Монголын түүхийн эх сурвалжуудыг эмхэтгэн зургаан боть болгон хэвлэж, оны өмнөхөн нээлтээ хийсэн. “Монголын эх түүх” нэртэй энэхүү цуврал бүтээл Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн санаачилгаар уншигчдын хүртээл болж байгаа юм. Боть болгон өөр өөрийн автортой. Тэдгээрийг жагсаавал, нэгдүгээр дэвтэр нь Монгол Улсын Ерөнхий сайд асан хэл бичгийн томоохон төлөөлөгч Анандын Амарын “Монголын товч түүх”. Хоёр дахь боть нь түүхч, эрдэмтэн Базарын Ишдоржийн “Монгол Улсын хураангуй түүх”. Тэгвэл гурав дахь нь 1930-аад оны үед Судар бичгийн хүрээлэнд ажиллаж байсан өвөрлөгч эрдэмтэн Б.Буянчуулганы “Манж Монголын холбогдсон түүхт байдал” ном. Түүний энэ бүтээл нь тун сонирхолтой, түүхийн гол эх сурвалж гэж эрдэмтэд олзуурхдаг юм билээ. “Монголын эх түүх” цувралын дөрөв дэх бүтээл Шүүх яамны сайд асан, нэрт түүхч, Магсаржав Хурцын “Монгол Улсын шинэ түүх” ном. Дараагийн боть бол түүхч Лхамсүрэнгийн Дэндэвийн “Монгол Улсын товч түүх” бүтээл. Зургаа дахь дэвтэрт Х.Чойбалсан, Д.Лосол, Г.Дэгмид нарын 1940-өөд онд бичсэн “Монгол Ардын үндэсний хувьсгалын анх үүсэж байгуулагдсан түүх”-ийн тухай өгүүлнэ.
“Монголын эх түүх” цувралын нэгдүгээр ботид юун тухай гардаг болохыг уншигч танд сонирхуулъя. Ерөнхий сайд асан Анандын Амар 1930-аад оны дунд үед Шинжлэх ухааны хүрээлэнд байхдаа Монголын түүхийн талаарх ховор нандин дурсгалуудыг бичжээ. Энэ номд монголчуудын үүсэл гарлыг Хүннүгээс эхлээд эзэн Чингэс хааны байгуулсан Их Монгол Улс хүртэлх түүхийг нэн дэлгэрэнгүй бичсэн байна. Номын автор түүхч, хэл бичгийн ухааны эрдэмтэн, улс төрийн том зүтгэлтэн хүн байсан болохоор Монголын эх түүхээ хойч үедээ жинхэнэ үнэн мөнөөр үлдээхийн тулд эртний хэл бичгийн үнэхээр сонгодог найруулгаар дүрслэн бичжээ. Ялангуяа эзэн Чингэс хаан болон түүний хойчийг залгамжлагч үр хүүхдүүдийнх нь түүхэнд гүйцэтгэсэн үүрэг зэргийг онцолсон байгаа. Энд Хубилай хааны тухайн цаг үедээ гүйцэтгэсэн үүргийг үнэхээр тод харуулах бөгөөд түүхэн учир шалтгаан, дэлхийн цаг үеийн байдлыг онцолсон байгаа юм. Их Монгол Улсын дэлхийн байлдан дагуулалтын улс төр, эдийн засаг, түүх соёл ард түмнийг хооронд нь холбож өгч, дэлхийн хөгжлийг нэгэн хэмд оруулсан гээд монголчуудын гүйцэтгэсэн үүргийг Хубилай хаанаар жишиж дүрсэлжээ.
Хубилай хааны мэндэлсний 800 жилийн ой энэ онд тохиож байгаа. Урд хөршид түүний гавьяат үйлсийг мөнхлөх ажил бужигнаж байхад манай улсад нам гүмхэн байна.Энэхүү номыг уншсан хэн бүхэн Хубилай хааныхаа түүхэнд гүйцэтгэсэн үүрэг, ач холбогдлыг мэдэрч, гарцаагүй түүгээр бахархах болно.
“Монголын эх түүх” цуврал бүтээлийн авторууд түүхэн цаг үеийн үйл явдлуудыг уйгаржингаар, сонгодог хэл найруулгаар бичсэн байсныг эрдэмтэд кирилл бичигт буулгаснаар ийн уншигчдын гарт очиж байгаа юм. Энэ ажлыг байгаа түүхийн ухааны доктор З.Лонжид, Төрийн соёрхолт түүхч О.Батсайхан нар хариуцсан байна. Ингэхдээ тэд тэрхүү сонгодог найруулгыг нь тэр хэвээр хадгалан кирилл бичигт буулгаж чаджээ. “Монголын эх түүх”-ийг уншсан хэн бүхэн эцэг дээдэс, Монгол үндэстэн дэлхийд яаж гайхагдаж, хэрхэн байлдан дагуулж, ямар соёлт ард түмэн байсныг илүү их мэдэрч, бахархах омогшил төрнө.
Дээрх зургаан ботийг сонсдог ном хэлбэрт оруулж, монголчуудад хүргэх ажил эхэлсэн байна. Төрийн соёрхолт гавьяат жүжигчин Д.Сосорбарам, Монгол Улсын гавьяат жүжигчин Г.Равдан нарын уншсанаар тэрхүү Монголын маань эх түүх бидний сонорыг мялааж, оюуны цар хүрээ, мэдлэгийг тэлэх юм.
М.МӨНХЦЭЦЭГ