Монгол Улс Катар улстай дипломат харилцаа тогтоосны 25 жил, Кувейт улстай дипломат харилцаа тогтоосны 48 жилийн ой энэ жил тохиож байна. Дипломат харилцаа тогтоосны ойн хүрээнд Монгол Улсыг сурталчлах зорилгоор “Welcome to Mongolia” арга хэмжээг Катар улсад гуравдугаар сарын 4, 5, 6-нд, Кувейт улсад гуравдугаар сарын 8, 9-нд зохион байгуулахаар болсон билээ.
Тус арга хэмжээ Монголын Үндэсний урлагийн их театрын хамт олны тоглолтоор Катар улсад өчигдөр эхэллээ. Мөн “QMA” загварын агентлаг, топ моделиуд оролцон үндэсний хувцас, ноос, ноолууран бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг компаниудынхаа сонгодог загваруудаас танилцууллаа. Энэ үеэр С.Чулуунбаатар тэргүүтэй уран зураачдын монгол орныхоо өв соёл, аж амьдрал, түүх, ёс заншлыг харуулсан уран зургийн үзэсгэлэн дэлгэгдсэн юм.
Өнөөдөр Монгол-Катар бизнес эрхлэгчдийн форум болно. Форумд оролцохоор хөдөө аж ахуйн гаралтай бүтээгдэхүүн, мах махан бүтээгдэхүүн экспортолдог аж ахуйн нэгж, ноос ноолуур, аялал жуулчлал, зочид буудал, хөрөнгө оруулалтын чиглэлийн бизнес төлөөлөгчид Монголоос ирээд байгаа юм. Мөн энэ төрлийн бизнес эрхэлдэг Катарын компаниуд форумд оролцоно. Монголын компаниуд экспортын бараа бүтээгдэхүүний үзэсгэлэн гаргахаар төлөвлөжээ. Хоёр талуудын бизнес эрхлэгчид уулзаж санал бодлоо солилцох, харилцаа холбоо тогтоох, цаашид хамтарч ажиллах анхны нөхцөл бололцоог нээж өгч байгаагаараа уг форум онцлогтой.
Монгол Улсын Засгийн газраас 2023-2025 оныг Монголд зочлох жил болгон зарласантай холбогдуулж эх орноо сурталчлах зорилгоор Катар, Кувейт улсад болох “Монголын соёлын өдрүүд” ийнхүү эхэлж байна.
Манай тусгай сурвалжилагч
Д.Оюунтуяа