С.Эрдэнэ-Очир дасгалжуулагчтай “Унаганууд” клуб футзалын дээд лигт дөрөв дараалан түрүүллээ. Тэд лигт нэг ч ялагдаагүй гэсэн үнэмлэхүй амжилтаа энэ удиралд мөн давтсан юм. Мөнгөн медалийг “Атлетик 220” баг хүртэж, П.Мөнхбат дасгалжуулагчийн залуус футзалын дээд лигээс анхны медалиа зүүлээ. Тэгвэл өнгөрсөн улирлын хүрэл медальт “Хоромхон” энэ улиралд ч мөн адил медалийн тавцанд гарахын төлөө хүчтэй өрсөлдөөн үзүүлж, футзалын дээд лигээс хошой хүрэл медаль хүртэв.
“Унаганууд” багийн дасгалжуулагч С.Эрдэнэ-Очир болон довтлогч Э.Пүрэвдорж нар 18-р тойрогт гуравдугаар сарын шилдгүүдийн шагналаа гардан аваад байсан. Түүгээр ч зогсохгүй хаалтын үйл ажиллагааны үеэр лигийн шилдгүүдийг тодруулахад “Унаганууд”-ын М.Чанцал шилдэг хаалгач, Э.Пүрэвдорж 55 гоол оруулан шилдэг довтлогчоор шалгарлаа. Харин “Хоромхон” багийн ахлагч Х.Цэнд-Аюуш хамгаалалт, довтолгоонд жигд тоглон, багийн ноён нуруу байснаараа футзалын дээд лигийн шилдэг тэгш тоглогчийн шагналын эзэн боллоо.
2017 оны 12 сарын 03-аас эхэлсэн футзалын дээд лигийн өрсөлдөөн дуусан дуусталаа сонирхолтой өрнөж, 18-р тойрогт хүрэл медалийг хүртэх, дээд лигийг орхих багууд, лигийн мэргэн буучийн нэр тодорхой болсон юм. МХБХ энэ жил анх удаа футзалын нэгдүгээр лигийг зохион байгуулсан билээ. “Футзалын нэгдүгээр лиг”-т аваргалсан “Улаанбаатар сити”, мөнгөн медаль хүртсэн Дархан-Уул аймгийн багууд ирэх улиралд футзалын дээд лигт нэмэгдэх юм.