“Цагдаагийн
дээд сургуулийг 1995 оны хавар шижигнэсэн 20 залуу төгсөж байлаа. Сургуулийнхаа
захирлаас дипломоо гардаж авчихаад цагдаагийн шинэхэн форм өмсч, дэслэгч цол тэмдгээ
мөрөндөө зүүчихсэн, ёстой будаг нь ханхалсан шинэ машин гэдэг шиг шинэхэн офицерууд
хөөрч явлаа. Тоондоо алхаж байх үе үнэхээр сайхан байжээ” гэж Монголын цагдаагийн
20 жилийн түүхийг бичилцэж, өнөө цагт шинэ залуу цагдаа нарын өмөг түшиг, багана
болж яваа хурандаа нар хоорондоо ярилцах ажээ. Энэ удаагийн “Нэг ангийнхан” буландаа
Цагдаагийн дээд сургуулийг 1995 онд төгссөн алба хаагчид 20 жилийн дараа ангиараа
уулзаж байхад нь уулзаж, онцоллоо.
Шилдгүүд цугларсан 4д
Монгол Улс
ардчилсан нийгэмд шилжээд дөнгөж жил болж байсан хүнд хэцүү цаг үед цагдаагийн алба
хаагч болохоор сэтгэл шулуудсан 30 гаруй залуу нэг анги болсон түүх ингэж эхэлсэн
байна. Цагдаагийн дээд сургуулийн Хуулийн 4д ангид нийслэлийн цагдаагийн хэлтсийн
болоод хөдөө, орон нутгийн шилдэг алба хаагчид суралцахаар элсч байжээ.
Тэдний дунд
Цагдаагийн дунд сургуулиас урилгаар А.Отгонбаатар, Г.Буянхишиг нар ирж байж. Д.Эрдэнэпүрэв
гэж хүн буудаж хөнөөчихөөд хотын төвөөр буутай явж байсан, яахаас ч буцахгүй шийдчихсэн
гэмт этгээдийг барьж, нийгэм даяар дуулиан тарьсан нөхөр ч ирсэн байна. Найрамдлын
районы цагдаагийн алба хаагч н.Бат-Амгалан, Д.Ганболд, Ховдоос Б.Энхбат, Сэлэнгийн
цагдаагаас Пүрэвдагва, Сүхбаатар аймгаас Нямхүү Өвөрхангай аймгаас Хуягсүрэн, Булганаас
Болдсайхан зэрэг залуус цугларчээ. Тэдний дунд аравдугаар ангиа төгссөн хоёр хүүхэд
л байсан гэнэ. Залуус хэдийгээр цагдаагийн алба хаагчийн ажлыг нэр төртэй гүйцэтгэж
байсан ч энэ өдрөөс тохой нийлүүлэн суусан оюутнууд болжээ.
Төр засаг
тогтворгүй, хямралтай үе байсан болохоор сонсогч нарт дүрэмт хувцас өгч чадахгүй,
хоол унд хомс учир сургуулийн хуаранд бус гэрээр нь байлгадаг гээд л хүнд асуудал
олон байсан гэнэ. Зургадугаар сард Цагдаагийн дээд сургуулийн бүх сонсогчийг Төв
аймгийн Баянчандмань суманд байх Цагдаагийн сургалтын төвд аваачсан байна. Дандаа
цагдаад ажиллаж байгаад ирсэн нөхдүүд нэг анги болсон учир 14 хоногийн карентинд
шууд явуулах шийдвэр гаргажээ. Ингээд 4д ангийнхан карентинд очтол бусад ангийнхан
олон хоног жагсаал сургуулилт хийгээд хөл гараа хэдийнэ олчихсон байж. Нөгөөдүүл
ч бусдаас юугаараа дутах вэ гээд шаргуу хичээллэж, жагсаалд алхаж эхэлсэн байна.
Ингээд сонсогч нарын бага наадам Марш тактикийн тэмцээн эхэлжээ. Энэ үед нэгэн хөгжилтэй
үйл явдал болж байсан гэнэ. Энэ тухай сонирхлоо. Аравдугаар ангиа төгсөөд ирсэн
н.Нармандах гүйх үеэр бусдаасаа ихэвчлэн хоцордог байсан аж. Түүнээс болж бусдаасаа
түрүүлээд адуу шиг гүйгээд алга болчихсон Б.Энхбат зэрэг сонсогчид тээр ард үлдсэн
нөхөд рүү буцаж гүйж ирээд хайрцагтаа ордог байсан аж. Нэг удаа бүрий болсон хойно
бусдаасаа сүүлдэж хоцорсон н.Нармандах гал тогоо руу ортол шанагатай цай байж. Аваад
уучихаж. Гэтэл төмс угаасан усыг хар цай гэж андуураад залгилчихсан гэнэ. Маргааш
нь Марш тактикийн уралдаан болж байтал нөгөө Нармандах чинь бэлтгэлийн үеийнхээсээ
ч удаан гүйгээд байсан гэнэ. Түрүүлж гүйсэн хэд нь буцаж гүйж хайрцагтаа орж байтал
Нармандах гэнэт хайрцагнаасаа гараад өөр зүг рүү харайлгаж гарсан байна. Тэгснээ
хамгийн түрүүнд таарсан бутны араар ороод шууд бие зассан гэнэ. Сургагч багш Төрмөнх
дээр Эрдэнэболд дарга гүйж ирээд “Энэ чинь юу болж байна вэ” гэж асуутал “Би сонсогч
Нармандахыг бие засуулж байна” гэж илтгээд бөөн инээдэм болж байсан гэнэ. Энэ мэт
хөгжөөнтэй, дурсамжтай зүйл тэдний нөхөрлөлд өч төчнөөн бий.
Цагдаагийн дээд сургуульд
ардчилал авчирсан нь
Цагдаагийн
бие бүрэлдэхүүнд цөөнгүй жил ажиллаж байгаад ирсэн болохоор тэдний ангийнханд дээд
курсийнхэн нь оны ялгаа гаргаж амжилгүй төгссөн гэдэг. Эхэндээ тэднийг ажлын талбараас
ирсэн мундгууд гэдгийг мэдэлгүй оны ялгаа гаргах гэж үзсэн гэнэ. Ангиараа нөгөөдүүлтэйгээ
гар зөрүүлэх тохиолдол ч гарсан байна. Бүр Говь-Алтай аймгаас ирсэн Энхбаатар дээд
курсийнхээ нөхдүүдийг айлгах гэж балиус гутлынхаа түрийд хийж ирээд “Балиус” Энхбаатар
гэдэг хочтой болж байж. Гэсэн ч дээд, доод курсийн ялгаа газар авалгүй тэгсхийгээд
намжжээ. Цагдаагийн дээд сургуульд 4д ангийнхан тухайн үеийг оны ялгаа гаргахгүй
болтол нь нам дарж чадсан байна.
Үүний дараа
тэд “Бид Ардчилсан нийгэмд амьдарч байгаа. Үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлнэ” гээд
багш нартайгаа оюун ухаанаараа мэтгэлцдэг болжээ. Энэ нь тухайн цаг үедээ шинэ содон
үйл явдал байсан төдийгүй настай багш нарын хувьд эвэртэй туулай үзсэн юм шиг сэтгэгдэл
төрүүлдэг байж. Өөрөөр хэлбэл, ардчиллын үнэт зүйлийн эхлэлийг энэ ангийнхан мөн
тавилцсан гэсэн үг. Тэд зүгээр нэг мэтгэлцээд зогсохгүй хичээлийн явц, сургалтын
талаар “Энэ сургалт буруу явагдаад байна. Үүнийг ингэж өөрчлөх хэрэгтэй” гээд шүүмжилж,
байр суурин дээрээ бат зогсох болжээ. Нэргүй гэх багш нь хичээл тарсны дараа гүйлгэж,
бэлтгэл хийлгээд тараахгүй байсан аж. Нөгөөдүүл ч энэхүү зүй бус харилцааг эсэргүүцжээ.
Энэ үеэр сонсогч Д.Ганболд “Та биднийг тамлаж байна. Бэлтгэлийг хийх цагтаа хийе.
Бид хичээлээ тараад гэртээ харимаар байна. Би нөлөөтэй сонсогч, хэрэв сонсогч нарыг
таныг эсрэг хөдөлгөх юм бол чадна шүү” гэж хэлээд авч. Үүнээс болоод “нөлөө Ганболд”
гэдэг хочтой болжээ.
Мөн Сургалтын
төвийн захирагч Төрмөнхөд хандаж “Бид нар цэргийн мэдлэгтэй. Энэ шороон дээр элэг
дөрвөөрөө мөлхөж чадахгүй” гээд өөрийг нь мөлхүүлсэн байна. Сургуулийн орлогч захирал
Батаа нэг удаа хурал хийж дуусаад “Сонсогч нарт асуух асуулт байна уу” гэж асуужээ.
Гэтэл ангийнх нь нэг сонсогч “Надад нэг хүсэлт байна” гээд боссон байна. “Аль анги
вэ” гэж эргүүлэн асуутал буруу сонсоод “Би архи уугаагүй” гэж хариулж байсан аж.
Аль анги вэ гэснийг архи уучихсан юм уу гэж сонссон байна. Энэ мэт Ардчилсан улсад
амьдарч байгаагаа тэд тухайн цаг үедээ ойр орчнынхондоо мэдрүүлж чадсан байна. Бүр
анги дундаас “Ардчилал” Цолмон гэсэн хочтой болсон байна. Энэ мэт хөгжилтэй дурсамж
ар араасаа цуврах ажээ. 20 гаруйхан настайгаасаа санчигны үсээ буурал болтол цагдаагийн
албанд зүтгэсэн хурандаа нар 25 жилийн өмнөх цэл залуухан сонсогч байсан цаг үедээ
очсон юм шиг л байв. Нүд нь гэрэлтээд л залуу насныхаа гэгээн дурсамжийг ярин инээлдэх
ажээ.
АТГ-т Ц.Шинэбаяр
Х.Баярцогт нар ажиллаж байгаа гэнэ. Налайх, Төв аймгийн Цагдаагийн хэлтсийн даргаар
ажиллаж байсан Г.Буянхишиг төгссөн сургуульдаа олон жил багшилжээ. Одоо Баянзүрх
дүүргийн гуравдугаар хэлтэст Тасгийн даргаар ажиллаж байгаа аж. Ангийн дарга Б.Бат-Амгалан
Цагдаагийн ерөнхий газарт Хэлтсийн даргаар ажиллаж байгаад саяхан Сонгинохайрхан
дүүрэгт Тасгийн даргаар очжээ. Ангийн “од”, буутай гэмт хэрэгтнийг хотын төвөөс
баривчилж, Монгол Улсын Ерөнхийлөгчөөс одон авч байсан Д.Эрдэнэпүрэв Хөвсгөл аймгаас
гавьяаны амралтдаа гарсан байна. Цагдаа нар дундаа эрэнгийн хэмээн алдаршсан Б.Энхбат
Цагдаагийн ерөнхий газарт, Багахангай дүүргийн цагдаагийн хэлтсийн даргаар ажиллаж
байсан Д.Ганболд Нийслэлийн цагдаад ажиллаж байгаа гээд бүгд өндөр цолтой, удирдах
албан тушаалтнууд болсон байна. Бүгд л дэд хурандаагаас дээш цолтой болжээ.
Тэд жил бүр
уулздаг гэсэн. Дарга болсон нэгэндээ мөнгө нийлүүлж байгаад сэлэм, шонхор шувууны
баримал авч өгдөг гэнэ. Гэр бүлээрээ Монголынхоо үзэсгэлэнт газраар аялж, амьдралын
жаргал зовлонгоо хамтдаа элээж байгаагаа хэлж байлаа. 20 жилийнхээ ойн уулзалтад
ирсэн 4д ангийнхан одон тэмдгээ зүүж, жагсаалын хувцсаа өмсөөд сүр хийморьтой харагдаж
байв. Тэд гэрэл зургаа авахуулсаны дараа нэгэн буйдхан газар очиж залуу насаа дурсахаар
гарч одсон юм.
Шилдэг мөрдөгч
болох гэж мөрөөдөж, хэрэг илрүүлж байна гэж зүүдэлж явсан тэд “Ийм сайхан өдөр гэмт
хэрэг ярихгүй шүү” гээд инээлдэж байлаа. Тэд ард түмнийхээ сайн сайхны төлөөх энхийн
манаанд 20 жил бат зогсож чадсан гавьяатнууд билээ.