Кувейтын энэ чиглэлийн бизнесмэнүүд оролцсон бизнес форум гуравдугаар сарын 5-9-ний өдрүүдэд Катар, Кувейт улсад болсон. Энэ үеэр Катар, Кувейтын махны чиглэлийн компаниуд монгол малын махыг нэг кг-ыг нь долоон ам.доллараар авах боломжтой гээд Монголын талтай урт хугацаанд хамтран ажиллах сонирхолтой байгаагаа илэрхийллээ. Өчигдрийн байдлаар Монголбанкнаас зарласан нэг ам.доллар 3,526,98 төгрөгтэй тэнцэж байгаа бөгөөд энэ ханшаар тооцвол долоон ам.доллар 25 мянга орчим төгрөгтэй дүйцэж байна. Тэгэхээр бид Арабын орнуудад махаа нэг кг-ыг нь 25 мянган төгрөгөөр экспортлох боломж нээгдэж байна гэсэн үг.

Дээрх бизнес форумыг санаачлан зохион байгуулсан Монгол Улсаас Кувейт улсад суугаа элчин сайд Д.Сэргэлэн ярихдаа “Урьдчилсан байдлаар нэг кг махыг тээврийн зардал оролгүйгээр 7 ам.доллараар экспортлох боломжтой гэж ярьж байгаа. Нэг том компанитай гэрээ хийхэд булангийн зургаан оронд сүлжээгээрээ махаа тараадаг байх жишээтэй. Зөвхөн мах төдийгүй толгой, шийр хүртэл авъя гэж байна. Ийм том зах зээл нээгдэж байхад манайхан бие биетэйгээ өрсөлдөж үнэ битгий унагаарай. Нэг цонхоор, нэг бодлогоор явах хэрэгтэй. Хүнс, хөдөө аж ахуйн сайд байсныхаа хувьд би махны экспортыг урт хугацаанд, өндөр ашигтай байгаасай гэдэг утгаар нь харж, үүний төлөө ажиллаж байна. Энд ирээд найман сар болохдоо зургаан сард нь зөвхөн махны компаниудтай тулж ажилласан. Үйлдвэрүүдтэй нь танилцлаа. Үр дүнд нь өнөөдөр бид мах экспортлох гэрээ хэлэлцээр яриад сууж байна” гэв. Өнөөдрийн байдлаар хоёр улсын зарим компаниуд мах экспортлох асуудлаар урьдчилсан гэрээ хэлэлцээрээ эхлээд байгаа юм байна.

Монгол Улс одоогоор урд хөршдөө нэг кг махыг 2-2,5 ам.доллараар экспортолж байгаа юм.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *