Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал энтертаймент-ертөнц

Монголын балет гадаадад ч, дотооддоо ч хүчтэйгээ харуулсан DNN.mn

ӨДРИЙН СОНИНЫ АРХИВААС………………

Монгол Улсын гавьяат жүжигчин С.Отгоннямын ярилцлагыг хүргэе. Тэрбээр сар шинийн өмнөхөн энэхүү эрхэм хүндэт цолыг хүртсэн юм.


-Балетын бүжигчид дотор ихээхэн зөрчилтэй дүрийг бүтээдэг, драматичны бүжигчид гэж байдаг. Энэ талаасаа та ямар жанрын бүжигчин бэ?

-Би дандаа эсрэг дүрд тоглодог л доо. Эсрэг дүр хүний сэтгэлд их тод үлддэг юм. Э.Чойдог гуайн “Шарилжин дундах цэцэг” балетын Ёмбын дүрд би бүжиглэлээ. Энэ маань нэг бүсгүйд дурласан цэргийн дарга хоёр залуугийн дунд хов зөөдөг тийм дүр л дээ. Бүжиглэчихээд сүүлд гудамжинд явж байхдаа хэдэн залуу “тэр муу Ёмбо хов зөөсөөр байгаад салгачихлаа” гэх мэтээр яриад явж байхтай тааралдаж байсан. Тэр үед хүмүүс балет их үздэг байлаа шүү дээ. Энд тэнд явж байхад тоглосон дүрээр минь хүмүүс таниад байдаг юм. Нэг удаа гудамжинд явж байтал араас танихгүй хүн “Хөөе, Балгаан” гээд дуудаад байх юм. Эргээд харсан чинь “Чи чинь Балган билүү” гэж билээ. Ж.МэндАмар гуайн “Үйлийн гурван толгой” бүжгэн жүжгийн Балганы дүрээр минь таньсан юм билээ л дээ

-К.Караевын “Аянгын жимээр” гэж балет байдаг юм. Арьсны өнгөөр ялгаварлан гадуурхах үзлийн тухай өгүүлдэг жүжиг. 1982 онд би энэ балетын цагаан арьстны дүрд тоглосон. Энэ миний анхны том дүр. Тэр жилээ урлагийн байгууллагуудын шинэ жилийн баярт оролцох гээд Драмын театрын үүдэнд зогсч байтал П.Цэрэндагва гуай тааралдаад “Аянгын жимээр” балетад тоглодог залуу чи мөн үү” гэж байна. П.Цэрэндагва гэж гайхамшигтай жүжигчинтэй анх тэгж танилцаж байсан. Ер нь эсрэг дүр бүтээх нь эерэг дүр бүтээхээс нэлээн их ялгаатай шүү. Асар их юм уншиж судалж, боловсорч, өөрийгөө ихээхэн дайчилж байж эсрэг дүрийг бүтээдэг. Тэгэхээр дүр гэдэг агуу юм шүү.

Эерэг дүр бол харагдах талаасаа их сайхан харагдаад, юмаа сайхан хийчихэд л болчихдог. Гэхдээ тухайн дүрд тохирох тохирохгүй жүжигчин гэж байна л даа. Би бол эерэг дүрд тоглож чаддагг үй юм. 1990 онд манайх Х.Билигжаргалын “Бөртэ чоно” балетыг тавилаа. Жамьяндагва багш намайг дуудаад “Чи ерөөсөө Жамухад тогло. Жамуха чи яг мөн” гэж байна. Би ч тэгье ээ л гэлээ. Энэ балетыг анх тавиад цөө- хөөн удаа тоглогдсон. Харамсалтай нь дахиж тоглоогүй.

-Танай театрын урын санд байдаг ч тоглогдохоо болиод удаж байгаа нэлээн хэдэн балет байна л даа. Жишээ нь, “Спартак” гэж ритм, сүр жавхлан төгс маш гоё балетыг сэргээн тоглоосой гэсэн үзэгч нэлээн олон шүү. Одоо энэ жүжгийг сэргээн тоглох боломжтой юу?

-Харамсалтай нь тоглох бүрэлдэхүүн байхгүй учраас сэргээх боломжгүй. Наад зах нь жар, далан хүн тайзан дээр гарах хэрэгтэй болно. Нэг талаас гучин хүн, нөгөө талаас бас гучин хүн гарах ёстой болно. Гэтэл ийм олон бүжигчин манайд алга. Өнгөрсөн хугацаанд боловсон хүчний бодлого алдагдсан, чадалтай сайн бүжигчид гадаадад гарчихаж байгаа гэх мэт олон шалтгаанаар бүрэлдэхүүн цөөрөөд байгаа юм. Өнгөрсөн зун гэхэд л манайхаас таван бүжигчин гадаадад уригдаад явчихлаа. Хамгийн сүүлд оны өмнөхөн нэг хүн явлаа.

-Балетынхан одоо хэд үүлээ байгаа юм бэ. Одоо байгаа бүрэлдэхүүндээ тааруулаад сэргээн тавьж болохгүй гэж үү?

-Болохгүй л дээ. Ядаж л сүргүй болчихно. Одоо манай театрт ердөө гучаад бүжигчин байна. Заримдаа Хөгжим бүжгийн коллежийн хүүхдүү- дээс оролцуулсан тохиолдолд дөчөөд хүн тайзан дээр гарч байна. “Спартак”-ийг тоглож байх үедээ манайх дал гаруй хүнтэй байлаа. 1988 оныг хүртэл.

-Та ДБЭТ-ын урын сангийн бүх балетад бүжиглэсэн хүн. Энэ жүжгийн ямар дүрийг бүтээсэн бэ?

-Ромын цэргийн жанжин Крассын дүрд тоглосон. Бас л эсрэг дүр. Эзэнт гүрний цэргийн маш балмад, харгис хэрцгий жанжин л даа.

-ДБЭТ-ын урын санд өөр бас том асуудал анзаарагддаг. Хүүхдийн балет бараг байхгүй бол модерн балет огт байхгүй гэж болно. Г.Делибийн “Цэнхэр нүдэн бүсгүй”, дөнгөж саяхан сэргээн тоглосон Ж.Чулууны “Уран Хас” энэ хоёрыг эс тооцвол шүү дээ?

-Манай театрын хөгжмийн редактор А.Батдэлгэр “Улаан- Үдэд ажиллаж байхдаа “12 жил” нэртэй богино хэмжээний балет хийсэн юм. Түү- нийгээ ерэн хэдэн онд энд хэдэн удаа тоглуулсан. “Цэнхэр нүдэн бүсгүй” балет одоо тоглогдсоор байгаа. Харин модерн балетын орон зай хоосон байгаа нь үнэн.

-Ерэн оны эхээр “Сүйрлийн дараах амьдрал” нэртэй маш гоё модерн балет тавьсныг санаж байна. Гэхдээ олон тоглоогүй тэгсгээд алга болчихсон. Тэр юу болсон бэ?

-Тэр чинь Б.Жамьяндагва багшийн дэглэсэн, манай “Балет холл” театрын бүтээл л дээ. Багш ерэн нэгэн онд театраас тусдаа гараад “Балет холл” нэртэй балетын сургууль, театр байгуулсан юм. Намайг очих уу гэхэд нь би багшийгаа дагасан. Манай театрын дарга Б.Сэргэлэн бид хоёр тэнд нэлээн бүжиглэсэн дээ. “Балет холл” нэг хэсэг бүр хүчтэй болж, албан ёсоор балетын үндэсний театр болсон. Тэгээд тав зургаан жил болоод тарсан даа. -Саяхан хөгжмийн зохиолч УГЗ Баттөмөр хүүхдийн балет бичсэн, түүнийгээ хөдөөгийн театрт тавихаар боллоо гэж байсан. Тэндэхийн театр халаалт дулааны асуудалтай юм уу даа, цаг дулаарахаар тавина гээд хүлээгээд байгаа гэнэ. Танай театрт энэ олз биш гэж үү? -Байгаа бол аваад ир л дээ. Ерөнхийдөө балетыг балетместртэйгээ ярьж байж хийдэг юм.

-ДБЭТ хөгжмийн зохиолчидтой харьцдаггүй юм уу. Жишээ нь, менежмент хийж, бичсэн жүжигт нь ивээн тэтгэгч олох ч юм уу, балет захиалах гэх мэтээр?

-Б.Жамъяндагва багш бүх хөгжмийн зохиолчдод жүжиг захиалж байсан. Гэвч юу ч гараагүй.

-Тэгээд яагаад нэг нь ч бичээгүй юм бол. Чаддагг үй юм уу?

-Балет бичиж чаддаггүй л байхгүй юу. Ганцхан Х.Билигжаргал л “Бөртэ Чоно” -ыг бичсэн юм. Тэр ч бүү хэл Жамьяндагва багшийн яг хажууд нь сууж ярилцаж байгаад бичсэн балет. -Хэр жүжиг вэ? -”Бөртэ Чоно” гоё шүү дээ.

-Тоглохоо больчихсон бил үү?

-Тийм ээ. Одоо байхгүй. Бас л тоглох бүрэлдэхүүн байхгүйгээс. Ер нь балетын хөгжим их онцлогтой.

-Тэгэхээр Монголын хөгжмийн зохиолчид хө- дөлгөөнийг мэдэрч чадахг үй байна гэсэн үг үү?

-Мэдэхгүй юм даа. Магадг үй тийм л юм байлгүй. Ер нь энэ зовлонг Жамьяндагва багш маш сайн мэднэ. Багш “Үйлийн гурван толгой” балетыг бичүүлэх гэж олон ч хөгжмийн зохиолч авчраад чадааг үй юм. Сүүлд нь Ж.МэндАмар гуайг авчирч бичүүлсэн. Ж.Мэнд-Амар гуай энэ балетыг бичихдээ гурван том зохиол бичиж ирж байсан юм.

Тэр дундаас энэ зохиол нь шилэгдэж гарсан юм шүү. Би энэ жүжгийн Балганы дүрд хорин жил бүжиглэсэн. Орос, Унгар, Энэтхэг гэхчилэн тав, зургаан оронд очиж энэ балетыг тоглолоо.

-Та Монголын балетын урлагт хэдэн жил хөдөлм өрлөв .Энэ их урлагтай анх хэдэн настайдаа танилцсан бэ?

-Би арван настайдаа Ленинградын А.Вагановын нэрэмжит Балетын сургуульд явсан юм. Их олон жилийн түүхтэй сургууль даа. Энэ жил 270 жилийнх нь ой болж байгаа. Тэр жил манайд хоёр орос багш ирж Улаанбаатарын бүх дунд сургуулиудаар явж хүүхэд шалгаж авсан. Тухайн үед миний сонссоноор 1500 хүүхэд шалгуулсан гэж байсан юм. Тэгээд арван хүүхэд шалгарч тэнцээд Ленинград явж байлаа. Тэр чинь 1964 он юм. Тэнд найман жил сураад 1972 онд төгсч ирсэн. Ирээд П.И.Чайковскийн “Золушка” бүжгэн жүжгийн алиа салбадайн дүрд бүжиглэж анхны гараагаа эхэлсэн дээ. Энэ бол балетын эрэгтэй жүжигчний ур чадвар, боломжийг шалгасан хэцүү дүр. Биднийг Орост төгсч ирсэн даруйд Ж.Чулуун гуайн “Уран хас” балет анх тавигдсан юм. Түүнээс хойш би энэ театрт 36 жил ажиллаж байна даа.

-Одоо та тайзан дээр гарч байгаа юу?

-Одоо бүжиглэж байгаа. Гэхдээ олуул хэсэгт гарна шүү дээ. Юу гэж үсэрч харайхав.

-Далаас наяад оны сүүл хүртэл Монголын балетад хүчтэй залуус олон байсан. Олуулаа бас хүчтэй. Тэр дундаас гоцлол бүжиглэх эрх олж авна гэдэг амаргүй байсан биз?

-Тэр бол бараг боломжгүй зүйл. Би л хувьдаа арван жил нухлуулж байж гарч ирсэн. Одоо шинэ боловсон хүчнүүд тэр цагийнх шиг их өндөр шаардлагыг сайн хангаж чадахгүй л байгаа.

-Гадаадад бүжигчин бэлтгэхээ больсноос хойш ХБК энэ үүргийг гүйцэтгэж байна. Харин эднийх балетын бүжигчин олноор бэлтгэж гаргаж байгаа юу?

-Олноор бэлтгэж чадаж байгаа. Онцлог нь эднийхийг төгсч театрт ирээд юм сурч аваад гадагшаа гараад явчихаж байна. Миний хүү хүртэлХБК-ийг төгсч манай театрт ирээд Япон Улсад гэрээгээр ажиллахаар явсан. Японы “Асама Маки” гэж балетын нэр хүндтэй том компани бий. Дандаа гадаадаас чадалтай бүжигчдийг урьж ажиллуулдаг юм. Миний хүү тэнд гэрээтэй. Хааяа энд ирж бүжиглэчихээд явж байна. Сая шинэ жилээр ирж “Шелкунчик”-т бүжиглээд буцлаа. Хүүтэй цуг төгссөн гурван залуу бас л гадаадад бүжиглэж байна. Хорин тавхан насандаа гавьяат авсан Д.Алтанхуяг АНУ-д бүжиглэж байгаа. Үнэхээр бахархаж, баярламаар.

Ганцхан Монголын нэр л гарч байвал хаана бүжиглэх нь хамаа байж уу. Гадаадад тэд чинь зүгээр нэг олуул бүжигт гарахгүй байгаа шүү дээ. Заавал гоцлол бүжигт гарч байгаа. Тийм учраас хаана ч бай дандаа Монголын нэр гарч байна шүү дээ.

Энэ залуус Б.Жамьяндагва багшийн дэглэсэн балетад тоглоод асар их туршлага олж авч мэргэжил дээшлүүлээд дараа нь гадаадад гарч байгаа. Түүнээс биш зүгээр нэг дурын хүнийг гадаадаас ирээд аваад явахгүй шүү дээ. Энэ бүхэн Монголын балет гадаадад ч, дотоодод ч хүчтэй байгааг харуулж байна. Сая Японы бүжигчин манай театрт ирээд юм заалгаж гуравхан хоноод буцлаа. Монголын театрт ирж гуравхан хоног бэлтгэл хийхийн тулд бүх зардлаа өөрөө гаргаад ирж байгаа юм.

-Балетыг дал наяад оныхны та нарын дэг сургуулиар сургаж байгаа хувийн сургууль бий юу?

-Ч.Батгэрэл, Ц.Хонгорзул нар балетын сургууль ажиллуулж байгаа. Би “Мишээл балет школ” нэртэй балетын анхан шатны сургалтын төвийн албан ёсны эрхээ саяхнаас авлаа. Өөр хувийн балетын сургалт явагдахгүй байгаа.

Н.ПАГМА

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *