Categories
мэдээ цаг-үе

Монголын соёл урлагийн салбарт байгуулсан гавьяа нь мөнхөд бадамлах Г.Донидынхон

Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонт Монголын үйлдвэрчний эвлэлийн соёлын төв ордон, эстрадын дуу бүжгийн “Варьете” чуулга, “Айзам” хамтлаг зэрэг Монголын урлаг соёлын томоохон төлөөллүүдийг үүсгэн байгуулж, хөлийг нь дөрөөнд, гарыг нь ганзаганд хүргэсэн хүн бол Г.Донид гуай юм. Гавьяа шагнал нь даруухан мэт боловч хийж бүтээсэн үйлс нь далай мэт арвин Г.Донид гуайнд өнжлөө. Тэрбээр Монголын үйлдвэрчний эвлэлийн нэрэмжит шагналтан, МУСТА, найруулагч юм. Биднийг очиход хашааныхаа үүдэнд аль эрт гараад ирчихсэн саравчлан зогсож байв. “Зарим хүн манайхыг гэр хороололд юм уу гэж асуудаг юм. Харин би бүгчим орон сууцнаас илүү агаар салхинд дуртай” хэмээн тосч авсан юм. Г.Донид гуай тун дэгжин юм. Хар өмд, цамцны хослол дээр шоотой ноосон цамц өмсөж, гадуур нь хүрмээр гоёжээ. Байшингийнх нь үүдээр ороход гэр нь эмх цэгцтэй, шил толь мэт цэмцийж байв. Гэргий нь цай цүү болон хөөрч, Г.Донид гуай ч дээшээ суу хэмээн урин заллаа. Мэнд ус болж, нутаг усны тухай ойр зуурын яриа өрнүүлэхэд л өндөр мэдлэг боловсролтой, бусдыг манлайлан зохион байгуулж байсан сэхээтэн хүн болох нь шууд мэдрэгдсэн. Тэрбээр гавьяаныхаа амралтад гарсан хэдий ч олон жил сойсон морь шиг хамт олон, уран бүтээлээсээ хөндийрч чаддаггүй байна. Тийм ч учраас Хан-Уул соёлын ордны “Уянга өөдөө” хэмээх 40 орчим хүний бүрэлдэхүүнтэй чуулгын ерөнхий найруулагчийн албатай аж. Тус өдөр 11:00 цагаас тоглолтын шахуу бэлтгэлтэй байсан ч “Өдрийн сонин”-ы сэтгүүлчид тусгайлан цаг гаргах ёстой хэмээн нөхдөдөө тайлбарлаж “чөлөө авчээ”.

Хоол цай хэмээн хэсэг бужигнасны эцэст Г.Донид гуай бид хоёрт тухтай ярилцах цаг гарган бусад хүн нам жим болов. Тэрбээр асуултад маш цэгцтэй хариулж, он цагийн дарааллыг тун тодорхой өгүүлж байсан юм. Тэрбээр Говь-Алтай аймгийн Тонхил сумын Зүйлийн голын 3 дугаар багийн харьяат хэмээн яриагаа эхлэв. Газар зүйн байршлаар аймгийнхаа баруун хойд хэсэг, Ховдын Дарви, Цэцэг сумтай хил залгадаг аж. Сутай хайрханы нөмөр хажуугаар хонь хариулж өссөн тухайгаа дурсав. Тэрбээр сумынхаа бага сургуулийг 1955 онд төгссөн аж. Улмаар нийслэлд шилжин ирж арван жилээ 1961 онд төгссөн байна. Юрий Гагарин сансарт ниссэн түүхэн жил аж.

Сурагч байхаасаа хөгжим бие дааж сурсан. Ёочин, лимбэ, баян хуур, хуучир гэх зэргээр хөрөөдөхгүй, тоглохгүй хөгжим байгаагүй гэдэг. Ингээд сургуулиа төгсөөд чуулгад шалгуулсан байна. Одоогийнхоор Улсын дуурь бүжгийн эрдмийн театр юм уу даа. Алдарт Л.Мөрдорж түүний хэмжээ, сонсгол зэргийг шалгаад гараа харуул хэмээжээ. Гарыг нь хараад “Үүнийг хуучирт өг” гэсэн байна. Уг нь ёочинд санаатай байсан гэнэ. Ингээд Д.Жамсран гэх хүний шавиар очиж, бүтэн зургаан сар нэг өрөөнд цоожлогдон бэлтгэл хийсэн аж. Тэрбээр “Би алдарт Л.Мөрдорж, Ц.Сэвжид, ардын зураач Ц.Доржпалам зэрэг хүмүүсийн нөмөр нөөлөг дор хөгжимчин хийж байсан нь сайхан” хэмээн дурссан. Чуулгад гурван жил ажилласан байна. Гэтэл нэг өдөр түүнийг Соёлын яамнаас Төв аймгийн соёлын ордны даргаар томилох шийдвэрийг танилцуулсан аж. “Арван жилээ төгсөөд хөгжимчин хийж байсан дөнгөж 21 настай залууг ийм хариуцлагатай албанд томилно гэхээр та дээрээс чамгүй татаастай байжээ” гэхэд Г.Донид “Би насаараа татаасгүй явсан хүн. Тэр бүү хэл намын гишүүн биш гэдгээр олон ажлаас хойш тавигдаж байлаа. Тухайн үед зохион байгуулах чадвар, идэвх санаачилга зэргийг харж анзаараад энэ алба руу томилсон юм” хэмээсэн юм. Тухайн үедээ аймгийн Соёлын ордны дарга гэхээр том алба байв. Орон тооны жүжигчидтэй. Найруулагч, багш, бүжиг дэглээч гэх зэргээр чамлахааргүй бүтэцтэй байсан аж. Алдарт бүжиг дэглээч С.Лувсангомбо багш, “Хөөрхөн хүүхэн болж уу, би” алдарт дууны хөгжмийн зохиолч Г.Цэндорж зэрэг хүмүүс түүний удирдлага дор ажиллаж байсан гэдэг.

Соёлын яамны томилолт өвөртөлсөөр Төв аймгийн дарга Ц.Жамсран дээр очсон байна. Өмнө нь хийж байсан ажил, нас зэргийг нь сонсоод голж, ажилд томилох захирамж гаргасангүй. Ийм байдалтай 45 хоножээ. Тухайн үед мал тооллого болж бүх сумын дүн мэдээг нэгтгэх ажил Г.Донид дээр буув. Тэгэхээр нь том ватум цаасан дээр шугам татаж байгаа бүх мэдээллийг нь нэгтгэж бичээд хуралд ганц том цаас оруулсан байна. Ц.Жамсран дарга “Энийг хэн хийв, ямар цэвэрхэн, цэгцтэй юм” гэжээ. Би хийсэн юм гэхэд захирамж гаргаж маргааш шууд ажилд нь тавьсан гэдэг. Тэрбээр Төв аймгийн Соёлын ордны даргаар гурван жил ажиллажээ. Энэ хугацаанд багагүй ажил амжуулсан аж. Үзэгчдийн сандлыг бүтэн сольж, техник хэрэгслийг бүрэн шинэчилж, урлаг соёлын арга хэмжээ явуулах боломжит бүх нөхцөлийг бүрдүүлээд тавьчихсан байна. Энэ нь ч дарга нарын хараанд өртөж, сайн зохион байгуулагч хэмээн үнэлүүлж 1968 онд хуучнаар Ленинград хот, одоогийн Санкт-Петербург хотын Үйлдвэрчний эвлэлийн соёлын дээд сургуульд соёл судлаач, соёлын ажлын арга зүйч, зохион байгуулагч, найруулагч мэргэжлээр суралцахаар явжээ. Ингээд 1972 онд төгсөж ирсэн байна. Тус онд гадаад, дотоод нийлсэн 82 хүн төгссөнөөс 10 хүн онц дүнтэй дүүргэжээ. Тэр дотор ганц монгол байсан нь Г.Донид (Монголоос таван оюутан төгссөн) байв.

Уг нь үргэлжлүүлж аспирантурт суралцах сонирхолтой байсан ч нэгдүгээрт тус сургууль энэ чиглэлээр сургадаггүй, хоёрдугаарт, намын гишүүн биш тул дэмжлэг авч чадаагүй аж. Тухайн үед намын гишүүн хүнд илүү дардан зам нээгддэг байжээ. Харин Г.Донид гуай нам гэж туйлшираад байдаггүй, мөн таалагдахгүй зүйлээ ил шулуун хэлчихдэг, зарим даргын хаалгыг саваад гарчихдаг байсан нь олон хориг саадтай тулахад нөлөөлсөн бололтой.

Ингээд сургуулиа төгсөөд ирэхэд Улаанбаатар төмөр замын соёлын ордны даргаар томилсон байна. Анх энэ ажилд томилоход голонгуй байсан гэдэг. Учир нь сургуульд сурахаасаа өмнө аймгийн соёлын ордныг удирдаж байсан. Улаан дипломтой төгсөж ирээд бас л ялгаагүй ажилд томилогдлоо хэмээн голсон аж. Тэрбээр уг ордныг 1972-1975 он хүртэл удирдсан байна. Залуудаа намирсан урт үстэй, цэвэрч, тун ч дэгжин залуу байсан нь зургаас тод харагдана. Одоо ч энэ хэвээр. Энгэрийн болон гутлын алчуур байнга авч явна. Яриа хөөрөө тун цэгцтэй, ажил хэрэгч, илүү дутуу зүйл нуршаад байхгүй, хэлэх гэсэн санаагаа товч тодорхой, жинтэй илэрхийлж байгаа нь яах аргагүй олон жил удирдах алба хашиж байсныг илтгэнэ.

Түүнийг төгсөж ирэх үед Монголын үйлдвэрчний эвлэлийн соёлын төв ордон баригдаж байсан гэдэг. Ашиглалтын өмнөх захиргааны хүн тавигдсан. Ордны дарга тавигдах ёстой. Үүнд Г.Донид гуайг санал болгож, дарга, бүр байг гэхэд орлогч даргаар томилно гэж байсан ч намын гишүүн бус гэдгээр хэлэлцэхээс татгалзсан аж. Үүнийг тэрбээр хожим мэджээ. Тэрбээр Улаанбаатар төмөр замын соёлын ордны даргаар ажиллаж байх үед МҮЭСТО-оос туршлага судлахаар 21 хүнийг хойшоо явуулахаар болсон байна. Ингээд Г.Донидыг орчуулагч, хөтөч хийхийг үүрэгдсэн аж. Энэ бол 1975 он юм. Тухайн үед Москвагаар дайраад Беларусийн нийслэл Минскд очсон байна. Тэнд сар хичээллээд хүрч ирэхэд түүнийг МҮЭСТО-д ажиллуулахаар шийдвэрлэжээ. Анх арга зүйн кабинетын эрхлэгч гэсэн мэргэжлийнхээ дагуу ажиллах болсон байна. Одоогийнхоор бол менежер аж. Ингэж бүх чиглэлээр нь ажиллаж хөл дээр босгожээ. Ажилд томилогдсоноос хойш жил хагасын дараа Үйлдвэрчний эвлэлийн 11 дүгээр их хурал болсон байна. Уг хуралд зориулж уран сайханчдын нэгдсэн тоглолтыг Оросын мэргэжилтэнтэй хамт найруулснаас хойш уран сайхны удирдагч, найруулагч болжээ. Тэрбээр 1988 он хүртэл нийт 13 жил ажиллахдаа Үйлдвэрчний эвлэлийн 11, 12, 13 дугаар их хурал, бүх ард түмний урлагийн наадмууд, Харшийн шинэ жил гэх зэрэг урлаг соёлын бүх арга хэмжээг гардан удирдаж, зохион байгуулсан аж. Улмаар ерөнхий найруулагч болтол дэвшиж, энэ их айлыг гарыг нь ганзаганд, хөлийг нь дөрөөнд хүргэсэн хэмээн хамт олон нь үнэлдэг юм билээ. Одоо уг байгууллага хүмүүжил, арга зүйн том төв болж 45 жилийн ойгоо үзэж байна. Ойг угтаж Г.Донид гуайд зориулсан уран бүтээлийн цэнгүүнийг ирэх сарын 1-нд зохион байгуулж, удирдлагад нь ажиллаж явсан үе үеийн уран бүтээлчид хуран чуулж байгаад тэрбээр магнай тэнэгэр сууна билээ. Ардын жүжигчин Б.Зангад, Б.Мөнхшүрээс эхлээд Д.Жаргалсайхан, Н.Чулуунхүү зэрэг гавьяатууд, “Айзам”, “Жонон” зэрэг хамтлагууд, бусад соёл урлагийнхан гээд нүсэр уулзалт болох нь ээ.

Ингээд 1988 он гарч цагаан сарын өмнөхөн түүнийг ажлаас өөрчлөв. Барилгачдын соёлын ордны даргаар тавьсан байна. “Ухаандаа дэвшүүлэн зайлуулж байгаа юм” хэмээсэн. Тэрбээр “Би очихгүй” хэмээн хэлээд нарийн бичгийн даргын зөвлөгөөний хурал болж байхад хаалгыг нь саваад гарч байжээ. Тэгж байтал Соёлын яамны орлогч сайд Д.Нарантуяа утасдаж, “Улаанбаатар хотод “Варьете” чуулга байгуулагдах гэж байна. Чи очоод хотын захиргааны даргатай уулзаатах, чи л яг тохирох юм байна” гэсэн аж. Хотын дарга тухайн үед С.Мөнхжаргал гэж байлаа. С.Мөнхжаргал дарга хэр баргийн юм тоохгүй. Мэдэл гэж жигтэйхэн байсан гэдэг. Диплом харж байна. Бүх дүн онц байсан. Тэгээд “За чамайг авсан. Маргааш ажилдаа ороорой” гэсэн гэдэг. Г.Донид варьете гэж чухам юу болохыг гадарлана, МҮЭСТО-нд Ленинградын алдарт чуулга 18 өдрийн турш тоглоход суудал дүүрэн байсныг нь харж биширч байжээ. Өөрөө ч ар өврөөр нь гүйж багагүй судалж, хийж хэрэгжүүлэх юмсан хэмээн мөрөөдөж явсан байна. Ямар ч байсан энэ чуулгыг босгож ир гэсэн үүрэг даалгавар авч, 1988 оны 7-8 сарыг бичиг баримт хөөцөлдөхөд зориулсан байна. Тухайн үед Хөдөлмөр цалин хөлсний улсын хороо, Сайд нарын зөвлөлийн хэрэг эрхлэх газар, Соёлын яамнаас виз авах гэж багагүй ажил болжээ. Нэг нь зөвшөөрөхөөр нөгөө нь зөвшөөрөхгүй. “Ингээд 7-8 сар хөөцөлдөж байж хотын захиргаа, Соёлын яамны хамтарсан тогтоол гаргаж 1988 оны арванхоёрдугаар сарын 1-нд би анхныхаа тушаалыг гаргаж анхны хүмүүсээ авч байлаа. Жүжигчдээ энэ тэндээс цуглуулсан. Анх 80 орчим хүнтэй чуулга байгуулж бүтэн жил сургуулилалт хийсэн. Тухайн үед байр байшин байсангүй. Одоогийн Тэнгис кино театрын баруун талын гурван давхар байшинг гаргаж өгсөн байсан. Тухайн үед хотын захиргааны мэдлийн байшин байлаа шүү дээ. Ингээд 1989 оны арваннэгдүгээр сарын 25-нд МҮЭСоёлын төв өргөөнд нээлтийнхээ тоглолтыг хийсэн юм. Нээлтийн тоглолт хийхэд хотын дарга С.Мөнхжаргал ирсэн. Олон газар явж, варьете үзсэн тул бидэнд ямар үнэлэлт дүгнэлт өгөх бол гэж эмээж байлаа. Ингээд гурван сарын турш тоглоход үзэгч огт тасраагүй. Тухайн үед шуугиан тарьж байлаа. Шинэ уур амьсгал оруулж ирсэн юм. Ингэж алдарт Парисын варьете чуулга байгуулагдсанаас хойш 100 жил 3 сар, 26 хоногийн дараагаар Монголд варьете нээж тоглож байлаа” хэмээн Г.Донид өгүүлсэн. Тэр жил зурхайд гэнэтийн шинэ өөрчлөлт бий болно хэмээн өгүүлснийг уншиж байсан аж. Үнэхээр ч шинэ өөрлөлт болсон тул бэлгэшээж одоо хүртэл тус зурхайг хадгалж явдаг гэнэ. Хожим тэрбээр Парисын варьете чуулгад очиж өөрийн биеэр үзэж, танилцаад “Би их зөв эхэлжээ” хэмээн өөртөө үнэлэлт дүгнэлт өгсөн байна.

Залуухан Г.Донид

1990-ээд оны ардчилсан хувьсгалын үеэр хотын захиргаанд хандаж төсөл барин гүйсээр хуучнаар төмөр замд урлаг спортын цогцолбор байсан, одоо ч олон түмэн “Варьете” чуулга хэмээн нэрийддэг байрыг мэдэлдээ авч чадсан байна. Тухайн үед оросууд нутаг буцаж байсан тул хүчээр өгөхөөс өөр аргагүй байсан гэдэг. Ингээд өөрийн гэсэн байртай болж, чуулгын үйл ажиллагаа ч сайхан жигдэрч, хөдөө орон нутаг, бүр хоёр хөрш, бас бус орноор аялан тоглолт хийх болжээ. Ингээд 1997 он хүртэл тухайн байрыг эзэмшиж, зах зээлийн шуурганд өртөлгүй амжилттай ажиллаж явтал шулаачдын нүдэнд өртсөн аж. Г.Донид гуай шулаачид гэж хэлсэн юм. Нэлээн бухимдалтай, бас гомдол тээж явдаг нь түүний ярианаас илт байсан юм. Тэрбээр “Тухайн үед Төрийн өмчийн хорооны дарга байсан З.Энхболд хотын өмчийн 7-8 газрыг ганцхан хуудас цаасаар тогтоол гаргаад төрийн өмчийн мэдэлд авна гэсэн. Төрийн өмч болоод орон нутгийн өмчийн тухай хууль гараагүй байсан үе. Үүнд манай чуулгын байрыг хамруулсан. Нэг өдөр хүмүүс орж ирээд сандал ширээтэй нь биднийг хөөж гаргаад байргүй болгосон. Тухайн үед хотын даргаар Ж.Наранцацралт байсан. Ж.Наранцацралт дарга зөвшөөрөөгүй шүүхэд өгсөн. Шүүх ч авч хэлэлцээгүй. Тухайн үед нэг тийм хачин үе байлаа. 1996 онд Ардчилсан эвсэл ялчихсан. Түүндээ аархсан үе байсан. Хувьчлал нэрээр бүх юмыг сүйтгэж байв. Ингээд уран бүтээл хийх ямар ч боломжгүй болоод 1999 он хүртэл тэр байранд түрээс нэрийн дор байгаад тархсан. З.Энхболдын найз нь ашиглалтын захиргааны дарга. Хамтарсан компанитай. Сүүлд төрийн өмчийн хууль энэ тэр нь гараад хотын захиргаа эргүүлж аваад дөрвөн удаагийн дуудлага худалдаагаар орсон боловч хэн ч аваагүй. Гэтэл тухайн үед Оросын цэргүүдийн амьдарч байсан таван давхар байрыг хувьчилж авсан генералын сүйхээтэй (Ж.Энхбаяр) хүүхдүүд тэрүүгээрээ манай чуулгаар тулчихсан. Өөрөөр хэлбэл, хувьчилж авсан таван давхар байранд нь хүмүүс амьдарч байсан. Гаргах ямар ч боломжгүй. Энийг нь мэдэж байсан учир Варьете чуулгын байрыг оронд нь өг гээд солиод авчихсан. Ингээд тэр байр дашийн шог болсон” хэмээн ярив. Мөн 1997 онд чуулгын төсвийг бурхан шашин руу шилжүүлж орхисон гэнэ. Тэрбээр чуулгыг анх байгуулсан тул хувьчлалд давуу байдалтай оролцох боломж байсан ч уран бүтээлийн өргөө гэрээ мөнгөний хүүдий болгож харахгүй хэмээн ороо бусгаа цагт амжилттай удирдан зохион байгуулж явсаар сүүлдээ бусдад алдсанд хамт олныхоо өмнө гэмшиж суудаг юм билээ.Түүнээс хойш тэрбээр СУИС, Кино урлагийн дээд сургууль зэрэгт сэтгүүлч, зураглаач, ялангуяа найруулагчийн чиглэлээр багшилж, олон шавь төрүүлжээ. Түүний шавь нар ихэнх нь театр, чуулга, соёлын хэлтсийн дарга хийж байгаа аж. Мөн түүний удирдлага, зохион байгуулалтад ажиллаж байсан олон зуун ардын авьяастан, уран бүтээлч бий. “Алийг нь гэж дурдахав. 1970, 1980, 1990-ээд оныхон намайг андахгүй” хэмээв. Та Монголд анхдагч гэж хэлэх хэр олон зүйл хийсэн бэ гэхэд “Нэлээн хэдэн зүйл бий. 1989 онд Дэлхийн залуучууд, оюутны 13 дугаар их наадам болсон юм. Үүнд зориулж Хөдөлмөр спортын урлагийн их баярыг Төв цэнгэлдэхэд зохион байгуулсан. Тоглогчид нь 8000 хүн. Зургаан удаа зохион байгуулахад 15 мянган хүний суудалтай цэнгэлдэх дүүрэн байлаа. Тухайн үед цоо шинэ зүйл байсан. Одоогийн наадмын нээлт гэхээр урлагийн хэдэн зүйлийг нэгтгэж аргалах юм. Н.Наранбаатарын нээлтүүд нэлээн дөхсөн. Өнгөрсөн наадам цахим нээлт хийлээ. Телевизийн найруулгаар явсан. Үүнийг яаж ч хийж болно. Харин амьдаар нь хийнэ гэдэг шал өөр шүү дээ. Мөн би есөн хөлт цагаан тугийн анхны залалтыг найруулж байлаа. Анх талийгаач Г.Батхүүг оруулж Төрийн ордноос авчруулж талбай дээр ёслол хийгээд Төв цэнгэлдэх рүү явуулж байв. Одоо бол талбайгаас гараад шууд Цэнгэлдэх рүү явуулдаг болсон. Мөн манай Варьетед анхны шоу “Намуун үдшийн бороо” гэж шинэ зүйл хийж байлаа. Ууж иддэг юмтай, бүсгүй хүний гоо сайхан биеийг харуулсан урлагийн үзвэртэй бүтэн гурван цагийн программ байсан юм. Байр нь спортын заалны зориулалттай. Үүнийг урлагийн зориулалттай болгож засахад их ажиллагаа орсон доо. Түүнчлэн, Монгол Улсын хэмжээнд сайхан бүсгүй шалгаруулах 11 удаагийн наадам, нийслэлийн зургаан удаагийн наадам, аймгуудын сайхан бүсгүй шалгаруулах ажлыг зохион байгуулсан, найруулагч, шүүгч зэрэг янз бүрийн байдлаар оролцож байв. Чуулга маань гадаад, дотоодгүй сайхан тоглолтууд хийсэн. Варьете чуулгад хөгжмийн зохиолч удирдаачаар С.Тараа, бүжиг дэглээчээр талийгаач Б.Алтанцэцэг, театр студийн багшаар Д.Одончимэг, зураачаар Төрийн соёрхолт Ч.Үржин зэрэг алдар цуутай хүмүүс ажиллаж байсан. Зарим нь бурхны оронд одоод байна” хэмээн дурссан юм. Түүнчлэн “Айзам” хамтлагийг анх байгуулсан хүн нь Г.Донид. Тус хамтлагийн тухай дурсгал цомогт Г.Донид гуайг онцгойлон дурдаж, үүсгэн байгуулсан тухай тэмдэглэсэн байна лээ. Уран бүтээлийн цэнгүүнд маань Урлагийн гавьяат зүтгэлтэн, “Айзам” хамтлагийн Т.Нямдорж дуртай зөвшөөрч ирж байгаа хэмээн ярив.

Тэрбээр найруулагч хүний хамгийн нэгдүгээр зүйл бол зохион байгуулагч, хоёрдугаарт уран бүтээлийг тодорхойлж, нутагшуулдаг. Гуравдугаарт, захирах ёстой хэмээсэн. Энэ гурван шинжийг бүрдүүлж байж амжилттай удирдан чиглүүлэх ёстой аж. “Тухайн үедээ нэлээн ширүүн найруулагч байлаа. Одоо бол ширүүлж чадахгүй юм. Зөрчлийн хуулиар аваад хаячих гээд байна шүү дээ” хэмээн инээлээ. Түүний гавьяа шагналын тухай тодруулахад хамгийн дээд тал нь Алтан гадас байна. Өөр олон одон тэмдэг бий. Энэ дундаас би үйлдвэрчний эвлэлийн нэрэмжит шагналдаа их хайртай. Хүний хөдөлмөрийг жинхэнэ үнэлсэн шагнал юм гэв. Мөн МҮЭСТО-нд 10 жил үр бүтээлтэй ажиллаж байж СТА цолыг орлогч сайдаас гардан авч байсан аж. Харин одоо цагт зарим шагнал эзнээ олохгүй байгаа юм болов уу хэмээн боддогоо нуугаагүй. Тийм ч учраас бусдын шахалт шаардлагаар л хааяа нэг зарим одон медиалаа зүүдэг аж. Бусад үед ичих юм хэмээсэн юм. “Мөн шинэ нээлт хийхгүйгээр энд тэндхийн юмыг нийлүүлж байгаад эрдмийн зэрэг хамгаалах юм. Намайг ч бас 90 хуудас цаас бүрдүүлээд эрдмийн зэрэг хамгаалчих гэж хэлж байсан хүмүүс бий. Түүнчлэн, хамгаалсан бүтээл нь заавал амьдралд хэрэгтэй, хэрэгжих ёстой. Энэ зарчмыг гол болгодог учир би хүнд хэрэггүй юм хийхийг боддоггүй” хэмээн ярьж байна.

Бүх ард түмний урлагийн их наадмуудыг амжилттай зохион байгуулав. Баруун гар талаас хоёр дахь Г.Донид (нүдний шилтэй нь)

Г.Донид гуай Монголын зохиолчдын эвлэлийн 287 дахь гишүүн. “Шөнийн наран” хэмээх анхны шүлгийн түүвэртээ их хайртай. Орчуулгын хэд хэдэн ном бий. Мөн ярилцлагын чамгүй олон бүтээлтэй. Бүтээл нь энд тэндхийн номонд орж байсныг тоочвол тоогоо алджээ. Одоо ч ном болгон хэвлүүлэх гэхээр хөрөнгө санхүү нь болохгүй байгаа олон ноорог бий гэнэ. Тэрбээр 1980-аад оны сүүлээр шуугиан тарьсан олон ярилцлага хийж байсан. Үүнд Гадаад харилцааны сайд С.Аварзэд, номоо шатаалгасан түүхийн хоёр эрдэмтэн гэх зэргээр олон хүнийг дурдаж болох аж. Мөн 1972 онд Д.Нацагдоржийн гэргийтэй Ленинград хотод очиж уулзаж байсан хүн бол Г.Донид.

Г.Донид гуайн гэргий Ц.Оюунцэцэг. Тэд гурван сайхан хүүхэдтэй. Том нь бурхны оронд заларч, одоо хүү, охин хоёр нь тус тусынхаа ажлаа хийж, сайн сайхан явж байна. Ач, зээ нийлсэн дөрвөн хүүхэд бий. Та хоёр хэрхэн танилцаж байв гэсэн асуултад Ц.Оюунцэцэг “Би Г.Донидтой 21 настайдаа суусан. Бид хоёр их түүхтэй танилцсан юм. 1977 оны Үйлдвэрчний эвлэлийн 11 дүгээр их хурлын концертоор тайзан дээр 120 бүжигчин бүжиглүүлсэн. Тэр дундаас намайг олж харж сонгосон байдаг. Найз нь алдарт яруу найрагч, талийгаач Б.Лхагвасүрэн байсан. Тэр чамд энэ хүн л хань болно гэж зааж өгсөн гэдэг. Би ятгын анги төгссөн. Гэхдээ бүжгэнд их сонирхолтой байсан. Манай хүн цаг наргүй л ажилтай байдаг байлаа. Олон арга хэмжээ, нээлтийг зохион байгуулна. Тэр болгонд магтаалын үг урсана. Харин би хатуу шүүмжлэгч нь байж ирсэн. Дандаа магтаад байж болохгүй. Өө сэв байвал түүнийг нь хэлж өгөх хэрэгтэй. Өнгөрсөн хугацаанд Г.Донид маань өөртөө өчүүхэн ч илүү харж, аливаа зүйлсээс хумсалж үзээгүй. Тэр тал дээр их хатуу байр суурьтай. Чин үнэнч занг эрхэмлэдэг хүн. Би үүгээр нь бахархаж явдаг. Би заримдаа төр нь үнэлдэг бол үнэлээсэй гэж хэлдэг юм. Тэгэхээр манай хүн жаахан дургүйцнэ. Би нөхрийгөө эрүүл энх байгаасай гэж боддог. Мөн хамт олонтойгоо уран бүтээлээ үргэлж туурвиад явж байгаасай гэж хүсдэг дээ. Ингээд сэтгэлийн цэнгэл эдлээд явж байвал болоо” хэмээв.

Г.Донид уран бүтээлийн цэнгүүндээ зориулж “Уянга өөдөө” чуулга нь ардын бүжгийн цомог, соёл эрдэнийн дээжис гэсэн ардын дууны цомог хийж байгааг хэлсэн юм. Цэнгүүнд түүний удирдлага дор, мөн хамт ажиллаж байсан олон уран бүтээлч хүндэтгэн оролцож байгаад талархаж буйгаа илэрхийлсэн.

Гэр бүлд нь эрүүл энх, сайн сайхныг хүсэн ерөөе.

Г.БАТЗОРИГ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *