Хуучин ЗХУ-ын Арменийн Спитак хотод 1988 оны арванхоёрдугаар сарын 7-ны 10 цаг 41 минутад Рихтерийн шаталбараар 10 баллын газар хөдөлсөн билээ. Энэхүү аймшигт газар хөдлөлтийн давлагаа манай гаригийг хоёр ч удаа тойрч, Европ, Ази, Америк, Австралийн шинжлэх ухааны лабораториудад бүртгэгджээ. Ердөө хагас минутын дотор нэг сая шахам хүн амьдарч байсан Арменийн хойд хэсэг тэр чигтээ үнсэн нурам болсон гэдэг.
Энэхүү эмгэнэлт үйл явдалд тусламжийн гараа сунгасан анхны улсуудын нэг нь Монгол юм. Манай барилгачид Спитакт монгол гэрээ барьж олон мянган хүнийг хүйтэн өвлөөр орон гэртэй болгож байв.
Чeрнобыль. 1986 он
Үүнээс гадна Монголын нэгэн эм зовж зүдэрсэн хүмүүсийн аминд орсон. Тэр эмийн нэр нь “Панкипсин”. Манай улсын биохимич эрдэмтэн Ж.Цэрэндэндэв, Ж.Алимаа, Д.Сувд нарын зохион бүтээсэн, монгол хонь, ямааны нойр булчирхайг нарийн технологиор боловсруулан гаргаж авсан цэвэр уургийн энэхүү бэлдмэл 1985 онд Дэлхийн оюуны өмчийн байгууллагын алтан медаль авсан нь тохиолдлын зүйл огтхон ч биш.
Монгол “Панкипсин” нь бэлчээрийн хонь, ямаанаас гаргаж авсан бүтээгдэхүүн учир ЗХУ болон бусад орнуудад үхэр, гахайн нойр булчирхайнаас боловсруулсан ижил төрлийн эмээс хоёр дахин илүү үйлчилгээтэй ажээ. Тиймээс ч Арменийн газар хөдлөлтөөр бэртэж гэмтсэн хүмүүсийн шарх, сорвийг маш богино хугацаанд илааршуулсан юм байна.
Тэр ч бүү хэл 1986 оны дөрөвдүгээр сарын 26-нд хуучин ЗХУ, одоогийн Украин дахь Чернобылийн атомын цахилгаан станцад гарсан ослын улмаас радио идэвхт бодист хордсон хүмүүсийг эмчлэхэд үр дүнгээ өгчээ.
Тийм ч учраас ЗХУ-ын тэргүүлэх эм зүйчид Монголоос “Панкипсин” эмийг импортлох нь зүйтэй гэсэн дүгнэлт гаргаж байв. Гэвч ЗХУ үхрээс гаргаж авсан ижил төрлийн эмтэй тул Монголын “Панкипсин”-ийг оруулахыг зөвшөөрөөгүй аж. Дотоодын асар том зах зээл, мөн өөрсдийн биохимийн салбараа хамгаалсан нь тэр биз ээ.
Хуучин ЗХУ-ын Арменийн Спитак хотноо хүчтэй газар хөдөлжээ, 1988 он
“Панкипсин” нь шарх, сорви, түлэнхий зэргээс гадна маш олон төрлийн өвчин эдгээхэд ач тустай аж. Үрэвслийн эсрэг үйлчлэлтэй эмийн бүлэгт хамаардаг бөгөөд мөхсөн эд, өтгөн, цэр, идээ бээр зэрэг янз бүрийн шүүгдсийг задалж, хаван, цус хуралтыг шимэгдүүлэн үрэвслийн голомт газрын цус, тунгалгийн эргэлтийг сайжруулснаар эсийн нөхөн төлжилтийг тэтгэж, улмаар нянгийн эсрэг бэлдмэлийн микробын эсэнд шууд нөлөөлөх үйлчлэлийг хүчтэй болгодог антибиотик юм байна. Дотрын өвчин буюу амьсгалын замын үрэвсэл, мөгөөрсөн ба гуурсан хоолой тэлэх өвчин, уушгины буглаа, уушгины үрэвсэл, мэс заслын дараах уушги шалчийх зэрэгт хэрэглэдэг ажээ. Мөн гэмтэл согог, мэс заслын өвчнийг эдгээхэд ч ач тустай. Түлэнхий, хөлдөлт, ясны хугаралт, идээт болон халдварласан шарх, зөөлөн эд, ясны үрэвсэл зэргийг эмчлэхэд хэрэглэдэг байна.
Түүнчлэн дунд чихний архаг идээт үрэвсэл, гайморит буюу хамрын дайвар хөндийн үрэвсэл, архаг ларингит буюу төвөнхийн үрэвсэл, идээт синусит зэрэг өвчнийг анагаахад өргөн хэрэглэдэг болжээ. Нүдний төрлийн өвчний эмчилгээнд ч хэрэглэнэ. Нэн ялангуяа нулимсны замын архаг үрэвсэл, түүний наалдас, цус харвалт, торлог бүрхүүлийн цусны эргэлтийн хурц хямрал ба наалдас, зовхины удаан эдгэрэлттэй шарх зэрэгт ашигладаг байна. Мөн умайн хүзүүний улайлт, шархлаа, хярзангийн урагдалт гэх мэт эмэгтэйчүүдийн өвчнүүдийг эдгээхэд үр дүнтэй нь нэгэнт нотлогджээ. Үүнээс гадна эрүү нүүрний тус газрын идээт мэс заслын өвчнүүд, буйлны үрэвслийн эмчилгээнд ч хэрэглэдэг. Панкипсиныг өдгөө биохимич Ж.Алимаа захиралтай шинжлэх ухаан, үйлдвэрлэлийн “Монэнзим” ХХК үйлдвэрлэн гадаад, дотоодын зах зээлд нийлүүлсээр байна.