Categories
мэдээ цаг-үе

Монголын сайхан бүсгүй” наадмын ялагч Э.Энхриймаа: Аав ээж маань намайг боловсролтой, хүнлэг, соёлтой иргэн болгон төлөвшүүлэхэд бүхнээ зориулсан

Монголын эмэгтэйчүүдийн “Хатан эрдэнэ” холбооноос зохион байгуулсан “Монголын сайхан бүсгүй” наадмын ялагч Эрдэнэбаатарын Энхриймаатай цөөн хором ярилцлаа. Тэрбээр 999 сорьцтой мөнгөн титмийн эзэн болж, 20 сая төгрөгийн шагналыг гардаж авсан юм. Энэ удаагийн Монголын сайхан бүсгүй тэмцээн урьд өмнөхөөсөө онцлог болсон. Монгол бүсгүйн хүнлэг сэтгэл, оюун ухааны шалгаруулалт болсныг зохион байгуулагчид онцолсон. Э.Энхриймаа эдийн засгийн их сургуулийн олон улсын нягтлан бодох ангийн оюутан. Шагнал авсныхаа дараа “Би энэ титмийг ээждээ зүүлгэмээр байна. Ээж маань намайг энэ тайзан дээр хөтөлж ирсэн, миний ээж барилгын инженер мэргэжилтэй. Зарим эцэг эхчүүд үр хүүхдэдээ харгис ханддаг юм байна. Харгислалаас харгислал төрдөг. Миний бие хойч үеэ энэрэнгүй зөөлөн сэтгэлтэй болоосой гэж хүсдэг” хэмээн хэлсэн. Эрдэнэт хотод төрсөн түүний хувьд унаган англи, орос хэлтэй юм.


-Юуны өмнө Монголын сайхан бүсгүй наадмын ялагчаар тодорсонд баяр хүргэе. Өөрийг тань түрүүлсэнд олны сэтгэгдэл их өндөр байна. Таны хувьд баяртай байгаа нь мэдээж?
-Баярлалаа та бүхэнд. Миний хувьд энэ удаагийн уралдаан ихээхэн онцлогтой боллоо. Учир нь ээжийнхээ, эгчийнхээ дурсамжид үнэ цэнэтэй үлдсэн Монголын сайхан бүсгүй уралдааныг олон жилийн дараа ахин зохиогдоход амжиж оролцсондоо баяртай байна.
-Уг тэмцээнд хэрхэн оролцох болсноо дуулгахгүй юу. Ер нь өөрийгөө мөнгөн титмийн эзэн болж ялагч болно гэдэгтээ хэр итгэлтэй байсан бэ?
-Энэ саналыг анх ээж маань надад тавьсан. Эхэндээ гайхаж хүлээж авсан ч, ээжийнхээ саналыг хүндэтгэх хүсэл, эрдэм номын мөр хөөхөөс гадна эмэгтэй хүнийхээ хувьд байгалиас өгөгдсөн өгөгдөл, авьяас билгээ яагаад өнгөлж зүлгэж, хөгжүүлж болохгүй гэж бодсон. Ялах ялахгүйн тухайд энэ удаагийн уралдаан миний хувьд өөрийгөө шинээр нээж, өөрийгөө ялан дийлэх талбар болсон. Ялагч болсон нь миний өөрийгөө ялан дийлсэнд өгсөн өндөр үнэлгээ гэж бодож байна.
-Энхриймаагийн хувьд Эрдэнэт хотынх гэсэн. Дунд сургуулиа Эрдэнэтэд дүүргэсэн үү?
-Эрдэнэт хотод хүүхэд насаа өнгөрөөж, Оросын элчингийн 14 дүгээр сургуульд гуравдугаар ангиасаа элсэн суралцаж, дунд сургуулиа дүүргэсэн. Одоо би Санхүү эдийн засгийн их сургуульд Олон улсын нягтлан бодох бүртгэлийн АССА хөтөлбөрийн гуравдугаар курсын оюутан. Аав ээж маань намайг Монгол Улсын боловсрол, мэдлэгтэй, соёлтой иргэн болгон төлөвшүүлэхийн төлөө бүхнээ зориулсан сайхан хүмүүс бий.
-Өмнө нь Монголын сайхан бүсгүй тэмцээний талаар хэр мэдээлэлтэй байсан бэ. Биндэрьяа, Мичидмаа гээд Монголын үзэсгэлэн төгөлдөр бүсгүйчүүд
энэ тэмцээнээс ард түмний хайр хүндэтгэлийг хүлээсэн байдаг. Та тэдний нэг боллоо?
-Яг үнэндээ би энэ жил 21 настай учраас Монголын сайхан бүсгүй гэдэг уралдаан 20 гаруй жилийн өмнө ямар гайхалтай, үнэ цэнэтэй үйл явдал байсныг тэмцээнд орох хүртлээ төдийлөн сайн мэддэггүй байсан. Ээжийн маань, эгчийн надад ойлгуулсан энэ уралдааны талаарх үнэлэлт, дүгнэлт хүчтэй нөлөө үзүүлсэн. Мөн тэмцээний үеэр өмнөх үеийн сайхан бүсгүйчүүдээр үнэлүүлж дүгнүүлж, зөвлөгөө туслалцаа авах үед өөрийн эрхгүй энэ уралдаанаар бахархах сэтгэгдэл төрсөн. Тэр гайхалтай бүсгүйчүүдийн эгнээнд би багтсандаа баяртай байна.
-Таны багын мөрөөдлийг сонирхох гэсэн юм. Ялангуяа охид багадаа тийм мэргэжилтэй болно гэж мөрөөддөг дөө?
-Би багадаа жүжигчин болох мөрөөдөлтэй байсан. Гэхдээ жүжигчин ч бай, эрдэмтэн ч бай аливаа хүний гэр бүлийн суурь хүмүүжил, эрдэм номд зарцуулсан цаг хугацаа хаана, хэрхэн байршихыг нь тодорхойлдог. Тиймээс нас минь залуу байна. 23 нас хүртлээ суурь мэдлэгээ тэлэхэд онцгой анхаарал хандуулна. Түүнээс цааш үнэт зүйл, хүсэл мөрөөдөлдөө илүү анхаарал тавина гэж бодож байгаа.
-Ингэхэд багадаа ямар авьяастай хүүхэд байсан бэ. Сургуулийнхаа шилдэг сурагч байсан нь мэдээж. Сургуульд байхдаа гаргасан амжилтуудаасаа дурдахгүй юу?
-Шүлэг уншдаг, драмын дугуйланд явдаг, хайчилбар хийдэг гээд олон янзын авьяас байсан. Би нэг сонирхсон зүйлээ тууштай хөөдөг зантай. Энэ удаагийн уралдаанд ч мөн энэ зарчмаар оролцсон. Оролцвол оролцсон шиг оролцъё гэж.
-Таны гэр бүл өөрийг тань их дэмждэг байсан. Мөнгөн титмийн эзэн болоход хамгийн их баярласан хүмүүсээ дурдаач. Одоо хэр нь таны баяр үргэлжилж байгаа байх?
-Энэ тэмцээний бүртгэл эхлээд дуусах хүртэлх бүхий л хугацаанд намайг дэмжин хүчирхэгжүүлсэн гэр бүлийнхэндээ зориулж оноод хэлэх талархлын тийм сайхан үг яг үнэндээ олдохгүй байна. Итгэлийг нь зүтгэлээр хариулж, ирж буй он жилүүдэд өмнөө байгаа үүрэг хариуцлагатай бүрэн дүүрэн эзэн болж явах нь чухал байна. Энэ уралдаанд маш олон хүний хүч хөдөлмөр шингэсэн. Тэдний хөдөлмөр, чин сэтгэлд танай сониноор дамжуулаад талархал илэрхийлье.
-Сонирхож асуухад, шагналын мөнгө 20 сая төгрөгөө юунд зарцуулах бодолтой байна вэ?
-Юун түрүүнд Хүн Амын Орлогын Албан Татвараа төлнө. “Хатан Эрдэнэ” холбооны хэрэгжүүлэх хүмүүнлэгийн үйлсэд шагналаа зориулна гэж бодож байгаа. Хүмүүнлэгийн үйлсээ үр дүнтэй, өгөөжтэй байх талаас нь бүх талаар холбооныхоо хамт олонтой хамтарч ажиллана.
-Таны цаашдын төлөвлөгөөг сонирхох гэсэн юм. “Монголын сайхан бүсгүй” наадмын эзэнд олон газар хамтарч ажиллах урилга ирж байгаа болов уу?
-Ирэх жил би их сургуулиа төгсөнө. Амьдралд минь ач холбогдлын дарааллаараа нэгт яваа зүйл. Тиймээс ойрын нэг жилдээ боловсролын асуудалдаа онцгой анхаарал хандуулна. Энэ нэр хүндтэй уралдааны тэргүүн титмийн эзний хувьд, өөдөө өргөж явах үүрэг хариуцлагаа бүрэн ухамсарлаж, намайг гээд зорьж ирсэн бүх саналд хүндэтгэлтэй найрсагаар хандах болно.
-Гэр бүлтэй болж амжсан уу. Тэр талаар манай сонины уншигчид сонирхож байгаа нь дамжиггүй юу?
-Одоогоор тэр тухай бодож, төлөвлөсөн зүйл байхгүй.
-Наадмын өмнө таныг “Оюунлаг мисс”-ээр шалгаруулаад байсан, тэр тухай сонирхох гэсэн юм. Мөн есөн эрдэнийн өргөмжлөл хүртсэн бүсгүйчүүдийнхээ талаар юу хэлэхсэн бол. Хамгийн хүчтэй өрсөлдөгч хэн байв?
-Хагас сарын хугацаанд намайг хурцалж, ирээдүйн Монголыг бүтээх эмэгтэйчүүд хүчтэй чадалтай, итгэлтэй, бардам байна гэдгийг бүрэн мэдрүүлсэн бүсгүйчүүддээ баярлалаа. Бүгдийнх нь ирээдүй гэрэлтэй байна гэдэгт бүрэн итгэлтэй байна. Мисс ч бай, эдийн засагч бай эзэмшсэн боловсрол, мэргэжилдээ эзэн болоод өмнөх ажлаа хийсэн шиг л хийдэг баймаар байна. Өрсөлдөгч бол өрсөлдөгч. Хүчний сул, хүчтэй нь хүн бүрт харилцан адилгүй. Гол нь өрсөлдөх давуу талаа мэддэг, түүнийгээ хөгжүүлэх дадалд л хүн бүр суралцаасай гэж бодож байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *