Төв аймгийн Сэргэлэн сумын нутаг болох Баруун Дэлгэрийн аманд байрлах Монголын хөлбөмбөгийн холбооны бэлтгэлийн төв нь энэ жилийн эхний улиралд ашиглалтад орсон билээ.
Бэлтгэлийн төвийн нээлтийн үйл ажиллагаанд МХБХ-ны Ерөнхийлөгч А.Ганбаатар, Төв аймгийн засаг дарга Д.Мөнхбаатар, тус бэлтгэлийн төвийн гүйцэтгэх захирал Ш.Отгон-Өлзий нар үг хэлж, нээсэн юм.
Мөн МХБХ-ны дэд ерөнхийлөгч Х.Азжаргал, Зөвлөлийн гишүүн Б.Гансүх, М.Амарбаясгалан, Б.Болдбаатар, Төв аймгийн засаг дарга Д.Мөнхбаатар, Үндэсний шигшээ багийн ахлагч Х.Цэнд-Аюуш нар тууз хайчлах хүндэтгэлийн үйл ажиллагаанд оролцов.
Энэ үеэр МХБХ-ны ерөнхий нарийн бичгийн дарга Д.Тэрбаатар 2021-2028 оны Урт хугацааны стратеги хөтөлбөрийн талаар нээлтийн үйл ажиллагаанд ирсэн зочдод танилцууллаа.
МХБХ-ны Зөвлөлийн шийдвэр болон Ерөнхийлөгчийн тушаалаар Катар ДАШТ-2022 оны Азийн бүсийн урьдчилсан шатны сүүлийн тоглолтоо Киргиз Улсын шигшээ багтай тоглосон шигшээ багийн тамирчдад хоёр сая төгрөг, Үндэсний шигшээ багийн хамтаар ДАШТ-ий урьдчилсан шатны таваас дээш тоглолтод тоглосон долоон тоглогчид 500 мянган төгрөгийн урамшуулал олгосон юм.
Түүнчлэн шигшээ багийн албаны хүмүүст дурсгалын зүйлсийг гардуулан өгч, МХБХ-ны удирдлагуудын зүгээс Киргиз улсын шигшээ багийн эсрэг 1:0 харьцаатай хожил байгуулахад амжилттай тоглосон хаалгач Э. Мөнх-Эрдэнэ, хамгаалагч Г.Бат-Оргил, хагас хамгаалагч Х.Цэнд-Аюуш нарт тус тус 500 мянган төгрөгийн урамшуулал олголоо.
1993 онд Үндэсний шигшээ баг дахин байгуулагдсанаас хойших 100 дахь гоолыг оруулсан О.Мижиддоржид хөлбөмбөгийн элч төлөөлөгч Г.Ганхүү амласан ёсоороо нэг сая төгрөгөөр шагнасан бол түүнд МХБХ-ноос дурсгалын зүйл батламжийг гардуулан өгсөн юм.
МХБХ-ны ерөнхийлөгч А.Ганбаатар нээлтийн үеэр Монголын хөлбөмбөгийн бэлтгэлийн талбайг Монголын хөл бөмбөгийн анхны шигшээ багийн тоглогч, ууган гавьяат дасгалжуулагч, БНМАУ-ын анхны спортын мастер Лувсандоржийн Сандагдоржийн нэрэмжит болгохоор болсныг дуулгахад таатай байна.
Уг бэлтгэлийн төвийн нээлтийн үйл ажиллагаанд хүрэлцэн ирсэн МХБХ-ны Зөвлөлийн гишүүд, Үндэсний шигшээ багийн тамирчид, болон хүндэт зочид тус бүр нэг мод тарьж бэлтгэлийн төвийн өнгө үзэмж, байгаль орчны ногоон ирээдүйд хувь нэмрээ орууллаа.