Эрдэмтэн, зохиолч Лувсандамбын Дашнямын “Байх байх үгүйн дунд” номоос доорх хөргийг уншигч танаа толилуулъя!
Нэг орой “Монгол мэдлэг” дээрээ нухалдгаараа нухалдаад л сууж байсан Нямсүрэн, Дарь Сүхбаатар хоёр ороод ирлээ.
Надтай амар мэндээ мэдэлцэнгүүт л Нямсүрэн
-Үзэг байна уу хэмээн яаран асуулаа. Би юм засаж суусан үзгээ өгтөл цүнхнээсээ нэг ном гаргаж ирээд л учир зүггүй засаад суучихлаа.
Арай ч удах шиг болохоор нь Сүхбаатар
-Хөөе, чи хүнд ном бэлэглэх гэж байгаа бол өгөөч. Номон дээрээ ном бичих гээд суучихав уу, яав гэж байна. Нямсүрэн,
-Алдаа ихтэй гарчихаж. За тэр нь өнгөрч. Хэвлүүлсэн хойноо бодохноо хэдэн юм засмаар санагдаад… гэснээ сая л нэг санаагаа гүйцээв бололтой над руу номоо хоёр гардан
-За, би танаас гуйдаг даа. Хайр найргүй шүүмжлээд өгөөрэй. Таны л үг хэрэгтэй байна гэж байна.
Тэгээд бид Нямсүрэнгийнхээ шинэ номыг “угааж гарсаан”. Тийн яриа хөөрөөтэй сууж байтал тэр дөнгөж сая дурсгасан номоо эргүүлж аваад бас хоёр нэг үг нэмж засав. Тэр хооронд хундагатайгаа цалгиулан цоо шинэхэн номоо халтартуулж, “дарс хүртээгээд” авлаа.
Миний Нямсүрэнд өгсөн үзэг улаан өнгийн байсныг ч хэлэх үү, Инжинаашийн “улаанаар охилох” (зарим нэгэн ухилах гэдэг дээ) гэдэг шиг л юм боллоо.
Тэр бол Нямсүрэнгийн “Аглагхан талаасаа” ном нь. Надад дурсгасан хамгийн сүүлчийн бүтээл нь. Бид хоёрын хамгийн сүүлчийн уран бүтээлийн тухай яриа бас тэр болсон. (Хэдийгээр “юу ч эс төгсдөг” гэдгийг би мэдэх боловч сүүлчийн гэдэг үгийг бид хэрэглээд л байдаг. Надад бол сүүлчийн гэдэг үг тийм ч их таатай сэтгэгдэл төрүүлдэггүй юм) Тэр уулзалтын тухай би Дарь Сүхбаатарыг нэг сайхан дурдатгал бичээсэй гэж боддог. Гэвч санаанд нь юу торж үлдсэнийг яахин мэднэ.
Нямсүрэн гэдэг хүнтэй би 1987 онд Сүхбаатар аймагт болсон “Уран үгсийн чуулган”-ы үеэр илүү ойртож дотноссон гэж хэлж болно. Урьд нь Дашбалбар л танилцуулсан байсан болов уу. “Ууж идэж, уран бүтээлийнхээ тухай хөөрөлдөөгүй л бол зохиолч хүмүүс өөрсдийгөө таньдаг, мэддэг бололцсон нь дутуу л байдаг даа” гэлцдэг. Тэр бол нэг л үг. Худлаа ч биш байх.
“Уран үгсийн чуулганы хаалт болно” гээд хөл болж байх үед Цоодол бид хоёр,
-Сүхбаатарынхан авьяастай шүү. Хоёулаа концертыг нь үзэж, ядаж хүүхэн шуухнаар нь нүдээ хужирлая гээд зогсож байтал Нямсүрэн ирээд (уг нь намайг заавал гэртээ оруулна гээд байсан юм) бид хоёрыг
-Та хоёр одоо хөдөөний уран сайхнаар яахав дээ, бишгүй л үзээ биз! Надад та хоёртой хууч хөөрөөд нэгэн сайхан оройг хамт өнгөрөөх хувь дахиад хэзээ ч олдохгүй. Хөдөөний муу шүлэгчид тийм аз тохиохгүй. Та хоёр намайг бод л доо гэсээр байгаад бид хоёрыг аваад явчихсан л даа.
Маргааш нь бид хоёр ихээхэн хүндэрч, бид хоёртой нэг өрөөнд боловч цуг яваагүй Нямаа маань бүүр ч хүндэрчихсэн байсан нь ихээхэн “нодогтой”, тун хөгжөөнтэй явдал болсоон.
Маам нутагтаа ирсэн гээд өглөө нь “буудалд будаалах” гэгч дайллага хийж, “үхэх гэж буй” намайг эрэл сурал болсон нь тэр удаа юм.
Тэр удаагийн чуулга уулзалтад А.Битов гэж “уран үггүй” нэг том ах, түүний орчуулагч гэж мөн “уран үггүй” нэг өндөр нөхөр хоёр л “гол дүрд” тоглодог байлаа л даа. “Уран үггүй” өндөр миний хувьд ч, Битовын хувьд ч шүлэггүйдэхийн зовлон их амссаан. Ядаж бүх уулзалт бид хоёроор эхлэхийг яана. Ахын хүн яваа юм чинь тэр үеийн “жаягаар” өөр аргагүй байлаа. А.Битов сүүлдээ
-Би нэг бяцхан шүлэг хэлье гээд
“Бяцхан охины гарыг би
Баяртайяа атгав
Тэр миний гарыг
Тэнхээтэй ээ, надаас ч чанга атгав” гэж шүлэг маягаар цангинуулах биш зүгээр л гүнгэнэдэг болов. Би түүнийг нь орчуулахаар хүмүүс нижигнэтэл алга ташна. Битов гайхна. Гайхаад надаас
-Чи юу гэж орчуулаад ингэж хүмүүсийн талархлыг над руу чиглүүлчихэв гэж асууна.
Би Битовын үгийг зөвхөн шүлэг маягтай болгон орчуулах биш бас тайлбарладаг байлаа л даа. Тэр жаахан охин гар барихдаа ийм том орос ахаас чанга атгалаа гэдэг нь ирж буй цаг, ирээдүйн хүч чадлыг илэрхийлж байгаа юм байна гэж “ухуулангуут” л хүмүүс нижигнэтэл алга ташдаг байсан юм.
Би бас “Жинжиймаа, Мухлааш хоёр” гэдэг бяцхан шүлэг уншина аа. Тэр шүлгийг бас хөдөөнийхөн их баяртай угтана. “Уран үггүй” хоёр маань тийнхүү амиа аргалаад л явна. Битов надаас,
-За миний үг ч яахав, чи сайн хүргээд би талархал хүлээгээд л явна. Чи өөрөө ямар шүлэг уншаад явна. Би сайн ажигласан. Чамайг шүлгээ уншиж байхад хүмүүсийн царайд үнэхээр бахархал төрж байсан. Чи лав л гүн утгатай шүлэг уншаад байх шиг байна гэнэ. Хариуд нь би “Зүгээр л хөдөөгийн хоёр залуу малчны тухай шүлэг. Эрэгтэй эмэгтэй хоёр. Тэднийг хүүхдүүд хөөршөөж, хөгшид ерөөдөг тухай уншаад байгаа юм л даа” гэнэ. Битов
-Чухал санаа. Тийм байх аа, нэг л хиймэл бус юм уншаад байх шиг байсан юм гээд баяр хүргэнэ дээ. Тэр шүлгийг би уг нь урьд нь тэрлэчихсэн байсан юм. Уран үгсийн чуулганд уншина ч гэж зүүдэлсэнгүй. Аргагүйдээд л уншсан нь тэр. Үгийг нь санаанаасаа “ухан” байж цаасан дээр буулгаж аваад уншдаг байлаа л даа.
Би хэдийгээр хүүхэд байхдаа уран уншлагын тэмцээнд түрүүлж байсан удаатай ч өөрийн шүлгээ муу уншдаг юм. Урлагтай уншина гэхээр онгироод ч байгаа юм шиг, жүжиглээд ч байгаа юм шиг сонин санагддаг л даа.
Миний шүлгийн гараар сийрүүлсэн хувийг Нямсүрэн гуйсаар байгаад аваад үлдсэн. Тэгсэн хожим Эрээнцаваас нутагтаа очиж, уран зохиолын уулзалт зохион байгуулж, тэр үеэрээ түмэнд үзүүлэх ханын сонин өөрийн гараар бүтээж, түүндээ миний нөгөө “Жинжиймаа, Мухлааш хоёр”-ын гар бичмэлийг тавьсан, миний тухай ярьж, гар бичмэл нь энэ гээд үзүүлж, явсан гэж Сүхбаатарын хэн нь ч билээ, нэг нь надад хуучилж байсан. Тэр шүлэг бол
“Жинжиймаа тугал хар нүдтэй
Жингэнэсэн, мөнгөн царгил дуутай
Намрын ой шиг уянгын сайхан аальтай
Нар шингэсэн бадармал хөөрхөн царайтай
Мухлааш бор дээлэнд дуртай
Мунгинасан, хэдэн цөөхөн үгтэй
Чухамдаа өөрийгөө л хайх мэт дүртэй
Чулуут замаар аяархан гэлдрэх нь бахтай
“Хүүе тэр хоёр” гэж хүүхдүүд бахархана
“Хөөрхий буянтай үрс” хэмээн хөгшид талархана
Жинжиймаа, Мухлааш хоёр жирийн сайхан малчид аа” (1987 он) гэсэн жаахан шүлэг л дээ.
Алдарт найрагчийн ханын сонинд гарах азтай л “эд” байж.
Намайг Дорнод аймагт “Монгол мэдлэг” сургуулийнхаа салбарыг байгуулахад Нямсүрэн шиг баярласан хүн байхгүй. Цасчимэг охиноо дагуулж ирээд
-За та, энэ муу охинд минь л нэг мэргэжил олгож өг. Бага сургуулийн ч болохноо багш болчихвол амиа аргалаад явчих байгаа. Хот холдоод сургуулиас нь завсардуулах болчихоод байсан юм. Энэ хүүхэд өөрөө их азтай хүүхэд юм. Сургууль нь өөр дээр нь хүрээд ирдэг байна шүү. За, тэгээд ний нуугүй хэлэхэд бид сургалтын төлбөрийг нь ч дийлэхгүй. Танаас нуугаад яахав, оруулж өг гэж гуйхаас гадна төлбөрийг нь хөнгөлж өг, ер нь чөлөөлөөд өгөөч гэж гуйна даа гэж байна.
Салбар байгуулах бэлтгэл ажилд Дамдинжав, Нямсүрэн хоёр их оролцсоон. Хаашаа ч явсан гурвуулаа л “хөл хэрээстэй, хүзүү холбоостой” гурван “юм” л явдаг байлаа.
Нэг удаа гурвуулаа буудалд “Сургуулиа ингэж тэгж ажиллуулна. Нээлтээ тэгж хийнэ” гээд яриад сууж байсан цонхоор нэг шувуу орж ирээд миний өмнө буучихлаа. Зугтаж чадсан ч үгүй, баригдаж байна. Айсан гэдэг нь жигтэйхэн, амаа ангалзаад дүүхэлзтэл амьсгаадаад байна. Үзсэн чинь яахын аргагүй шонхрын дэгдээхэй байна аа. “Цагаан шонхор гар дээр нь буув” гэгчээр л юм боллоо хэмээлдэн, гурвуулаа маш их бэлгэшээлээ. Дамдинжав
-Би тоть тэжээдэг юм. Гоё нүүртэй. Би маргааш нээлт дээр тэр гоё торондоо хийгээд аваад ирье гээд нөгөө дэгдээхэйг маань аваад явлаа.
Тэгсэн маргааш нь нээлт дээр нөгөө шонхроо биш хоёр жижигхэн тоть торонд шулганалдуулсаар ирлээ.
-Хөөе, чи нөгөө шонхроо яав гэсэн
-Айснаасаа юм уу үхчихлээ. Би танаас айгаад дэмий л тотио бариад ирлээ гэж байна.
-За, за одоо яая гэхэв л болцгоолоо.
Тэгтэл шонхроор “гэнэтийн бэлэг” барихын оронд гэсэн шиг Нямсүрэн надад зориулсан шүлгээ уншлаа. Тэгээд тэр уншсан шүлгийнхээ нооргийг нийтийн өмнө гардуулангаа
-Надад хувь нь үлдсээн. Би жаахан засаад таны хойноос явуулна аа л гэж байсан. Ирүүлж чадалгүй өнгөрсөн л дөө.
Одоо Дорнодын салбар байтугай “Монгол мэдлэг” сургууль ч байхгүй. Харин тэр сургуулийн буурин дээр үүссэн “Монгол уламжлал академи” нэр төртэй ажиллаж байна. Би оюутнуудтай биш магистрант, докторантуудтай ажилладаг, сургууль хэсэж лекц уншдаг хүн болсон.
Дорнодын салбарыг хэдэн аятайхан хүүхэд төгссөн нь одоо олон газар сайн ажиллаж байгаа. Зарим нь бүр аймгаа удирдах хэмжээнд хүрч яваа байх шүү. Цасчимэг маань сайн багш болсоон. Суралцах үеийн бэрхшээл, төлбөр сэлт гээд элдэв л зовлонг хоёр талаас хичээсний хүчинд тэр хүн амьдралтайгаа золгосон байх. Нямсүрэн, Дамдинжав бид гурав хэд хоног “намирсны” хэрэг ч уг нь бүтсэн л дээ.
Тэр өдрүүдэд л Нямсүрэн бид хоёр шүлэг зохиолын тухай ярих овоо сайхан зав зайтай, олон ч юм ярьсан даа.
Нямсүрэн өөрийнхөө “Амитаба” шүлгийг хүмүүс маш их магтдаг тухай ярихад нь би
-Тэр үнэхээр муугүй шүлэг. Гэхдээ их амархан бүтсэн шүлэг. Шүлгийг ганцхан үгээр толгой татаад араас нь үг цувуулж өрөөд байвал бараг хэн ч чадна. Муу өрвөл улиг ч болж мэднэ. Чи Амитаба-гийн тухай хэн ч чадахгүй гайхамшигтай үг олныг хэлж чадаагүй. Амитаба шиг цэцгэн өлзийгөөр завилах, эрдэнийн чулуугаар чимэх, эрэг дээр суугаагаар бодох, ээжгүй болоход уйлахгүй суух, хоосон алсад буй ертөнцийг таних зэрэг бол тийм ч нэг их шинэ юм биш, хүн хэлж чадахгүй үг ч биш, харин Амитаба шиг өөрийнхөө үсний ойчих чимээг сонсох тухайд бодсон чинь гайхалтай. Чиний шүлгийг уншаад бясалгалын сэтгэлгээнд өртөөд сууж байхад ширхэг үс унах чимээ сонсдох шиг болдог юм. Ганцхан энэ мөрний төлөө чамайг яаж ч магтсан болно. Үгүүлэмжээ сунжруулж, санаагаа задгайлж, үгээ давтдаг муу тал чамд байх шиг байдаг юм. Бодоорой. Харин сүмэн өвсний гэгээг мэдэрч, чимээг сонсож байгаа, хөдөөгийн сайхнаа хувилгаан хүн мэт мэдэрч суугаа чинь бол хосгүй л дээ. Сүмэн өвс гэдэг бол чиний л үг. Чиний Эрээнцавд “борцлогдсон” чинь хэдэн Горькийн сургуулиас илүү, чи төрөлх авьяасаа чухамхүү энэ “цөллөгт” л хурцалж чадлаа шүү дээ гэсэн Нямсүрэн босож ирээд л миний өмнө мөргөн юу юугүй л намайг ичээх үйлдэл хийж байна. Тэгснээ,
-Надад ингээд сайхан хэлээд өгөх хүн нэг ч алга. Цөм л худлаа магтаж байна. Бид хоёр ер нь нас ойролцоо ч байж магадгүй. (Би Нямсүрэнгээс дөрөв ах юм) Би Балбар, Ооёо бүгдээс нь ахмад шүү дээ. Нарийндаа бол би Балбарын багш хүн. Тэд “намайг гаргасан, утга зохиолд байр суурийг нь эзлүүлсэн” л гэдэг юм. Нэг их онцгой юм байхгүй. Би байдгаараа л байж байгаа. Бичдэгээрээ бичиж л байгаа. Газрын мухарт орхигдон хоцрогдсон муу шүлэгч. Хөдөө их гандаж байна. Архи дарсаа хувааж ууна уу гэхээс ухаан нэмэх, дотор уужлах хүн алга. Магтаал хүнийг мундаг болгохгүй гэдгийг би хэнээр ч заалгахгүй мэднэ. Надад овоо шүүмжийн үг, намайг “чи ийм тийм байна” гээд хэлээд өгөх хүн хэрэгтэй байна. Би өвс ногоо, үхэр малтайгаа л ярих юм. Өөр хэнтэй ярих вэ. Ном мэддэг нь биднийгээ тоохгүй юм. Би таныг хүндэлдэг. Бүх бичсэн хийснээ нэг аваад очно. Бүгдийг нь ялгаж салгаад нэг сайхан хэлээд өгөөрэй гэж гуйж байна. Би хэллээ.
-Би бол уран зохиол судлаач биш шүү дээ. Хотод л амьдардаг болохоос чинийхээ л ижил хүн. Элдвийг үл тоон, дүлий толгойлоод л санасан бодсоноо сараачаад яваа хүн. Зохиол мохиол бичнэ гээд ажлаасаа ганц өдөр ч чөлөө авч үзсэнгүй. Намайг тэр Горький морькийд нь явуулсангүй. Би өөрөө буян эдлэх зиндаа хэмжээнд нь ч хүрсэнгүй. Харин зохиолыг бол өөрийн, хүний гэлтгүй уншаад л байдаг, санаснаа хэлээд л явдаг хүн л дээ. Хэлэхээ хэлнэ ээ, бодсоноо бол нууж хаалгүй, дараа тэгчих болов уу, ингэчих болов уу гэж огт бодолгүй хэлээд л явдаг хүн л дээ. Цомхон хүрээнд, хэдхэн нөхөдтэйгөө харьцдаг болохоор миний сайн муу үгнээс болоод намайг дээш доош нь хийсэн юм одоохондоо алга л байна гэж үнэнээ л хэллээ.
Дорнын их найрагч Нямсүрэнгээ санан дурсаж, богинохон насных нь их үйлийг мөнхжүүлэх талаар анд нөхөд нь чамгүй л ихийг хийдэг шиг билээ. Номуудыг нь нийтлэх, түмэн олонд хүргэх, уулзалт яриа зохион байгуулах зэргээр үе үе дуу чимээ гарч л байдаг юм. Аз болж ганц нэгд нь оролцсон болохоос тэр бүхэнд миний хүртээл байдаггүй л дээ. Намайг хэн мэдэхэв. Худлаа хэлэх хүнд, Нямсүрэнг таньдаг ч гэж боддоггүй биз.
Хамгийн сүүлд Нямсүрэн цоо шинэхэн номоо өөрөө зориуд зорин зорин авчирч өгсөн. Хүндтэй сайхан бэлэг байсан.
Тэр нэгэн оройноос хойш олон жил өнгөрчээ. “Аглагхан талаасаа” авчирсан тэрхүү бүтээлээ миний дэргэд засаж суугаад л алс тйишээ оджээ… Би түүний хүсэлтийг биелүүлж одоо болтол юу ч бичиж чадаагүй л яваа. Сэтгэлгүйдээ биш, зав зай маань тийм л болж дээ.
Харин энэ удаа түүний тухай цөөн боловч мөр үлдээж байгаадаа баярлаж сууна. Манайханд ном үзсэн гэж байгаа зарим нь “модширдог”, хөдөө хөрч, гадаа гандлаа гэгчид нь “хулширдаг” тал бий нь ч бий байх аа.
Данзангийн Нямсүрэн бол өөрийгөө төдийгүй үеийнхнийгээ, тэртээ тэр хязгаарт байгаа Эрээнцав хэмээх бяцхан тосгоныг хүртэл мөнхжүүлсэн л хүн л дээ.
Монголоо мэдрэхийн үлгэрийг Нямсүрэн үзүүлж чадсан нь бахархалтай байдаг. Тийм найрагч бидэнд цаг үе холдох тусмаа л олдохгүй. Олдсон нь ийн охор богино хугацаанд гэрэлтээд л өнгөрч дээ. Тэр нь хувь заяаны егүүтгэл байж ч болно, бас амьдрал үйлийн өргөл ч байж мэднэ ээ.
2015.10.28. Өвөржанчивлин