Categories
мэдээ цаг-үе

Монголын хөрөнгийн зах зээлийг яагаад дайнтай Палестинаас дорд үзчихэв?

Дайн самуунтай Палестин Английн FTSE индексийн Frontier Market хэмээх хөгжиж буй зах зээлийн статуст багтаж орхив. Манайх энэ статуст багтах хүсэлтээ өгсөн ч өнөөг хүртэл тойргийн гадна байгаа юм. Дэлхийн 40 орчим улсын хөрөнгийн биржүүдийг багтаасан Frontier Мarkets хэмээх хөгжиж буй орнуудын үнэт цаасанд зөвхөн Ану-ын хөрөнгө оруулалтын сангууд гэхэд л жилд 15 тэрбум доллар оруулдаг. Тэгэхээр бид хөгжиж буй зах зээлийн статуст багтчихвал хөрөнгө оруулагчдын сонирхлыг татахаас эхлээд олон давуу тал үүснэ гэсэн үг. Палестинд биднээс дутуу тал өчнөөн бий. Манайх шиг нҮб-ын гишүүн биш. Дээр нь дайны хөлд нэрвэгдчихсэн. Гэсэн хэр нь нэгэн цагт эдийн засгийн 17 хувийн өсөлтөөрөө дэлхийд гэж яригдаж байсан Монголоос илүү үнэлэгдсэн нь сонирхохгүй орхиж боломгүй өнцөг.

Тэд биднээс юугаараа илүү байв гэсэн асуултад хариу хайя. Өнгөрсөн оны сүүлээр манай Хөрөнгийн бирж дээр бүртгэлтэй компаниудын зах зээлийн үнэлгээ нийлээд 590 сая ам.долларт хүрсэн бол Палестиных гурван тэрбум ам.доллараар хэмжигджээ. Дайнтай Палестин Хөрөнгийн биржээ хамгаалалтын тусгай ханатайгаар барьж. Дэлбэрэлт, халдлагад өртүүлэхгүй гэж. Машин нэвтрэхэд бөмбөгтэй эсэхийг нь шалгадаг харуул хамгаалалт ажиллуулдаг. Израилтай хэл үгээ ололцдоггүй энэ улс сүүлийн үед “өстөн”-тэйгөө бизнесийн харилцаан дээр ойлголцох хичээл зүтгэл гаргах болж. Хөрөнгийн зах зээлээ хөгжүүлэх гэсэн энэ мэт хичээл мэрийлтийг нь харсан байж мэдэх юм. уг нь бидэнд өчнөөн тэрбум ам.доллараар үнэлэгдэх байгалийн баялаг, аюулгүй амгалан орчин гэж ирээд яривал тэднээс давуу тал олон бий. Гэвч хөрөнгийн зах зээлээ хөгжүүлэхдээ яагаад ч юм хойрго ханддаг. Адаглаад л санхүүгийн зохицуулах хороо нь идэвхтэй ажилладаггүй, ломбардны хүү мэтхэн яриад суудаг нь нууц биш. Мөнгө татах баялагтай тусгаар улсын санхүүгийн зохицуулагч байгууллагын хувьд ломбардны зээлийн хүү үнэндээ бол жижиг асуудал. Өнгөрсөн засгийн үед хөрөнгийн зах зээлийг дэмжье гээд санхүүгийн зохицуулах хороо хураамжаа тэглэсэн ч сонгуулийн дараа буцаагаад сэргээсэн гэж ирээд яривал хөрөнгийн зах зээлдээ хүнийрхүү хандаад байдаг тал бий. FTSE Russell Палестиныг дээрх индекст багтаахдаа Монгол улсын нөхцөл байдалд ч үнэлэлт өгсөн юм билээ. Тэгэхдээ хөрөнгийн биржийнх нь арилжааны шимтгэл өндөр болсон нь Монголын Frontier Market индекст хамрагдах шалгуур үзүүлэлтүүдийг нэгээр цөөллөө гэсэн шалтгаан хэлж. Хөгжиж буй гэсэн статуст багтахын тулд 21 шалгуур үзүүлэлтийг хардаг юм байна. Манай улсын хувьд дөрвийг нь л хангасан гэх дүн гарчээ. Дахин хэлэхэд, FTSE Russell-ийн хүсээд буй үзүүлэлтийг хангах газар нь санхүүгийн зохицуулах хороо.

FTSE Russell байгууллагын хувьцааг лондонгийн хөрөнгийн бирж 100 хувь эзэмшдэг юм байна. Цэвэр нэр хүндээрээ амьдардаг байгууллага гэж шинжээчид тодотгодог. “Мүүдис” зэрэг агентлагууд зээлийн рейтинг хийж мөнгө олдог бол FTSE Russell хөрөнгийн зах зээл дээр ус, агаар шиг чухал болсон индексийн мэдээллийг зарж амьдардаг. Тэр утгаараа индексээ буруу гаргавал, зөв мэдээлэл зарахгүй бол хөрөнгийн зах зээл дээр оршин тогтнох боломжгүйд хүрнэ гэж мэргэжилтнүүд онцолж байна.

Гэхдээ Frontier Market –д багтсан улсуудыг харахаар эргэлзэхээр зүйл илт анзаарагддаг. бидний “эд ч дээ” гэж хардаг бангладеш, Шри-ланк хүртэл цохиж явна гэхээр их гүрнүүдийн бодлого хөшигний цаана өрнөж, FTSE Russell гэх мэт мэргэжлийн байгууллагыг зарим үед дохиурддаг байхыг үгүйсгэхгүй. FTSE Russell -ийн хувьцааг эзэмшдэг Лондонгийн хөрөнгийн биржийн тухайд аль эрт 1801 онд байгуулагдсан, олон янзын хувьцаа эзэмшигчтэй нээлттэй компани. сүүлийн үед Германы хөрөнгийн биржтэй нэгдэнэ гэх яриа хүчтэй сонсогдож байгаа. Ану энэ биржид өндөр сонирхолтой.

Тодруулж хэлбэл, Нью-Йоркийн хөрөнгийн бирж авах сонирхлоо ил тод зарлачихсан.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *