Categories
мэдээ цаг-үе

Монголын Хүүхдийн ордны багш С.Ганчимэг: “Нарны хаан хүүхдүүд” дууны хоорыг би тавьсан

Монголын хүүхдийн ордны багш, гавьяат багш С.Ганчимэгтэй ярилцлаа.


-Шинэ оны босгон дээр гавьяат багш цол хүртсэнд тань баяр хүргэе. Урлагийн салбарт хэдэн жил хөдөлмөрлөж энэхүү цолыг хүртсэн бол?

-Монголын урлагийн салбарт 30 жил хөдөлмөрлөсөн гавьяаг минь төр засаг үнэлж гавьяат багш цол хүртээлээ. 1991 онд жаахан охин сургуулиа төгсөөд Монголын Хүүхдийн одонд багшаар ажилд орж байлаа. Анх ажилд ороод л бэлтгэж байсан шавь нар маань өнөөдөр мундаг дуучид болсон байна.

-Гавьяат болсон мэдээгээ хэдийд сонсов. Олон жилийн хөдөлмөрөө үнэлүүлээд сэтгэл их хөдөлсөн байх?

-Өнгөрсөн сарын 28-нд ажил дээрээ сууж байхад Тамгын газраас над руу утасдаж мэдэгдсэн. Гавьяат багш гэдэг эрхэм хүндтэй шагнал учраас итгэж өгөөгүй шүү. Тэгээд хурдхан шиг хувцсаа бэлтгээд л Төрийн ордон орсон. Надтай хамт ажилладаг Энхтуяа гэж эмэгтэй мөн гавьяат багш цолоор шагнуулсан. Нэг байгууллагаас хоёр гавьяат төрнө гэдэг бахархалтай хэрэг шүү. Энэ онд Монголын хүүхдийн ордны 60 жилийн ойн баяр тохиож байгаа. Энэхүү шагналтай хамт ажлын минь хамт олны хичээл зүтгэл яригдах болно. Цэнгэлмаа гэж дайчин бүсгүй энэ байгууллагыг удирдаж өдий зэрэгтэй авч явж байгаа.

-Таныг олон түмэн “Монголын хүүхдийн ордон”-ны Ганчимэг нэрээр мэднэ. Энэ их айлын босгоор хэрхэн алхаж байв?

-Жаахан охин сургуулиа төгсөөд Монголын хүүхдийн ордонд ирэхэд тухайн үеийн захирал Ганбат, Түвшинтөгс нар шалгаж найрал дууны багшаар ажилд авч байлаа. Ажилд орсон хойноо дуулаачийн дугуйлан нээж өнөөдрийг хүртэл тасралтгүй ажиллуулж байна.

-Монголын рок поп, эстрадын олон одод таны дугуйлангаар дамжиж урлагт хөл тавьсан байдаг?

-Ууган шавь нарын маань нэг Энхээгийн Оюумаа миний өмнөх өдөр “Алтан гадас” одонгоор шагнуулсан. Шавийгаа өндөр шагнал хүртэхэд дотроо баярлаж л байлаа. Эд нар минь миний бахархал минь юм даа. “Люмино” хамтлагийн дуучин Баажий, “Мөнхийн реп”-ийн Лхагваа, дуучин Н.Мөнгөншагай зэрэг одоогийн мундаг уран бүтээлчид миний анхны шавь нар. “Номин талст”-ын Хаянхярваа, Мөнхбаяр, П.Жимсээ, Ганзориг, Э.Болор-Уянга, Хулан, Эгшиглэн, А.Хишигдалай, Номинжин гэх мэт олон дуучид дугуйланд минь суралцаж урлагт хөл тавьсан байдаг. Нийтийн дуу, эстрад, хип хоп гээд урлагийн төрөл бүрийн салбарт шавь нар маань олонд хүндлэгдэж уран бүтээлээ туурвиад явж байгаа. Дан ганц урлагийн салбарт биш, тус тусын бизнесээ эрхлээд амжилттай явж буй шавь нар олон байдаг. Эд маань миний гараас гараад явчихсан ч өдөр бүр холбоотой байж ажилд минь тус дэм болдог юм.

-Хүүхэдтэй ажиллахын гоё сайхан юунд байдаг бол?

-Хүүхэд гэдэг цайлган цагаан сайхан энергитэй байдаг. Хүүхдүүдээ хараад л ажиллах эрч хүчээ авдаг. Эднийхээ дунд ороод явж байхад ядрахаа ч мартчихдаг юм. Хаана ч явсан Хүүхдийн ордон руугаа яарна шүү дээ.

-Хүүхэдтэй ажиллана гэдэг өөрөө өндөр хариуцлага дагуулдаг байх. Дуулах өнгийг нь зөв олж өгөхөөс авахуулаад ажил их биз?

-Тийм шүү. Сайн дуучин болох суурийг нь тавьж өгдөг учраас миний мэргэжил хариуцлагатай. Өнгөгүй хоолойтой хүүхдийг дуучин болгоно гээд л эцэг эхчүүд хөтлөөд ороод ирнэ. Манайхан “Гэр бүлээрээ солгой хоолойтой яах вэ” гэдэг юм. Солгой хоолойтой хүүхэд гэж байхгүй, сонсгол нь хөгжөөгүй байгаа гээд л бэлдээд хоолойг нь засах ажилдаа орно. Эцэг эхчүүд авьяастай хүүхдэдээ чихэвчний хөгжим сонсгоод хоолойг нь эвдээд байгаа тал ажиглагддаг. Хүүхэд өөрийгөө сонсож дуулах хэрэгтэй. Мөн хүүхдэд насанд нь тохирсон дуу сонсгож сургах нь чухал. Янз бүрийн сэдэвтэй дуу сонсгоод хүүхдийн сэтгэхүйг эвдээд байна. Зөв хүн болж төлөвшихөд ч энэ чухал нөлөөтэй.

-Таны заах арга барилын онцлог?

-Хүүхдийг ноттой холбож хөгжмийг ойлгуулдаг. Ажиллах хугацаандаа олон хоолойн дасгалыг зохиосон. Янз бүрийн л хоолойтой хүүхэд дуучин болно гээд ирдэг. Жишээ нь, ямар ч өнгөгүй Т.Алунгоо гэж хүүхдийг ээж аав нь хөтлөөд дуучин болгоно гээд ирж байлаа. Өнөөх өнгөгүй, хүчтэй хоолтой охин маань өнөөдөр БНСУ-д дуулаачийн мэргэжлээр суралцаад явж байна. Өдөр бүр шахуу л надтай утсаар ярьдаг юм. Өнгөгүй байсан хоолойг засна гэдэг хүнд л дээ. Бид төгөлдөр хуур, гитар гэх хөгжмүүдийг түлхүүрээр хөглөдөг. Харин амьд бие махбодыг хоолойн дасгалаар засахад багшаас хичээл зүтгэл, хүүхдээс ухаан шаардана. Өнөөдөр мундаг дуучин болоод буй Т.Алунгоо гэж охиныг миний бүтээл гэж ойлгодог юм. Хүүхдийн авьяасыг нээж цааш нь хөгжүүлэхэд эцэг эхийн оролцоо чухал үр нөлөөтэй.

-Гараас гарч буй шавь нартаа юу захидаг вэ?

-Нийгэмд гараад чанартай уран бүтээл хий. Үүний тулд хөдөлмөрлө гэж захидаг. Хөдөлмөрлөж байж л уран бүтээлээ олонд хүргэнэ. Өөрийнхөө биеийг зовоо гэж хэлдэг юм.

-Та хөгжмийн зохиолч хүн. Яруу найрагчийн тухайд онгод орохоор шүлэг тэрлэнэ гэж ярьдаг. Хөгжмийн зохиолчийн тухайд?

-Эхлээд шүлгээ сайн уншиж ойлгоно. Дараа нь аяа хийдэг. Хааяа ажил дээрээ хүүхдүүдтэйгээ сууж байхад үггүй, нүцгэн ая гэнэт ороод ирэх үе бий. Онгод минь Ордон дээрээ л орно шүү дээ.

-Таны зохиосон дуу 2008 оны Бээжингийн олимпийн наадмын нээлтийн ёслолд дуулагдсан гэдэг билүү?

-Тийм. Тэр үеэр улсын баярын тоглолт давхцаад завгүй байсан учраас очиж үзэж чадаагүй. “Таван тансаг” хамтлагийн хүүхдүүд дуулсан юм.

-Шинэ жилээр та завгүй байдаг байх. Олон баярын арга хэмжээнд Монголын Хүүхдийн ордны сурагчид очоод дуулж байдаг шүү дээ?

-Жил бүр л харшийн сүлд модны наадам болдог. Оролцох хүүхдүүдийн найрал, гоцлол дууг би бэлтгэнэ. Зөвхөн наадамд зориулж жил бүр шахуу дуу зохионо. Төрийн өндөрлөгүүд ирж үздэг учраас хариуцлагатай хандана шүү дээ.

-Монголын Хүүхдийн ордны багш нар өсвөр насныханд ухаарал хайрлахаар хэд хэдэн жүжиг хийсэн байдаг. Энэ талаараа ярихгүй юу?

-Ордны Драмын дугуйлангийн багш Д.Саранхүү бид хоёр хамтраад “Амьдрал аварсан хайр” гэж жүжиг хийж байлаа. Би хөгжмийг нь бичсэн юм. Хүүхдүүд гэрээсээ зугтаж, гадуур амьдрах нь ихэсч байсан үед хийгдсэн энэхүү жүжгийг нь үзсэн хүүхдүүдэд ухаарал өгөхөөр сайн уран бүтээл болж чадсан гэж ойлгодог юм. Жүжгийн дууг нь Хаянаа дуулсан шүү дээ. Д.Саранхүү бид хоёр уран бүтээлийн ганзага их нийлнэ. Анх МҮОНТ-ийн хүүхдийн “Цоглог” хөтөлбөрийн “Та нар бидэнтэй” хэмээх дууг хийсэн нь олон хүний сэтгэлд хүрсэн байх шүү.

-Багшийнхаа талаар ярихгүй юу?

-Би хүүхдүүдийнхээ төлөө чин сэтгэлээ зориулдаг Балдандорж гэж багшийн шавь. Өдий зэрэгтэй явааг минь багш дээрээс хараад баярладаг болов уу гэж боддог юм.

-Таныг цомгоо гаргах гэж байгаа гэж сонссон. Энэ талаараа ярихгүй юу?

-Хүүхдүүддээ зориулж бага, дунд, ахлах гэсэн ангиллаар цомгоо хэвлүүлэхээр зэхэж байгаа. Анх “Шидэт цэцэг” нэртэй 17 дуу бүхий цомгоо 2003 онд гаргаж байлаа. Тухайн үеийн нийгэм хүүхдийн дуугаар цангачихсан, хүүхдийн дуу бараг байхгүй байсан учраас эрэлттэй байсан. “Таван хуруу” хамтлагийн ”Миний эх орон”, “Флаш” хамтлагийн ”Хүүгийн бодол” зэрэг дуунуудаа яг тэр үед зохиож байлаа шүү дээ.

-Тэр жил бие даасан тоглолтоо хийж байсан бил үү?

-Анхны цомгоо гаргасан жилээ “Миний хөгжмийн ертөнц” нэртэй тоглолтоо “UB Place”-д хийж байсан. Б.Сарантуяа, Т.Ариунаа гээд урлагийн одод бүгд ирж дуулсан. “Нарны хаан хүүхдүүд”-ийн хоорыг би тавьж байсан.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *