Categories
мэдээ нийгэм

Монголын Аутизмын холбоонд 470 аутизмтай хүн бүртгэлтэй байна

Монголын Аутизмын холбоо зурган илэрцүүдАутизм бол өвчин биш эмгэг юм.

НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 62/139-р тогтоолоор 2007 оноос хойш дөрөвдүгээр сарын 2-ны эл өдрийг Дэлхийн Аутизмыг таниулах өдөр болгон зарласан. Монгол Улсад ч мөн энэ өдрийн хүрээнд төрийн бус байгууллагууд олон ажлыг хийдэг.

Өчигдөр Монголын Аутизм Судлалын Хүрээлэн, Монголын Аутизмын Холбоо болон Хэрэглээний Сэтгэл Судлалын Хүрээлэн хамтран эцэг эх, багш нар болон оюутнуудад зориулан өдөрлөгхийсэн ажээ.

Өдөрлөгөөр аутизмтай хүүхдийг үнэлэх ажлын тайланг танилцуулахаас гадна аутизмтай хүүхэдтэй эцэг эхчүүдэд зориулсан “Аутизмтай хүүхэдтэй монгол эцэг эхчүүдийн түгээмэл асуултууд” нэртэй номыг үнэ төлбөргүй тараасан юм.

Одоогоор “Монголын Аутизмын Холбоо” ТББ-д нийт 470 аутизмтай хүн бүртгэлтэй байна. Харин “Монголын Аутизм Судлалын Хүрээлэн”-ээс гаргасан тайланд нэг жилийн хугацаанд нийт 109 хүн үнэлгээнд орохоор хандсанаас 78 хүн бүрэн болон сонгомол үнэлгээнүүдэд хамрагдсан байна. Үнэлгээнд хамрагдсанаар түвшингээ тодорхойлох, улмаар цаашид хэрхэн ажиллах арга барилаа мэдэж авахад том ахиц үзүүлдэг байна.

АНУ-аас дөрөвдүгээр сарыг Аутизмыг таниулах сар болгон зарласан байдаг бол манай улсад аутизмтай хүүхдүүдийн ээж аавууд энэ сард Аутизмыг Таниулах аянг зохион байгуулж, үүний дагуу кампанит ажлууд хийх гэж байна.

Таны хүүхэд хэлд орохгүй байх, хүнтэй харилцаанд орохоос зайлсхийх, дуу чимээ, үнэр зэрэгт хэт мэдрэг байх, олон нийтийн газар биеэ зөв авч явахгүй байх, хэвшмэл нэг үйлдэлтэй байх зэрэг шинж тэмдэг илэрч байвал мэргэжлийн эмчид хандах хэрэгтэй гэж мэргэжилтнүүд зөвлөж байна.

Олон нийтийн газар тавгүйтэж байгаа, уйлж хямарч байгаа, хэлсэн үгийг тань ойлгохгүй байгаа хүүхэд тааралдвал тэднийг элдвээр хэлэхээсээ өмнө цаадах шалтгааныг нь өнгийж үзэхийг хичээх нь таны хийж буй хамгийн эхний алхам хэмээн мэргэжилтнүүд зөвлөж байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *