Categories
мэдээ нийгэм

Монголын тээвэрчид 18 улс руу ачаа тээвэр хийх боломжтой

Холимог тээвэр | Ложистик компани

Монголын тээвэрчид 18 улс руу олон улсын ачаа тээвэрлэлт гүйцэтгэх боломжтой.

Одоогоор ОХУ, БНХАУ, Казахстан, Беларусь, Турк, Украин, Латви, Литва, Киргиз, Унгар, Словени, БНАСУ улстай Засгийн газар хоорондын автотээврийн хэлэлцээр байгуулсан. Үүнээс гадна Гүрж, Словак, Польш, Чех, Герман, Молдав улстай Засгийн газар хоорондын хэлэлцээр байгуулахаар зэхэж байгаа. Хэлэлцээр хараахан албажаагүй ч Засгийн газраас зөвшөөрөл олгосны дагуу эдгээр улстай зөвшөөрлийн бичиг солилцон, ачаа тээвэрлэлт гүйцэтгэх боломж бүрдүүлжээ.

Түүнчлэн улс хоорондын ачаа тээвэрлэлтийг хялбаршуулахаар Монгол Улсын Засгийн газар, БНХАУ-ын Засгийн газар хоорондын автотээврийн хэлэлцээрийг хэрэгжүүлэх тухай ЗТХЯ, БНХАУ-ын Тээврийн яам хоорондын Протоколыг 2019 онд шинэчилсэн. Үүгээр Монгол Улс, БНХАУ-д бүртгэлтэй тээврийн хэрэгслээр Монгол Улсад, эсхүл БНХАУ болон гуравдагч улсад бүртгэлтэй чиргүүл чирч улс хоорондын тээвэр хийх боломж бүрдүүлсэн байна.

Мөн автотээврийн хэрэгслээр далайн боомт хүрэх, дамжин өнгөрөх тээврийг хөгжүүлэх “Монгол-Орос-Хятадын хооронд эдийн засгийн коридор байгуулах хөтөлбөр”-ийн хүрээнд “Азийн авто замын сүлжээгээр олон улсын автотээвэрлэлт гүйцэтгэх тухай Монгол, Орос, Хятад гурван улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр” байгуулж, 2019 оноос хэрэгжүүлж байгаа. Энэ хүрээнд 2 чиглэлд тээвэр хийх боломжтой. Тодруулбал, Азийн авто замын сүлжээний АН-3 буюу “ОХУ-ын Улаан-Үд – Улаанбаатар – БНХАУ-ын Тяньжин боомт”, АН-4 буюу “ОХУ-ын Новосибирск – Баян-Өлгий – Ховд – БНХАУ-ын Үрэмчи – Хонгираф боомт” чиглэл юм. Харамсалтай нь цар тахлаас шалтгаалан тээвэрлэлт түр хугацаанд зогссон байгааг ЗТХЯ мэдээллээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *