ОХУ-ын Красноярск хотноо болсон алдарт бөх Иван Ярыгиний нэрэмжит гранпри тэмцээнээс Монголын баг тамирчид гурван алт, гурван мөнгө, зургаан хүрэл медалийн ургацтайгаар ирж байна.
Эмэгтэйчүүдийн 62 кг-ийн жинд ОУХМ Х.Болортуяа ОХУ-ын Д.Бобрулько, Казахстаны А.Кассымова, БНХАУ-ын Б.Линлинийг ялж, ОУХМ Ө.Пүрэвсүрэн Казахстаны И.Кузнецова, БНХАУ-ын С.Шинян, ОХУ-ын А.Титенког ялж шигшээд шалгарсан. Алтан медалийн төлөөх барилдаанд “Аврагч” спорт хорооны тамирчин Х.Болортуяа энэ жилийн улсын аваргад ялагдсан хариугаа Красноярскт авч 5:5-аар ялж түрүүлсэн бол Баянхонгорын залуу бөх Ө.Пүрэвсүрэн үзүүрлэлээ. Мөн 50 кг-д Ц.Намуунцэцэг, 59 кг-д Б.Шоовдор нар алт, 53 кг-д Э.Сумьяа, 76 кг-д Монгол Улсын гавьяат тамирчин О.Бурмаа нар мөнгө, 53 кг-д Б.Болортуяа, Г.Отгонжаргал, 57 кг-д А.Батцэцэг, Б.Хонгорзул, 68 кг-д Монгол Улсын гавьяат тамирчин О.Насанбурмаа, 72 кг-д Э.Даваанасан нар хүрэл медалиар энгэрээ мялаасан байна.
Харин Монголын эрэгтэй баг тамирчид Иван Ярыгиний тэмцээнээс хараахан медаль хүртэж чадаагүй юм.