“Монголын инновацийн 7 хоног-2017” арга хэмжээний албан ёсны нээлт БСШУСЯ-нд болж, зохион байгуулагчид мэдээлэл өглөө. Энэхүү арга хэмжээ нь Монгол Улсын нийгэм, эдийн засгийн бүхий л хүрээнд инновацийн талаарх ойлголт, мэдлэгийг түгээх, инновацийн соёл, бүтээлч сэтгэлгээг төлөвшүүлэх гол зорилготой юм. Түүнчлэн төр хувийн хэвшил, их, дээд сургууль, эрдэм шинжилгээний байгууллага, олон нийт, төрийн бус байгууллагын инновацийн түншлэлийг өргөжүүлэхээр зорьж байна.
Энэхүү үйл ажиллагаа нь тавдугаар сарын 08-14-ний өдрүүдэд болно. Хөтөлбөрийн хүрээнд Монголын инновацийн долоо хоногийн хүрээнд энэ сарын 09-нд “Иргэний танхим”-д “Шинжлэх ухаан-боловсрол-төр-бизнесийн түншлэл” семинарыг зохион байгуулна. Энэ үеэр төр, хувийн хэвшил, их, дээд сургууль, эрдэм шинжилгээний байгууллага, инновацийн хамтын ажиллагаа, түншлэлийн боломжуудын талаар хэлэлцэж, зөвлөмж гаргана.
Харин тавдугаар сарын 10-ны өдөр Сүхбаатарын талбайд “Инновацийн нээлттэй үзэсгэлэн” болох юм. Үзэсгэлэнд төр, засгийн байгууллагууд бодлого, үйл ажиллагаагаа таниулах бол их, дээд сургууль, эрдэм шинжилгээний байгууллагын инновацийн үйл ажиллагааны сурталчилгаа, багш эрдэмтэд, судлаач, оюутны бүтээл дэлгэгдэх аж. Үүний зэрэгцээ аж ахуйн нэгж, компаниуд инновацийн үйл ажиллагааны үр дүн, үинэ техник тзхнологи, бүтээгдэхүүн, үйлчилгээний үзэсгэлэн худалдаа явуулж, эндээс инновацийн хамтын ажиллагаа, түншлэл эхлүүлэх боломж олгохоор төлөвлөжээ.
Энэ өдөр Төрийн ордонд “Инновацийн үндэсний форум” болж, Монголд мэдлэгийн эдийн засгийг хөгжүүлэх үндэс суурийг бүрдүүлэх, шинжлэх ухаан технологи, инновацийг хөгжүүлэх бодлого, стратеги, үйл ажиллагаа, үр дүнгийн талаар оролцогчдод нэгдсэн ойлголт өгч, хэлэлцүүлэг өрнүүлнэ. Тавдугаар сарын 11-12-ны өдрүүдэд “ICIED-2017” олон улсын эрдэм шинжилгээний бага хурал болж, гадаад, дотоодын эрдэмтэд, судлаачид, магистр, доктор, оюутнууд судалгааны ажлын үр дүнгээ танилцуулж,шилдэг бүтээлийг шалгаруулах боллоо.
Мөн “BPA-2017” залуу судлаачдын эрдэм шинжилгээний бага хурал, тавдугаар сарын 12-ноос 14-ний өдрүүдэд залуучуудын гарааны бизнесийн “START-UP WEEKEND” арга хэмжээг зохион байгуулагдаж, энэ хүрээнд залуучуудын гарааны бизнесийг дэмжиж, шилдэг төсөл шалгаруулна гэж мэдээлж байна. “Монголын инновацийн 7 хоног-2017” үйл ажиллагааг БСШУСЯ, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Нийслэлийн Үйлдвэрлэл-инновацийн газар, Шинжлэх ухаан, технологийн сан, ШУТИС хамтран зохион байгуулж байна.