Монгол Улсаас Унгар улсад суух Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд З.Батбаяр Унгар улсын Ерөнхийлөгч Адер Яношт итгэмжлэх жуух бичгээ өргөн барьжээ. Энэ үеэр Унгар улсын Ерөнхийлөгч Адер Янош Элчин сайдтай унгар хэлээр ярилцсан нь тэмдэглүүштэй үйл явдал болсон бөгөөд хоёр улсын харилцааг хөгжүүлэхэд тухайн улсын хэл соёлын талаар өндөр мэдлэгтэй Элчин сайдын гүйцэтгэх үүрэг роль өндөр болохыг цохон тэмдэглэсэн байна.
Мөн уулзалтын үеэр Биокомбинатын шинэчлэлийн асуудал, боловсрол болон усны менежментийн салбарт хамтран ажиллах талаар санал солилцжээ. Элчин сайд ноён Ерөнхийлөгчид НҮБ-ын дэргэдэх усны чиглэлийн зөвлөлийн гишүүнээр сонгогдсонд баяр хүргэж усны менежментийн болон уур амьсгалын өөрчлөлтийн салбарт хоёр улс олон улсын түвшинд хамтран ажиллах боломж байгаа талаар саналаа илэрхийлж, Монгол Улсаас жил бүр 200 оюутан Унгар улсад суралцахаар болж байгаад талархал илэрхийлжээ.