Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Монголын банкууд дээрэмчдийн үүр болжээ

Монголд ажиллаж байгаа арилжааны банкууд ашгийн төлөө хэт улайрч харилцагчдаа ч тоохоо больтлоо ихэмсэглэдэг болж. Ямар ч бизнесийн амин сүнс нь харилцагчийнхаа, хэрэглэгчийнхээ итгэлийг алдахгүй байх гэдгийг захын хэн ч хэлнэ. Дөрвөн жилийн өмнө Дарханд найман настай хүүг барьцаалж гэрийнхнээс нь 100 сая төгрөг нэхсэн хэрэг гарсан даа. Хүүг барьцаалсан залуу мөнгө нэхэж үе үе утасдаж байснаас өөр сураг мэдээгүй тэр үед хүүгийн аав “Мобиком”-д хандсан байдаг. Нууцлагдсан дуудлагын дугаарыг тогтоогоод өгөөч гэж. Харин “Мобиком” хэрэглэгчийн нууц, бизнесийн нэр хүнд гээд хавьтуулаагүй. Хэвлэлийнхэн энэ явдалд жигтэйхэн дургүйлхэж хүүхэд барьцаалчихаад байхад “Мобиком” одоо юу вэ энэ тэр гээд шүүмжилж өгсөн. Тухайн үед манай сонин бизнесийн нэр хүнд, хэрэглэгчийнхээ нууцыг хамгаалах этик, ёс зүйнх нь төлөө “Мобиком”-ыг өмгөөлсөн нийтлэл гаргаж байв.

Хэзээний ч юм Ерөнхийлөгчийн сонгуулиар нэр дэвшигчийн доор ажилладаг нэг нөхөр хэдэн компанийн захирлыг дуудаж л дээ. Зорилго нь мэдээж мөнгө. Манай нэр дэвшигчийн сурталчилгаанд хөрөнгө мөнгө хэрэгтэй боллоо, мөнгө өг гэж. Хөлсөө шавхаж олсон мөнгөө дуун дээр нь май гээд өгөх хэн байхав. Мөнгө муутай, хэцүүхэн байна гэсэн шүү үг унагацгааж. Гэтэл өнөө шантаажлагч “Та нар битгий худлаа зал. Энэ юу юм” гээд компаниудынх нь дансны хуулгыг захирлуудын өмнө шидсэн гэвэл та итгэх үү.

Өндөр хүүтэй, их ашиг олдог, хэрэглэгчийнхээ мэдээллийг луйвраар нэгдсэн улстөрийн бүлэглэлд дуун дээр нь гаргаад өгчихдөг, дээр нь дээрэмчин луйварчин ийм банкууд хоорондоо өрсөлдлөө гээд эрүүл өрсөлдөөн үүсэх үү?

Золоор хүү эсэн мэнд гэртээ ирж, энэ шуугиан тэгсгээд намжсан л даа. Хүүхдээ барьцаалуулсан аавын “Мобиком”-оос сонссон хариу хатуугаас хатуу гэдэг нь үнэн. Хэрвээ хүү гэртээ эрүүл саруул ирээгүй бол “Мобиком”-ыг хүн бүр буруутгах байсан нь бүр үнэн.

Гэхдээ үүрэн холбоо, банк гэх мэт итгэлцэл дээр тогтдог бизнес өөрийн гэсэн хөдлөшгүй ёс зүйнхээ хүчинд оршин тогтнодог. Зах зээлийн нийгмийг сонгосон аль ч улсын ямар ч том компани хэрэглэгчийнхээ нууцыг дэлгээд эхэлбэл өрсөлдөөний шуурганд ор мөргүй хийснэ. “Мобиком” хэрэглэгчийнхээ мессэж, дуудлагын бичлэгийг хүссэн хүн бүрт дэлгээд эхэлбэл хэн тэдэнд итгэж, мөнгөө төлж үйлчлүүлнэ гэж. Арилжааны банкууд ч ялгаагүй, харилцагчийнхаа дансны хуулгыг хүссэн нэгэнд нь өгөөд эхэлбэл хэн тэднээр үйлчлүүлэхийг хүсэх юм. Ямар сайндаа л бизнесмэнүүд Хятадын банк орж ирээсэй, эд арай хэтэрч байгаа гэж арилжааны банкуудаа муулж суухав дээ. Лав л миний мэдэх ойр хүрээний танил бизнесмэнүүд Bank of China-г хоёр гараа өргөөд дэмждэг.

Тэдний нэгнийх нь их л дургүйлхэж ярьсан түүхийг уншигчдадаа дэлгэе. Хэзээний ч юм Ерөнхийлөгчийн сонгуулиар нэр дэвшигчийн доор ажилладаг нэг нөхөр хэдэн компанийн захирлыг дуудаж л дээ. Зорилго нь мэдээж мөнгө. Манай нэр дэвшигчийн сурталчилгаанд хөрөнгө мөнгө хэрэгтэй боллоо, мөнгө өг гэж. Хөлсөө шавхаж олсон мөнгөө дуун дээр нь май гээд өгөх хэн байхав. Мөнгө муутай, хэцүүхэн байна гэсэн шүү үг унагацгааж. Гэтэл өнөө шантаажлагч “Та нар битгий худлаа зал. Энэ юу юм” гээд компаниудынх нь дансны хуулгыг захирлуудын өмнө шидсэн гэвэл та итгэх үү. Хэн ч худлаа гэх байх. Харамсалтай нь энэ бодитой, үнэн түүх. Худлаа ярихааргүй эрхмийн амнаас сонссон юм. Захирлууд харилцдаг банкууддаа хандаж, яав ийв, манай компанийн дансны хуулга яагаад тэр хүний гарт орчихов энэ тэр болно биз дээ. Гэтэл банкууд “ҮАБЗ-өөс хүссэн учраас өгсөн” гэсэн тайлбар хэлж. Улстөрчид хүсвэл харилцагчдынх нь ямар ч мэдээллийг банкуудаас гаргуулж авч чаддагийн бодитой жишээ гэвэл энэ. Банкууд луйварчин улстөрчдийн бүлэглэлийн гар хөл болсон гэдгийн томоос том нотолгоо.

Тухайн үед компанийнхаа дансны хуулгыг нүүр өөдөө шидүүлэн байж байгаа хэдээсээ илүүчилсэн захирлуудын мөнгөний тал нь өнөө нэр дэвшигчийн сонгуулийн сурталчилгаанд, тал нь нэр дэвшигчийн хувьдаа бариулсан обьектод зарцуулагдсан гэдэг. Ийм байхад хэн банкинд итгэхэв дээ. Н.Алтанхуягийн хамаатнуудыг хомроглон баривчилсан саяхны дуулиан шуугианыг харахад ч банкуудад итгэж болохгүйн тод жишээ нүдэн дээр хөвөрч байна. Экс Ерөнхий сайдын эхнэрийн дансанд төчнөөн төгрөг ороод иржээ гэж хууль хүчнийхэн бүр тоо, баримттай нь ярих юм.

Арилжааны банкууд компаниудад өндөр хүүтэй зээл олгож, компаниуд нь хүүнээс хүү, зээлээс зээлийн хооронд арай ядан амиа аргацаан гэлдэрч яваа энэ үед банкуудад хаягласан бас нэг шүүмжлэл байна. Компаниудыг хүүгээр дарлаж өчнөөн ашиг хийдэг банкуудын бас нэг “но” нь бизнесийнхнийг ил цагаанаар, илтэд дээрэмддэг явдал. Ямар ч бизнес эрхлэгч мөнгө хүсэхийнхөө өмнө бизнес төлөвлөгөөгөө танилцуулж таарна. Төлөвлөгөөг нь сонссон банк санааг нь хулгайлж боломжийг нь шүүрсэн жишээ өчнөөнөөрөө дуулддаг. Наад зах нь харилцах гэж байсан гадны түнштэй нь холбогдоод “Бидэнд мөнгө бий, хамтрах уу” гэхэд хэн дургүйцнэ гэж. Мэдээж банк бизнес эрхэлж болохгүй. Гэхдээ өөрсдөдөө огт хамааралгүй компани байгуулаад санхүүжүүлээд явах боломж хуулиар нээлттэй. Бизнесээ дээрэмдүүлж хашрахдаа зарим нь бүр банк байгуулаад эхэлсэн. Тод жишээ нь “Эрэл банк”. “Эрэл” компанийн захирал Эрдэнэбатын байгуулсан банк гэдгийг улс даяараа мэднэ. Бизнесээ дээрэмдүүлэхгүй гэж банк байгуулсныг нь учир мэдэх улс хавтгайдаа андахгүй. За тэгээд барьцаанд тавьсан обьектыг нь хурааж авч барилгын бизнес эхлүүлэх бол энүүхний явдал болсон. Бизнесчин банкуудыг олоод ир гэвэл одоо ажиллаж буй банкууд бараг бүгдээрээ учраас хайх гэж цаг алдах шаардлага огт байхгүй.

Өндөр хүүтэй, их ашиг олдог, хэрэглэгчийнхээ мэдээллийг луйвраар нэгдсэн улс төрийн бүлэглэлд дуун дээр нь гаргаад өгчихдөг, дээр нь дээрэмчин луйварчин ийм банкууд хоорондоо өрсөлдлөө гээд эрүүл өрсөлдөөн үүсэх үү? Үгүй гэдэг нь хэнд ч тодорхой, илтэд ойлгомжтой зүйл. Тэгэхээр одоо ганц л зам байна. Дэлхий даяар мэддэг, олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн дүрмээр тоглодог гадны банкинд үүдээ нээх гарц л байна. Компаниуд нь жилийн хэдхэн хувийн хүүтэй зээл аваад бизнесээ өндийлгөөд, өргөжүүлээд эхэлбэл Монгол шиг жижигхэн эдийн засаг ядах юмгүй сэвхийгээд ирнэ.

Д.ЭНХБИЛИГ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *