Есдүгээр сарын 3-ны өдөр бол Дэлхий нийтийн фашизмын эсрэг дайн, Хятадын ард түмний Японы түрэмгийллийн эсрэг дайны ялалтын 70 жилийн ойн дурсгалт өдөр билээ. Бүх хятадын ард түмний хүсэн хүлээлт, Дэлхий нийтийн энх тайванд хайртай зон олон болон Хятадын найрсаг харилцаатай улс орнуудын нөр их дэмжлэгээр, Хятадын Засгийн газар, хятадын ард түмэн Бээжин хотын Тянь Ан Мин-ийн талбайд Ялалтын баярын хүндэтгэлийн парадын үйл ажиллагааг ёслол төгөлдөр амжилттай зохион байгууллаа. Энэ үйл явдал дэлхий нийтийн түүхэнд мөнхөд тэмдэглэгдэн үлдэж, өнгөрсөн түүхийг сэтгэлдээ мөнхлөн, гэрэлт ирээдүй рүү хамтдаа тэмүүлж, маргаашийн сайн сайхныг цогцлоох хамтын сэтгэлийн илэрхийлэл боллоо.
Монгол Улсын Ерөнхийлөгч Эрхэмсэг ноён Ц.Элбэгдорж энэхүү арга хэмжээнд оролцсон нь дэлхий нийтэд Монголын ард түмэн энх тайвныг эрхэмлэн дээдэлж, эв найрамдлаа нандигнан үздэгийн тод илэрхийлэл боллоо. Монголын цэрэг армийн бие бүрэлдэхүүн цэргийн хүндэтгэлийн ёслолын парадад амжилттай оролцож, монгол цэргийн сүр хүч, эрэлхэг зориг, цог жавхлант байдлыг томруун харуулж, Хятадын ард түмэн болон бүх дэлхийн ард түмэнд Монгол Улс Дэлхийн II дайны ялалтад оруулсан хувь нэмрийг гүн гүнзгий таниуллаа. Хятадын тал Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж тэргүүтэй төлөөлөгчид, парадад оролцох монгол цэргүүдийг найрсгаар хүлээн авч, өндөр түвшнээр зохион байгуулсан. Эрхэмсэг ноён Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж БНХАУ-ын дарга Си Жиньпин болон БХАТИХ-ын дарга Жан Дезян нартай тус тус уулзаж, хоёр улсын харилцааны хөгжлийн хэтийн төлвийн талаар санал солилцож, ялалтын баяраа хамтдаа хуваалцлаа. Ерөнхийлөгчийн энэ удаагийн Бээжин хотод хийсэн айлчлал амжилттай болж өнгөрлөө. Эрхэмсэг ноён Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж болон Монгол цэрэг армийн бие бүрэлдэхүүн цэргийн ёслолын парадад оролцсон нь БНХАУ болон Хятадын ард түмэнд үзүүлж буй хүндэтгэл юм. Хятадын тал үүрд мөнх мартахгүй. Энэхүү завшааныг ашиглан, миний бие хятадын талыг төлөөлөн эрхэмсэг ноён Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, Монгол Улсын Засгийн газар болон Монголын нийт ард түмэнд халуун баяр хүргэж, чин сэтгэлийн талархал илэрхийлье.
Хятадын ард түмний Японы түрэмгийллийн эсрэг дайн, Дэлхий нийтийн фашизмын эсрэг дайн бол шударга ёс болон бузар булхай, гэрэл гэгээ болон хар бараан, хөгжил дэвшил болон харгис хэрцгийн хооронд болсон шийдвэрлэх тулаан байсан билээ. Тэрхүү харгис хатуу хүйтэн дайнд, Хятадын ард түмэн Японы түрэмгийллийг эсэргүүцэх дайн хамгийн эрт эхэлж, хамгийн удаан үргэлжилсэн билээ. Харийн түрэмгийлэгчидтэй нүүр тулахдаа, Хятадын үр хүүхдүүд шантарч мохолгүй, цус урсган тулалдаж, Японы милитаризмын түрэмгийлэгчдийг бүрмөсөн ялан дийлсэн билээ. Энэхүү ялалт нь хятадын нийт үндэстний 5000 гаруй жилийн хөгжлийн соёл иргэншлийн үр дүн, хүн төрөлхтний энх тайвны үйл хэргийг хамгаалж, хүйтэн дайны түүхэн дэх гайхамшиг, Хятадын ард түмний эрэлхэг зоригт аугаа үйлсыг бүтээсэн билээ. Энэхүү дайнд, Хятадын ард түмэн нөхөж баршгүй хохирол амсаж, дэлхий нийтийн фашизмын эсрэг дайны дорно зүгийн талбарыг хамгаалж, дайны ялалтад чухал хувь нэмрээ оруулсан юм. Хятадын ард түмний Японы түрэмгийллийн эсрэг дайн дэлхий нийтийн дэмжлэгийг олж, бусад орны ард түмний энэхүү дайны ялалтад оруулсан хувь нэмрийг Хятадын ард түмэн үүрд мөнх дурсан санах болно.
70 жилийн өмнө, дэлхий нийт фашизмын эсрэг дайны ялалтын төлөө, мөн Хятадын ард түмний Японы түрэмгийллийн эсрэг дайны шударга ёсны үйл хэрэгт дэмжлэг үзүүлэхийн төлөө, монголын тал хүнд хэцүү давааг даван туулж, их хэмжээний цэрэг болон эд материалын дэмжлэг үзүүлж, чин зоригт цэрэг эрсээ ЗХУ-ын Улаан армийн цэргийн хамт БНХАУ-руу дайнд оролцуулахаар илгээсэн билээ. Монгол, Зөвлөлтийн цэрэг Хятадын ард түмэнтэй мөр зэрэгцэн, Японы түрэмгийлэгчидтэй цус асгаруулан тулалдаж, хүн төрөлхтний шударга ёсыг хамгаалах үйлсийн төлөө цуцашгүй тэмцэж, Монголын олон арван цэрэг дайчид алтан амиа зориулсан билээ. Тэдний баатарлаг үйлс Хятад, Монголын найрамдлын харилцаанд зэвэршгүй түүхэн хуудсыг үлдээсэн билээ. Эрэлхэг зоригтон одсон ч, түүний үйл хэрэг үүрд мөнхөд оршино. Тэдний Хятадын ард түмнийг чөлөөлөх үйлсэд оруулсан гарамгай хувь нэмрийг түүх мартахгүй, Хятадын ард түмэн мартахгүй. Энд, миний бие хятадын талыг төлөөлөн Монголын ард түмэнд чин сэтгэлийн талархал илэрхийлж, ялангуяа одоо энх тунх амьдарч буй Монгол ардын хувьсгалт цэргийн ахмад дайчдад нэн өндөр хүндэтгэл илэрхийлье.
Хятад, Монгол хоёр улс уул, усаар холбогдсон найрсаг хөршүүд бөгөөд хоёр ард түмний найрамдал урт удаан жилийн түүхтэй билээ. Бид Японы милитаризмын түрэмгийлэгчдийг хамтдаа ялан дийлж, халуун цус, алтан амиа зориулан бий болгосон найрамдал нь бид бүхний хамтын үнэт зүйл юм. Маргаашийн сайн сайхны төлөө Хятад, Монголын ард түмэн гар гараасаа барин, энэхүү түүхийг дурсан санаж, сэтгэлдээ мөнхөд хадгалцгаая. Өнөөгийн Хятад, Монголын харилцаа эрчимтэй хөгжиж, түүхийн хамгийн таатай үедээ ирээд байна. Хятад, Монголын харилцааны үр дүнд хоёр улсын хөгжил цэцэглэл, ард түмний аз жаргал, ашиг сонирхлын уялдаа холбоо илүү нягтарч байна. Хятад, Монголын харилцааг хөгжүүлэх нь хоёр улсын ард түмний хамтын ашиг сонирхолд, хамтын хүсэл мөрөөдөлд нийцэж байгаа билээ. Хоёр талын хүчин чармайлтаар Хятад, Монголын хооронд Иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг тогтоон хөгжүүлж, хоёр талын улс төр, эдийн засаг, хүмүүнлэг зэрэг бүхий л салбарын харилцаа, хамтын ажиллагааны хэтийн төлөв тодорч, Хятадын “Торгоны замын эдийн засгийн бүс” санаачилга болон Монголын “Талын зам” санаачилгын хөгжлийн стратегийн уялдаа холбоог бий болгож, хэд хэдэн тодорхой хамтын ажиллагааны төслүүдийг бодит ажил хэрэг болгохоор ажиллаж байна. Хоёр улс болон хоёр орны ард түмэн аугаа их ялалтын баярыг хамтдаа тэмдэглэж, хоёр орны харилцаанд шинэ үеийн авчирч бид бүхний хоёр улсын харилцааг хөгжүүлэх үйлсэд шинэ амжилт олоход зориг урам болно гэдэгт би итгэлтэй байна.
Бидний цус урсгасан тэмцэлгүйгээр, Японы милитаризмын түрэмгийллийн эсрэг тэрхүү түүхгүйгээр, бидний өнөөдрийн аз жаргалтай амьдрал байхгүй билээ. Монголын ард түмэн Хятадын ард түмэн ялгаагүй, бүгд энэхүү түүхийг санаж дурсаж явах болно. Монголын хэвлэл мэдээллийн хэрэгслээр маш олон дурсгалын нийтлэлүүд гарсантай би санал нэгтэй байна. Дэлхийн II дайны ялалтын үр дүн болон дайны дараах олон улсад тогтсон систем нь өнөөгийн бүс нутаг, дэлхийн энх тайван, тогтвортой байдлын чухал үндэс болсон юм. Хятад, Монголыг оролцуулсан дэлхий нийтийн энх тайвныг эрхэмлэн дээдлэгч зон олны хамтын тэмцлийн үр дүн бол чухал ач холбогдолтой бидний хамтран эрхэмлэн хайрлах хэрэгтэй чухал зүйл билээ. Монголын ард түмэн энх тайвныг эрхэмлэн дээдэлдэг ард түмэн. Монгол Улс бүс нутгийн болон олон улсын үйлс хэрэгт идэвхтэй оролцдог нь бүс нутгийн болон дэлхийн энх тайван, тогтвортой хөгжлийн чухал хүчин зүйл болдог билээ. Хятад, Монгол хоёр талын харилцаагаа хөгжүүлэхийн сацуу дэлхийн энх тайван, тогтвортой хөгжлийн үйлс хэрэгт мөн адил хамтдаа хүчин чармайж, хувь нэмэр оруулна гэдэгт хятадын тал бүрэн дүүрэн итгэлтэй байна.
БНХАУ-аас Монгол Улсад Суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин Сайд Шин Хайминь
2015 оны наймдугаар сарын 28 өдөр