Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Монголын шүүх гөжүүд байхаас ухаалаг байсан нь дээр

Бид өмнө нь “Монголын шүүх шударга байхаас ухаалаг байсан нь дээр” гэж бичиж байлаа.Үүгээрээ ямар санаа дэвшүүлсэн бэ гэвэл шүүх шударга царайлж, бусдын хувь заяанд хатуу хандаж байснаас амьдралд ойр, хүн ёсонд нийцсэн шийдвэр гаргах нь зөв. Үнэхээр хүн буруу зүйл хийсэн, алдаа дутагдал гаргасан бол бусдад учруулсан хохирлыг нь төлүүлээд асуудлыг дуусга. Эсвэл олон нийтэд тустай хөдөлмөр эрхлүүлэх байдлаар өгөөмөр хандах тухай хэлж байв. Монгол Улсад боловсролтой хүн тоотой, мэргэжлийн боловсон хүчин цөөнтэй энэ цаг үеийг шүүх бодолцдог байгаач. Шүүх бодит хөрсөн дээрээ бууж ирээч гэдгийг сануулсан хэрэг. Энэ санаа үнэн зөв гэдэг нь амьдрал дээр өдөр ирэх тусам батлагдсаар байна. Одоо УИХ-аар яригдаж байгаа Эрүүгийн тухай хуульд энэ санаанууд тусгалаа олж. Энэ чигээрээ ч батлагдах шинжтэй байна. Тэгвэл шүүхийг ухаалаг байлгах хэтдээ хүсэл биелэх байх.
Харин одоо Монголын шүүх хэтэрхий гөжүүд байна. Тиймээс гөжүүд байхаас ухаалаг байсан нь дээр гэж хэлэх гэсэн юм. Монголын шүүх өөрсдийгөө ард түмнээс тусдаа улс гэж боддог бололтой. Уйлдаггүй, инээдэггүй, хүний зовлонд шаналдаггүй төмөр мэт имиж бүрдүүлж жүжиглэдэг. Үүндээ үнэмшээд хатуу харгис хэрцгий дүрээр ажиллаад байгаа нь ардчилсан нийгэмд та бүхнийг муухай харагдуулж байна. Үүний тод жишээ нь сая талийгаач Д.Амарсайханыг шүүх хурал дээр илэрлээ. Талийгаачийн ар гэрийнхэн манай сонинд ярилцлага өгсөн. Тэд “Төр ядахдаа уучлал гуйгаасай. Бидэн рүү муухай харж шүүх хурлаа эхлүүлэх нь аймшигтай байна” гэж ярьж байна.
Харамсалтай нь манай шүүх юун уучлалт гуйх, гөжүүд зан нь дэндсэн асуудал боллоо.  Уучлал гэдэг үгийг мэддэггүй, бүр сонсоо ч үгүй байх гэмээр “төмөр зүрхтэнүүд” болжээ.  Талийгаачийн цогцсыг хөрөөгүй байхад шүүх хурал явуулах гэж дайрдаг нь ямар учиртай юм. Үнэнийг шүүдэг, шударга үнэнийг мөрдүүлдэг байлаа гэхэд арай хэтийдсэн асуудал биш үү.
Бодвол та нар “Нөгөө улсууд нь бүх хэргээ талийгаач руу чихнэ. Тэр тохиолдолд хамаг ажил баларна. Шүүх шударга үнэнийг олдог гэдгээ харуулахаасаа өнгөрч, ичгэвтэр нэр зүүнэ” гэж айсан уу.Тийм учраас талийгаачийн цогцсыг хөрөөгүй байхад шүүх хурал явуулж, ар гэрийнхнийх нь нулимсыг барж, үр хүүхдийнх нь нүдийг бүлтэлзүүлсэн байж таарна.  Ийм хүмүүн бус үйлдлийг өнөөдөр Монголын шүүхээс өөр газар гаргахгүй. Учир нь хүн төрөлхтний түүхэнд дэлхий дахинаа нас барсан хүнийг шүүж байсан түүх байхгүй. Хүмүүн заяаг олж төрсөн хэний ч ой ухаанд ийм харгис, бусармаг зүйл орохгүй. Гэтэл та нар оюун ухаант хүмүүс биз дээ. Адилхан эхийн хэвлийгээс төрж, цагаан сүү залгилж өссөн,  өрөвдөж, энэрэх сэтгэлтэй хүн биш гэж үү. Яагаад ийм араатан лугаа авираар ажлаа явуулаад байгаа юм гэж асуумаар байна.
Одоо Д.Амарсайханы хэргийг шүүх ямар ч аргагүй. Тухайн хэргийн холбогдогч, гол субьект нь байхгүй болчихлоо. Тэгэхээр шүүхийн процедурын гол субьект үүсэхгүй гэсэн үг. Өөрөөр хэлбэл энэ хэрэг чинь гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй болчихлоо. Тэр ямар хамаатай юм гэж үү.
Аль ч шүүх хурал дээр тухайн хэргээр шинэчилсэн мөрдөн байцаалт явуулдаг. Олон хоног цуглуулсан мэдүүлэг, баримтаа шүүх дээр эхнээс нь ярьдаг. Хэрэгт холбоотой бүх хүнийг шүүх хурал дээр шинээр байцаадаг гэсэн үг. “Та өмнө нь байцаагдаж байхдаа ингэж хэлсэн байна. Энэ чинь үнэн үү” гэх мэтээр олон түмний нүдэн дээр асуудаг. Тэд хариуд нь “Тиймээ” гээд л хэргээ хүлээдэг. Жинхэнэ үнэн шударгаар олон түмний өмнө хэргийг шүүж байгаа процессоо шүүхийнхэн энэ гэдэг.
Шинэчилсэн мөрдөн байцаалтын үеэр тэс өөр зүйл яригддаг тохиолдол ч бий. Хүмүүс өмнө нь хэлснээсээ зөрүүтэй юм ярьж, хэргээ өөрөөр тайлбарладаг. Энэ нь нөхцөл байдлыг эргүүлэх тал бий. Ийм үед шинэчилсэн мөрдөн байцаалт явуулах аргагүй болдог. Тэгвэл талийгаач Д.Амарсайханы гэх хэрэг яг ийм нөхцөл байдалд орчихлоо. Яагаад гэвэл тэр одоо байхгүй болсон. Өмнө нь өгч байсан мэдүүлгээ баталж чадахгүй. Тэр юуг ч нотолж чадахааргүй болсон. Тэгэхээр шинэчилсэн мөрдөн байцаалт явуулах боломжгүй тул шүүх хурал ч болох үндэсгүй гэсэн үг.
Гэсэн ч шүүх хурал явуулах гээд байгаа нь ямар учиртай юм. “Талийгаач амьд байхдаа ингэж хэлж байсан. Одоо үүнийгээ баталж чадахгүй ч амьд байхдаа хэлж байснаар нь хэргийг шүүнэ” гэж дайрах юм уу. Шүүхийн шударга үнэн гэж үүнийг хэлдэг юм уу. Үнэхээр энэ хэргийн учгийг тайлж, шударга гэдгээ харуулах гэсэн юм бол түүнийг эмчлэхгүй яасан юм. Эмчлүүлэх эрхийг нь хязгаарлаж, бие нь дордсоныг далимдуулж “Ийм л байгаа дээр нь хэлүүлэх гэсэн үгээ хэлүүлнэ” гэж шуналтсаар байж үхүүллээ. Одоо хэнээс юу байцаах гэсэн юм. Байхгүй болчихсон хүний бурууг яаж олох гээд байгааг нь ойлгохгүй байна. Ийм зүйл хаана ч байхгүй тул хэргийг даруйхан хаа. Хамсаатан гэгдээд байгаа Х.Анхбаяр, Ц.Чандмань нарт ажил хийх бололцоог нь олго.
Талийгаач Д.Амарсайхан хамаатны дүү Ц.Чандманийнхаа нэрээр “Тэнгри Холдинг” компанийн захирал Х.Анхбаяраас авлигад үнэтэй байр авсан. Оронд нь Газрын тосны газраас зарласан тендер өгсөн гэдэг л асуудал байгаа. Гэвч авлига авч, оронд нь өгсөн гэх тэр тендерт нь ямар ч компани шалгараагүй, цуцлагдсан нь тогтоогдсон юм биш үү. Тийм юм бол энэ хүмүүсийг ингэж тарчлааж, ажил хийх хайран цагийг нь үрэн таран болгох хэрэг юу байна. Эсвэл нэгийг нь үхүүллээ, үлдсэнийг нь шоронд хатаана гэж занаад байгаа юм уу. Ялих шалихгүй зүйлийн төлөө бусдыг ажлын байраар хангаж, бүтээн байгуулж яваа бизнес эрхлэгчдийг хааж, боож, хорьж цагдах өвчин тусчихаагүй л байлтай, манай шүүх. Үгүй юм бол нэгэнт гол хүн нь хорвоод байхгүй болчихсон энэ хэргийг хаа. Шүүх улаан нүүрээ хамгаалж, хуулийн байгууллагын нэрийг авч гарна гэж мугуйдлах нь учир утгагүй харагдаж байна. Дахин хэлье талийгаачийг шүүсэн хурал энэ дэлхий дээр байдаггүй юм шүү.

Я.МӨНГӨНЦЭЦЭГ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *