Монголын Уран Зургийн галерейгаас Монголын түүх, соёлын хосгүй үнэт дурсгал уран зургийн бүтээлүүдээс бүрдсэн “Монголын шилдэг уран зургууд” тусгай үзэсгэлэнг Орхон аймагт зохион байгуулах гэж байна. Үзэсгэлэнгийн нээлт тавдугаар сарын 10-ны өдөр Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ-ын “Уурхайчин” соёлын ордонд болно. Үзэсгэлэнг тавдугаар сарын 10-15-нд Орхон аймгийн Хүүхэд, залуучуудын театрт дэлгэх юм байна. Үзэсгэлэнд:
- Ардын зураач Ү. Ядамсүрэнгийн “Өвгөн уурч”
- Ардын зураач Г.Одонгийн “Ажлын дараа”
- Хөдөлмөрийн Баатар, Ардын Зураач, Төрийн Соёрхолт Н.Цүлтэмийн “Талын айл”
- Ардын зураач, Төрийн хошой шагналт, Урлагийн гавьяат зүтгэлтэн О.Цэвэгжавын “Эмнэг сургагч”
- Д.Амгалан “Жаахан шаргын нутаг”,
- Ё.Өлзийхутаг “Эх нутгийн эзэд” зэрэг Монголын дүрслэх урлагийн 30 орчим сор бүтээлээс дэлгэх юм.
Үзэсгэлэнгийн нээлтийн арга хэмжээнд “Чингис хаан” үндэсний музейн захирал, академич С.Чулуун “Чингис хааны ёс суртахуун ба Монголын үнэт зүйл” сэдэвт лекц уншиж, алдарт “Дэлхий” хамтлаг бүрэн хэмжээний концертоо тоглоно.
Орхон аймагт зохион байгуулах Соёлын сэргэлт-2023 аяны үеэр тусгай үзэсгэлэнгээс гадна соёл, олон нийтийн хөтөлбөр, урлаг, соён гэгээрлийн лекц, чадавхижуулах сургалтууд зохион байгуулах аж. Соёл урлагийн үйлчилгээг хөдөө орон нутагт хүртээмжтэй түгээх, соёлын өвийг сурталчлах, ард иргэдийг урлагаар дамжуулан соён гэгээрүүлэх зорилгоор энэхүү тусгай үзэсгэлэн зохион байгуулах гэж байна.