Завхан аймгийн ус цаг уур, орчны шинжилгээний төвийн дарга Э.Мөнгөнцэцэгээс тодрууллаа.
-Монголын хамгийн хүйтэн цэгт энэ өвөл цаг агаарын төлөв байдал ямар байна вэ?
-Завхан аймгийн Отгон суманд арванхоёрдугаар сарын 28-29-нд шилжих шөнө хасах 50 градус хүрч хүйтэрсэн. Энэ өвөл Тосонцэнгэл сумын тухайд хасах 46 градус хүртэл хүйтний эрч чангарсан байна. Монгол орны хамгийн хүйтэн цэг гэдгээр Завхан аймаг улсын хэмжээний рекордыг тэргүүлсээр байгаа. Манай улсын нутаг дэвсгэрт баруун Сибирийн хүйтэн агаар 2016 онд байршсантай холбоотой Завхан аймагт байгалийн энэ үзэгдэл илүү ажиглагдах болсон. Тодруулбал, 2016 онд Отгон суманд хасах 55.3, Цэцэн-Уул суманд 54.7 градус хүйтэрч байсан юм. Төв Азийн их даралтын орон үүсч он дамнан арван хоёрдугаар сарын сүүлээр эрс хүйтэрч эхэлсэн гэсэн үг. Завхан аймгийн нутгаар арванхоёрдугаар сард олон жилийн дунджаас ч хүйтэн байлаа. Гэхдээ температурын хувьд эрс хүйтрэлттэй байгаа ч цасан бүрхүүл хэвийн хэмжээнд байна.
-Эрс хүйтэрсэнтэй холбоотой малчид, орон нутгийн иргэд хэрхэн өвөлжиж байна вэ?
-Мал аж ахуйн үйлдвэрлэлд цаг агаар таагүй нөлөөлж байгаа болов уу. Тодруулбал, мал бээрэх, богино хугацаанд бэлчээрлэх гэх мэтчилэн мэр сэр асуудал малчдад тулгарахыг үгүйсгэхгүй. Гэхвч одоогийн байдлаар Завхан аймагт мал их хэмжээгээр хорогдож байгаа талаарх мэдээлэл ирээгүй.
-Цаашдаа хасах 50-иас дээш температурт хүрч хүйтрэх төлөв бий юү?
-Монголын хэмжээнд нэгдүгээр сард олон жилийн дунджаас хүйтэн байна гэдэг төлөв гарсан. Гэхдээ энэ жилийн хүйтрэлт богино хугацаанд температурын хэлбэлзэлтэй байна. Ойрын хоногуудад аймгийн зүүн хойд хэсгээр ялимгүй хур тунадастай. Нийт нутгаар цасан бүрхүүл 1-9 сантиметрийн зузаантай байгаа. Энэхүү цасан бүрхүүл малын бэлчээрт саад болох нөхцөл үүсээгүй, өвөлжилт хэвийн байгаа гэж ойлгож болно. Урьдчилсан байдлаар Завхан аймагт цаг агаар ойрын өдрүүдэд тогтвортой. Харин ирэх хавраас хүйтний эрч эргээд чангарна гэсэн прогноз бий.
-Тэгвэл өдөр, шөнөдөө хэдэн градуст хүрэхээр байгаа бол?
-Идэр, Тэс голын сав дагуу хангайн уулархаг бүс нутгаар шөнөдөө 47-52 градуст хүрнэ. Харин өдөртөө 32-37 градустай байна. Бусад нутгаар шөнөдөө 32-37, өдөртөө 22-27 градуст хүрч хүйтрэх төлөв бий. Завхан аймгийн хэмжээнд энэ жил Цэцэн-Уул, Отгон сумдад хасах 50 температурт хүрч хүйтэрсэнтэй холбоотой агаарын даралт дэлхийн рекордыг давсан нь үнэн. Манай улс 2004 онд 1084.8 байсан бол энэ жил Тосонцэнгэл 1091.9, Отгонд 1103.2 гэсэн даралтууд рекорд эвдсэн гэсэн үг.
Завхан аймгийн Тосонцэнгэл сумын иргэн С.Долгорсүрэнгээс өвөлжилтийн нөхцөл байдлыг тодрууллаа.
-Сайхан өвөлжиж байна уу та. Тосонцэнгэл суманд энэ жил цаг агаар хасах 50 хэмтэй байгаа гэсэн үү. Өвөлжилт ямар байна вэ?
-Миний хувьд Тосонцэнгэл суманд 37 жил тасралтгүй амьдарч байна. Энэ жилийн тухайд малаа айлд тавьсан учраас сумын төвдөө өвөлжиж байгаа. Одоогийн байдлаар айхавтар зуд болсон зүйлгүй, тайван байна. Манай энд дээд тал нь хасах 56 хэм хүрч хүйтэрсэн.
-Хүйтний эрч чангарсантай холбоотой мал амьтан осгож эндэх тохиолдол гарч байна уу?
-Хүмүүс ч, ан амьтан нь ч хүйтэн цаг уурт аль хэдийнэ дасан зохицсон учраас хөлдөж, осгож үхэх асуудал байдаггүй. Манай нохой гадаа үүрэндээ унтаад л яадаг ч үгүй. Мэдээж хүйтэн байдаг ч түүнийг нь айхавтар мэдрээд байдаггүй. Сумын төв дээр үхэр мал нэмнээтэй л явж байдаг. Ерөнхийдөө бид бүгд энэ цаг уурт зохицсон. Гаднаас ирсэн хүмүүс л хүйтнийг мэдрэх байх. Шөнөдөө хасах 50-иас дээш хэмтэй хоносон ч тоодоггүй.
-Одоогийн байдлаар гадаа хэдэн градустай байгаа бол?
-Гадаа их шуургатай жиндүү байна. Өдөрт машины градус заахгүй байна лээ. Тэгэхээр гадаа хасах 30 градусаас дээш байгаа болов уу. Өнгөрсөн шөнийн тухайд хасах 46 хэмтэй хоносон байсан. Энд болжмор шувуу нисээд явж л байдаг. Хөлдөж үхсэнийг нь би лав харж байгаагүй.
П.САЙНЖАРГАЛ