Монголын контемпрари балетын хөтөлбөр энэ жил “Чулуун сан”-тай хамтран Швейцарын хөгжлийн агентлагийн дэмжлэгтэйгээр “Уран хас” контемпрари балетыг тоглох гэж байна. Энэхүү балетыг Монголын урлагийн зөвлөлийн санаачилсан “Моушн Монголия” бүжгийн олон улсын хоёрдугаар наадамд зориулж бүтээж эхэлжээ. Гэсэн ч цар тахлын улмаас хойшилж энэ жил тоглогдох болсон байна.
Орчин үеийн контемпрари балетын гол санаа нь өөртөө итгэлтэй байж, бусад хүмүүсээс хамаарахгүйгээр зорьсон ажлаа хийгээд урагшлахнь зөв зүйтэй гэсэн агуулгатай бөгөөд хамгийн чухал нь залуу уран бүтээлчид өнөөдрийн нийгэмд тус санааг хүргэж байгаа гэдгээрээ онцлог юм.
Бүжигт орчин үеийн бүтээлч залуу Хас хүлээн зөвшөөрөгдөхгүй, бусдын хандлагаас хамааралтай байгаадаа хэрхэн шаналж, байгаа, дурлалт бүсгүйтэйгээ хамт бэрхшээлийг даван туулж, амжилтад хүрч буй тухай өгүүлэх аж. Өөрсдийгөө хайрцаглаж, бусдын бодож, хэлж байгаагаас хамааралтай байгаа нь зөвхөн толгойд л байдаг гэдгийг Хас, Хандармаа хоёр ухаарч байгаагаар дүрслэн харуулах нь юм байна.
Нэрт хөгжмийн зохиолч Ж.Чулууны “Уран хас” сонгодог бүжгийн жүжгийн хөгжмийг продюсер, хөгжимчин Э.Итгэл орчин үеийн хэв маягт оруулж, авьяаслаг залуу дэглээч Ё.Дамчаабадгар орчин үеийн хасын тухай шинэ цомнолын дагуу дэглэж найруулан, МКБХ-ны бүжигчид амилуулж, энэхүү балетыг тоглохоор болжээ. Мөн энэхүү шинэ уран бүтээлчийн хувцсыг “Жей зозо” брендийн дизайнер Х.Батзориг, тайзны декорацийг медиа уран бүтээлч Б.Бат-Эрдэнэ нар бүтээсэн аж